Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгын шийдвэрээр шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байхаар болсон. Мөн үүний дараа гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс барилгын зуурмагийн “томп” унаж, амь насыг нь хохироосон хэрэг гарч холбогдох байгууллагынхан хууль бус, зөвшөөрөлгүй 60 орчим барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Уг хэрэг болсны дараа барилга, замын осол гэмтэл, амь настай холбоотой хэд хэдэн хэрэг гарч албаныхныг цочроогоод байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах болов.
Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо 149-р цэцэрлэгийн хашааг ховхолж авч байгаад метр хүрэхгүй зайд 17 давхар орон сууцны барилга сүндэрлэж, 11-р сард ашиглалтад орох гэж байна. Уг барилгын ажил 2007 оны зун эхэлжээ. Тухайн үед барилгын захиалагчаар “Бэгдү” констракшн, гүйцэтгэгчээр “Экс Ди Эф” компани ажиллаж байсан ч өнгөрсөн хавраас эхлэн “Өндөр буянт” холдинг /энд дарна уу/ гүйцэтгэгчээр эрчимтэй ажиллаж байгаа аж. Стандарт ёсоор бол сургууль, цэцэрлэгээс 50 метр зайтай барилгын ажил хийх ёстой. Харин уг барилга 50 метр битгий хэл таван метр ч хүрэхгүй зайд баригджээ. Ингээд зогсоогүй энэ хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байсан кран цэцэрлэгийн дээвэр дээр унаж, мөн цэцэрлэгийн хүнсний агуулахын дээвэр дээр мод цөмрөн унаж, дулаан, цэвэр усны шугамыг төвтэй нь холбож цэцэрлэгийн шугам сүлжээн дээр барилгаа барьснаас болж газраар шугам сүлжээ рүү хүйт орж хөлдөж, түүнийг нь засах гэж орчны бүх халаалтыг хоёр өдөр хааж засварласан байна. Харин эдгээр эвдрэл гэмтлийг улсын төсөв, санхүүжилтээр засаж сэргээжээ. Нийт агуулах, дээвэр болоод шугамын ажлын мөнгөн дүн лавтай 40 орчим сая төгрөг болж байх юм. Цэцэрлэг хогоо улирал тутамд ачуулж нэг ачилтдаа 88 мянган төгрөг төлдөг юм байна. Үүнийг нь төрөөс төсөвлөхдөө жилдээ 200 гаруй мянган төгрөгөөр санхүүжүүлдэг. Гэтэл барилгын ажил эхэлснээс хойш сар болгон ачуулдаг болжээ.


Түүнчлэн, цэцэрлэгийн хашаанд хэдэн хором зогсоход үүгээр ЕБС-ийн сурагчид яг энэ цэцэрлэгийн хашаагаар дамжин барилгын хажуугаар явж харагдана. Хятад ажилчид үе үе гарч ирэн тамхи татангаа чанга чанга дуугаар хоорондоо ярина. Цэцэрлэгийн эрхлэгчийн хэлж буйгаар хятад ажилчид цэцэрлэгийн багш, ажилчдыг явахаар шүгэлдэж, орилдог гэлээ.

Барилга барьж байгаа бол иргэдийн аюулгүй байдлыг хангаж, барилгын хог хаягдал унахаас хамгаалж хаалт хийх учиртай. Ийм халхлах зүйл ч байсангүй. Өндөр барилгаас хог хаягдал уналаа гэхэд тэр нь эгц доошоо унахааргүй, цэцэрлэгийн хашааны төв хэсэг рүү унахаар харагдаж байв. Энэ барилгын ажлын явцад хуулийн дагуу зүйл ажиглагдахгүй байгаа юм.


Барилга эхлэх зөвшөөрлөө ч аваагүй байхдаа баригдаж эхэлсэн гэх энэ барилгын зөвшөөрлийг нөхөөд авчихсан байх хэмээн цэцэрлэгийн эрхлэгч хэлж байсан. Тэгээд барилга нь үргэлжлээд байгааг харахад энэ барилга хууль бус 60 орчим барилгад багтаагүй байгааг нотолж буй.
Ийм их аюул дагуулсан барилга яагаад өдийг хүртэл баригдах болсныг цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаагаас тодрууллаа.
-Барилгын ажил анх хэзээ эхэлсэн юм бэ?
-Уг барилгын захиалагч нь “Бэгдү” констракшн солонгос эзэнтэй, гүйцэтгэгчээр “Экс Ди Эф” гээд хятад компани байсан боловч өнгөрсөн жилээс “Өндөрбуянт” холдинг гүйцэтгэж байгаа юм билээ. Өмнөх хоёр компанийн хооронд маргаан үүссэнээс болсон уу гурван жил барилгын ажил зогсчихсон байсан юм.
Анх 2007 оны зун цэцэрлэгийн газар руу дайрч орж ирээд хашаагаа бариад эхэлсэн тухай манаач мэдэгдсэн. Би тухайн үед эмнэлэгт хэвтсэн байсан юм. Тэгээд шууд эмнэлгээсээ гарч ирээд Монгол талын менежертэй нь уулзсан. Тэгсэн “Санаа зоволтгүй. Манайд ажлын талбар байхгүй болохоор ингээд барьчихлаа. Гэхдээ цэцэрлэгийн газар дээр барихгүй. Эргээд бид сайхан хашаа бариад өгнө“ гэхэд нь “Энэ миний гэрийн юм биш. Төрийн мэдлийн газар шүү дээ. Ингэж болохгүй” гэдгээ мэдэгдсэн байгаа. Ингээд юу юугүй газраа ухаад эхэлмэгц холбогдох бүхий л газруудаар мэдэгдсэн. Тухайлбал, дүүргийн Мэргэжлийн хяналт, Боловсролын хэлтэс, Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын албанд хандсан. Ингээд Нийслэлийн газрын алба, Өмчийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт мэддэг гэхээр нь албан бичиг өгсөн боловч ямар ч шийдэлд хүрээгүй. Ёстой тоох ч үгүй юм билээ. Энэ нь газрын давхцлын тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа.


