Өчигдөр "BLUE SKY tower”-т “ТV8” телевизийн сэтгүүлчийг солонгосчууд зодож, эрхийг нь зөрчсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл тус үйл явдлын талаар өнөөдөр “ТV8” телевизийн сэтгүүлч Минжин, Болортуяа, зураглаач Ганболд нар мэдээлэл хийлээ. Тэд болсон үйл явдлын талаар ярихын зэрэгцээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар “BLUE SKY tower”-т үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байр луу нэвтрүүлсэн. “ТV8” телевизийн сэтгүүлч Минжин гар утсаараа бичлэг хийсэн гэж Солонгос болон монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч, бүлэглэн зодсон. Түүгээр ч барахгүй өрөөндөө саатуулж, боож газарт унагаан биенд нь нэгжлэг хийжээ. Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжлон инээлдэн тохуурхсан байна.
Тиймээс “ТV8” телевизийн хамт олон МСНЭ-тэй хамтран Хууль зүйн яам, хууль хяналтын байгууллагуудаас Монголд хэчнээн хэмжээний хятад, солонгос иргэд амьдардаг, тэдний хэд нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа талаар мэдээлэл авахыг хүслээ. Мөн сэтгүүлчийн эрх, Монгол хүний үнэ цэнэ хаана байгаа талаар тайлбар авахыг хүссэн юм.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )