23 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн Ж.Нэргүйг шүүх хурлыг дөрвөн удаа хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Хоёр охин төрүүлж хүний зэрэгт хүргэн бага охиноо 23 насны босго давуулаад харамсалтайгаар бусдын гарт алуулсан иргэн Б.Молотов эхнэрийн хамт сэтгүүлчдэд хандлаа.  2011 оны зургадугаар сард Ж.Нэргүй онц ноцтойгоор танхайрч иргэн М.Энхжаргалыг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайнд хийн жорлонд нуусан жигшүүрт хэрэг гарсан байна. Түүний эцэг, эх охиноо хайж 9 хоногийн дараа хэрэгтнийг өөсрдөө мөшгөн, цагдаа нартай хамтран хэргийг илрүүлжээ.

Ж.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн 91.2.2-д заасан хэргийн шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн дөрвөн удаа хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Ингэхдээ “Улсын яллагч прокурор С.Алимаа амралтаа авсан. Оронд нь томилогдсон прокурор Мөнхчулуун ажилтай гэсэн үндэслэлээр дээрх шүүх хурлыг хоёр ч удаа хойшлуулжээ. Мөн дараагийн хурлууд нь шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбат, Г.Тунгалаг нар шүүх хуралд ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Жил гаруй хугацаанд анхны шүүх хурлаа ч хийж чадаагүй хохирогчийн ар гэрийнхэнд С.Алимаа прокурор “Би амрах эрхтэй хүн. Та нар яваад заргалдаарай. Юу ч олж долоохгүй” гэх мэтээр хатуурхан, түүний өмгөөлөгч нарыг басамжлан, элдвээр хэлэх болжэ.

“Шүүгдэгч Ж.Нэргүйгийн төрсөн ах Ж.Наранбаяр нь Дорнод аймгийн шүүхийн шүүгч юм байна. Мөн түүний авга УИХ-ын гишүүн асан Р.Буд гэнэ. Тэд шүүх, прокурорынхонд нөлөөлөөд байгаа” гэж талийгаачийн аав, хохирогч Б.Молотов үзэж байна. Шүүхийнхны ажлын хариуцлага дунд шатандаа алдагдсаныг энэ хэргийн жишээнээс харж болохоор байна.

Хэрэгтэн Ж.Нэргүй нь талийгаачийг зодож, биед нь их хэмжээний гэмтэл учруулж, хоолойг нь боож амийг нь хөнөөснийг эмнэлгийн магадлагаагаар тогтоосон байна. Мөн тэрээр хохирогчийг дээрэмдэн гар утсыг нь эхнэрийнхээ дүүд 20 мянган төгрөгөөр зарсан байжээ.

“Шуудайд түүний цогцсыг хийгээд жорлонд нуухаар чирч явахад тэр эмэгтэй дуугарах шиг болсон. Жорлонд хийтэл шуудайтай цогцос далд орохгүй байсан тул дээрээс нь хашаандаа байсан үртэс асгаж далдалсан” хэмээн эрээ цээргүй ярьж байгаа энэ гэмт, нүгэлт хэрэгтнийг өнөөдрийг хүртэл шүүлгүй хаацайлж байгаа шүүх, прокуроруудыг зүгээр хараад суух уу. “Иргэдтэйгээ амь нэг байна” гэж уриалдаг, шүүх засаглалд шинэчлэл хийнэ хэмээн сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амлалтаа биелүүлэх цаг болжээ гэж хохирогчийн ар гэрийнхэн гомдоллож явна. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай жишээ энэ хэргээс харагдаж байна. Иргэд шүүхийн хаалга татаад хохирсон дээрээ хохирч, дарамтлуулж яваагаа илэрхийлсэн.

Анхан шатны шүүх хурлаа өнөөдрийг хүртэл хийгээгүй ялих шалихгүй шалтгаар 4 удаа хойшилсон эл хэргийг энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүхээр товлосон байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.31) 2025 оны 03 сарын 13

Прокурор амарлаач өөр хүн томилоод хэргийг нь шийдэж болно биз дээ онц иоцтойгоор хүн алаад ял завших санаатай бол ардчилсан намын нэр хүнд унах байхдаа

1  |  0
Top