Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор ирэх бямба гаригт “Цахим үнэмлэх” нээлттэй хаалганы өдрийг аймаг, нийслэлийн хэмжээнд тус тусын байрандаа зохион байгуулахаар болжээ.
Одоогоор 18 аймаг, нийслэлийн 4 дүүргийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дууссан тул маргааш буюу бямба гаригт зохион байгуулагдах Нээлттэй хаалганы өдөр оршин суугаа баг, хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг тус газраас уриалж байгаа юм. Цахим үнэмлэхээ авахдаа хуучин иргэний үнэмлэхээ авч очих бол хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо авах боломжтой.
Энэ өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж иргэдэд шинэ цахим үнэмлэх олгохоос гадна ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний, гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )