Намрын дохио

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Намар болоо л

Навчис шарлаад л... энэ уйтгартай эхлэл. Цаг цагийн аяс хөврөн хөвөрсөөр цахилан цахилан одох юм. Нэг мэдэхэд хавар болоод, саяхан зун болж өнгөрөөд намар авхай навчсаа гөвөх юм. Намар...айл саахалтууд нүүгээд, амраг хосууд холдоод нэг л хөнгөн гунигтай цагийн аяс.

Нар эгц дээрээс ээхэд навчис хөл юүгээр хөглөрнө. Хаа газраас хэн нэгнийг ирэхийг хүлээгээд ч байгаа юм шиг сэтгэл хоосроод, нулимс аньсага дүүргэнэ. Өглөө гэрээс гарах бүрт намрын өнгө тодрон тодрон, үдэш буцан ирхэд гэрийн гаднах модны навчис дуусан дундрах нь илт.

Хөдөөгийн айлууд хадлан тэжэлээ базаачихсан. Хүүхэд багачуулаа сургууль юунд нь үдчихсэн. Хааяа нэг утаа суунагласан сувд шиг цагаан гэрүүд амар жимэр. Харин хот газар бол тэс өөр. Хөнгөн тэрэгнүүд хөлхөлдөөд, хүүхэд залуус бужигнаад эрдэм номын газрууд эрээн формтой сурагчдаар дүүрэн. Ирээдүйн эхлэл ирсэн мэт.

Хүн бүхэн нэгийг хүлээх бус өөр нэгийг эхлүүлэхийг намрын дохио гэмээр. Хүйтэн бороо хаа нэг орж халуун нартай өдрүүд өрнөнө. Дулаан наран ээсэн дулаахан намар үргэлжилсээр.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top