-Хууль бус барилга гэдэг нь баригдсан байршлаасаа л харагдаж байна?
-Хууль бусаар барахгүй давхцал үүссэн гэсэн Мэргэжлийн хяналт, Хот байгуулалтын газрын хамтарсан дүгнэлт гарсан шүү дээ. Цэцэрлэгийн хашаанаас бол өргөөшөө гурван метр, уртаараа 60 метрийг л эзэгнэчихээд байна. Уг нь улсын стандартаараа бол сургууль, цэцэрлэгээс 50 метрийн зайтай барилга баригдах ёстой байдаг. Үнэхээр л барилга барьж, ашиг олох гээд байгаа юм бол энэ бүгдийг хуулийн дагуу болгоод барих хэрэгтэй шүү дээ.
-Уг газар хаанаас олгогдсон байдаг юм бол?
-Тухайн үед Улаанбаатар хотын захирагч М.Энхболд захирамж гаргасан юм билээ. Гэтэл компани захирамжийнхаа хугацаанд барилгаа барьж чадаагүй тул дараагийн дарга Ц.Батбаяр ахин захирамж гаргасан юм билээ. Миний бие энэ тухай их судалж байна даа. Компани манай улаан шугамаас давж орж ирсэн зураг байдаг байхгүй юу. Би дөнгөж газраа ухаж эхэлж байхад энэ тухай хөөцөлдөж эхэлсэн. Одоо таван жил болсон байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд хүмүүжихэд заналхийлсэн гэж хэлж болно доо.
-Энэ хэсгээр сургуулийн хүүхдүүд их явах юм?
-Тиймээ. 45-р сургууль урдхан байдаг. Тэгээд л яг энүүгээр явдаг даа. Тоглоомын талбайд арматурын төмөр уначихсан байсан шүү дээ. Тэр нь хэний дээрээс ч унах билээ. Ёстой аймаар.

-Хүүхдүүд гадаа гарч тоглох боломжгүй юм байна?
-Уг нь хүүхдүүдээ өдөрт доод тал 15 минут салхилуулах ёстой байдаг. Бид нэг минут ч гаргахгүй хуучны шавар байшинд чийгийг нь үнэрлүүлээд байхаас өөр аргагүй болсон. Энэ барилга баригдсан талд дөрвөн цонх бий. Үндсэндээ энэ баруун талаас нар тусахгүй болсон. Тоосжилт ихтэй байдаг. Дээрээс барилгын хог, хаягдал унана. Өдөр хүүхдүүд унтдаг. Дуу чимээ ч их.
-Цэцэрлэгт хэдэн хүүхэд хүмүүжиж байна?
-Уг нь 100 хүүхэд байх ёстой. Одоогоор 179 хүүхэд байна даа.
-Цэцэрлэг хэдэн онд баригдаж байсан юм бэ. Нилээд хуучирсан байна?
-Манай цэцэрлэг 1956 оны барилга. Ийм хуучирсан барилга дээр барилгын кран тэгнэж унасан шүү дээ. Шинэ барилга бариад өгөөч гээд дөрвөн жил хөөцөлдсөн. Элэгдэл хорогдол, хуурчирсныг нь тооцоод цэцэрлэгийн барилгын үнэлгээ 120 саяын үнэлгээтэй байгаа. Тэгэхээр үнэлгээгүй болтол нь байх болж байгаа гэсэн үг л дээ. Хэзээ нураад ирэх юм бол эсвэл намайг нураачихлаа гэх юм уу мэдэхгүй. Бид уг нь шинэ цэцэрлэг бариулах хөрөнгийн асуудлыг шийдээд байгаа л даа. Гэтэл өмчийн харилцааны газар үнэлгээ нь дуусаагүй нураалгахгүй гэдэг. Хуулийн дагуу болохоор болохгүй юм билээ. Гэхдээ ирэх жил өргөтгөл бариулна.
-Барилга хэзээ ашиглалтад орох талаар мэдсэн үү? Барилгын ажил дууслаа ч айлууд орохоор ямар нэг аюул нүүрлэхгүй гэх баталгаа алга?
-11-р сард ашиглалтад орно гэсэн. Нэг нь тамхиа татаад хаялаа. Гал ч гарахыг үгүйсгэхүй шүү дээ.
-Эцэг, эхчүүд, цэцэрлэгийн зүгээс юу хүсч байна вэ?
-Мэдээж хэрэг энэ том барилгыг нураана гэж байхгүй л байлгүй. Ямар ч байсан хохиролоо нөхөн төлүүлнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )