Ц.Адъяасүрэн: Озон задалдаг бодисын импортыг хязгаарлах квотыг тогтоодог болсон

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

Хүн төрөлхтний хөгжил, технологийн дэвшлийн үр дагавар озоны давхаргад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Эрдэмтэд хлортфторт нүүрстөрөгч хий буюу хөргөлтийн хий агаарт алдагдсанаас болж озоны молекулыг /Оз/ задлан озоны давхарга дахь озоны хэмжээ багасаж байгааг 1970-аад оны үеэс судлан тогтоосон байна. Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхагласан түүхтэй. Энэхүү түүхт өдөртэй холбогдуулан Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөрт зориулан БОНХЯ-ны Озоны үндэсний албанаас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлыг өнөөдөр  хийлээ. Энэхүү хуралд НҮБ-ын БОХ-ийн Озоны давхаргыг хамгаалах конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын ахлах ажилтан Мэгүми Накамура, БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Озоны үндэсний албаны захирал др, проф Ц.Адъяасүрэн, Төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, Монголын хөргөлтийн инженер техникчдийн холбооны ерөнхийлөгч Л.Даваасүрэн нар оролцлоо.

Энэ жилийн хувьд уг өдрийг “Ирээдүй хойч үеийнхээ төлөө эх дэлхийнхээ агаар мандлаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Монреалийн протокол батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж. Түүнчлэн хэвлэлийн хурлаар Озоны давхаргаа хамгаалахад хүн бүрийн оруулах хувь нэмэр чухал гэдгийг онцоллоо. Тухайлбал: Хүн бүхний эрүүл мэндийг хамгаалах “хуяг” болох озоны давхаргыг хамгаалахын тулд озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, эйр кондишн, хөргөх лангуу зэрэг хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд анхаарах цаг болоод байна хэмээсэн юм. Түүнчлэн CFC болон HCFC агуулсан хуучин хөргөгч, хөргөлтийн бусад тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирэхгүй байх талаар хариуцлагатай хандах хэрэгтэйг санууллаа.

Хурлын үеэр БОНХЯ-ны Озоны үндэсний албаны захирал др, проф Ц.Адъяасүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Озоны давхаргыг хамгаалах, нөхөх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай улс НҮБ-ын БОХ-ийн Озоны давхаргыг хамгаалах конвенцид нэгдэн орсон. 1996 оноос Монгол улс озон задалдаг бодисыг бууруулах, хамгаалахын тулд тодохрхой үе шаттай арга хэмжээнүүдийг  авч байгаа. Эхний ээлжинд озоны давхаргыг хамгаалах Монгол улсын үндэсний хөтөлбөрийг боловсруулж Олон улсын байгууллагаар дэмжүүлж, засгийн газраар батлуулж ажилласан. 1999 онд Засгийн газрын 129-р тогтоолоор Үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Үүний дараагаар үндэсний хууль, тогтоомжид озоны давхаргыг хамгаалахад тусгаж оруулсан байгаа. Тухайлбал, агаарын тухай хуулийг гурван удаа шинэчлэн найруулга хийгдсэн. Мөн энэ оны зургадугаар сард хамгийн сүүлийн шинэчилсэн найруулагад озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хязгаарлах аргыг тусгаж оруулсан байгаа.

-Хэрэгжүүлэх  тал дээр ямар арга хэмжээг авч ажиллах вэ?

-Озон задалдаг бодисын импортыг хязгаарлах квотыг тогтоодог болсон. Ингэснээр байгаль орчин аялал жуучлалын яамнаас жил тутам озон задалдаг бодисыг хэдий хэмжээтэйгээр хил гаалиар оруулж ирэх вэ гэдгийг кивотыг тогтоож байгаа.

-Бодит ажлууд нь хэр үр дүнтэй байна. Жишээлбэл, хөргөлтийн төхөөрөмж гэж байгаа үүнээсээ алийг нь хэрэглэж болох, болохгүй гэж хориглосон  бэ?

-Энэ асуулт чухал асуудал. Бодит ажил амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ озон задалдаг бодис бүхий хөргөлтийнн төхөөрөмжүүдийг хязгаарласан. Ийм бодистой хөргөлтийн системийг жил тутам цөөн тоогоор оруулж ирж байгаа. Ингээд үндсэндээ 2020 он гэхэд озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж гаалиар орж ирэхгүй болно. Ер нь энэ төхөөрөмжүүд болоод бодисыг жил тутам бууруулах талаар зөвшөөрлийн тоголцоо бүрдсэн. Энэхүү  зөвшөөрлийг Байгаль орчны ногоон хөгжлийн яамны Озоны үндэсний алба өгдөг.

-Энэхүү зөвшөөрлийн хяналтыг хаанаас хийдэг вэ?

- Монгол улсын Гаалийн  газар хянадаг.  Гаалийн ажилчид үүнийг маш сайн хянаж байгаа. 1999 оноос энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үндсэндээ Монгол улсын хэмжээнд 13 жил явуулж байна. Тиймээс бүхэл бүтэн тогтолцоо бол бий болчихсон.

-Тэгэхээр озоны давхарга нэлээн том цоорчихсон байгаа гээд байна. Үүнийг нөхөх боломжтой юу?

-Хэрэв бид хэрэглээгээ зогсоож чадвал 2065 онд нөхөгдөнө. Энэхүү хэрэглээг зогсоож чадахгүй бол энэ үйл ажиллагаа бол ухарч магадгүй. Иймээс 50 жилийн дотор озоны давхаргыг нөхөхийн төлөө дэлхийн нийтээрээ ажиллаж байна.

-Машины утаа хэр нөлөөлдэг вэ?

-Машин эйр кондишн гэж байдаг шүү дээ сэрүүцүүлдэг. Энэ нь нөлөөлдөг тэр дотор байдаг хөргөдөг бодис их нөлөөлж байгаа юм.

-Уг бодис нь ямар нэртэй байдаг юм бэ?

-Машиныхаа кафудыг сөхөөд үзэхэд 134 А гэдэг бодис бичилттэй байдаг. Энэ бодис нь озоны давхаргад нөлөөгүй дэлхийн дулааралд нөлөөлтэй бодис 2030 он гэхэд өөрөөр бодисоор солино. Үүнийг солих ажиллагаа эхэлчихсэн явж байгаа.

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top