Манай улсын нийт хүн амын 5 орчим хувь буюу 13 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 7 мянга гаруй нь сонсголын бэрхшээлтэй ажээ. Эдгээр иргэдэд нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ төдийлөн хүртээмжгүйн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн зүйл хэсгүүд хэрэгждэггүй. Учир нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хууль учраас хамаагүй хэмээн олонхи хардагтай холбоотой. Иймээс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Салхич шувуу" нийгмийн сэтгэлзүйг эерэгээр өөрчлөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрэгцээт мэдээллээр хангах төв өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй ажээ.
Түүнчлэн урлаг, спорт, нийгэм соёлын зүтгэлтнүүдтэй хамтран хэвлэл мэдээллээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг аяны хүрээнд залуучуудын үндэсний хэмжээний чуулган зохион байгуулахаар болжээ. Мөн Нэгдсэн III эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залууст ажлын байр бий болгохоор төлөвлөснөө тус төвийн тэргүүн Д.Бадамханд танилцууллаа. Тодруулбал, оёдлын цех ажиллуулж, гар урлал, үйлдвэр, үйлчилгээний салбарт залуусын хувь нэмрийг оруулах зэргээр тэднийг цалинд хүргэх олон ажлыг төлөвлөсөн байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй, тэдэнд зориулсан тусгай зам, гарц, лифт, бие засах газар, нийтийн тээвэр байдаггүй. Иймд тэдэнд ажлын байр, амьдрах таатай орчныг бий болгохыг зорьж байгаа аж. Ийнхүү "Салхич шувуу" төв Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг угтаж "Харах орчноосоо эхлэн хандлагаа өөрчилцгөөе" уриатай хоёр сарын аяныг өрнүүлж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )