Сүхбаатарын талбайд Номын баяр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын номтой нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон.
Энэхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгууллаа.
Номын баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх ухааны академи, “Олуулаа” клуб, “Номын соёл ертөнц” ТББ, Монголын лектор төв, Монголын хүний нөөцийн академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын хороо, МЗХ, Монгол Масс Медиа групп, “Мажистик” номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, МҮОНТ зэрэг байгууллагууд энэ удаагийн баярт оролцсон юм.
Номын баярын үеэр шинэ, хуучин, ховор номын худалдаа, номын хандив, ном солилцоо, зохиолын гарын үсэгтэй номын худалдаа зэрэг олон үйл ажиллагаа зохиогдов.
Энэ үеэр Нийслэлийн болон орон нутгийн тэргүүний уншигчдыг Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдгээр “105-р сургууль”-ийн 5д ангийн сурагч Т.Эмүжин, 25-р тусгай сургуулийн 8-р ангийн сурагч С.Гансүх, “Ирээдүй” цогцолбор сургуулийн 10и ангийн сурагч С.Бүрэнжин, 33-р сургуулийн 10а ангийн сурагч Т.Бадрал, 45-р сургуулийн 11а ангийн Х.Цогт-Билгүүн, 67-р сургуулийн 11а н.Эмүжин, Баянхонгор аймгийн “Номун-Далай” цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Д.Тогоохүү, 8г ангийн М.Хубилай, Баянхонгор аймгийн “Эрдэнэ мандал” сургуулийн 10а ангийн сургуулийн Б.Ширэндэв, Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 9ж ангийн сурагч Х. Амартүвшин, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 7в ангийн сурагч Л.Сугар, Булган аймгийн 1-р арван жилийн 4а ангийн сурагч Б.Уранбилэг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын дунд сургуулийн 8б ангийн сурагч Э.Болормаа нарыг “Номын сайн” тэмдгээр шагналаа.
Ингээд та бүхэндээ “Номын сайн” тэмдгээр шагнуулсан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.
Баянхонгор аймгийн “Номун-Далай” цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч Д.Тогоохүү
“Би зургаан настайгаасаа уншиж, бичиж сурсан. Надад хамгийн их тусалцаа үзүүлж ном уншихад тусладаг ээждээ их баярлалаа. Чимгээ багшийн зохион байгууллагддаг “Ном эрдэм баяр”-ын арга хэмжээнд маш олон жил амжилттай оролцож энэ баярт ирсэн. Энэ арга хэмжээг зохион байгуулсанаар манай аймгийн хүүхдүүд ном унших дуртай болсонд би баяртай байгаа. Одоогоор 2500 орчим ном уншаад байгаа би номноос маш олон зүйлийг ухаарч авсан. Хүүхдүүд маань ном их уншаарай бидэнд ямар нэгэн асуудал, саад бэрхшээл гарахад номтой нөхөрлөснөөрөө ухаалгаар шийдэх чадах байх гэдэгт би итгэлтэй байна”.
Баянхонгор аймгийн “Эрдэнэ мандал” сургуулийн 10а ангийн сургуулийн Б.Ширэндэв
“Би 2000 гаруй ном уншсан. Хамгийн наад захын жишээг хэлэхэд бага ангиасаа ном уншихад алдаагүй бичиж сурсан. Ном уншсанаар хүний оюун ухааны ургуулан бодох чадвар маш сайн хөгждөг”.
Баянхонгор аймгийн “Эрдэнэ мандал” сургуулийн 8г ангийн М.Хубилай
“Би зургаан настайгаасаа ном уншиж эхэлсэн. Одоо би 14 настай номноос их зүйлийг ухаардаг. Ном эрдэм аяныг зохион явуулдаг Чимгээ багшдаа баярлалаа”.
Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 0 )