Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, сэргийлэх чуулган болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

 

“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчлан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн дор Монгол Улсад анх удаа Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулган Төрийн ордны их танхимд болж байна. 

Азийн бүс нутагт 2011 онд тохиолдсон Японы Тохокугийн  газар хөдлөлт, Хятадын Юннань мужид болсон газар хөдлөлтийн улмаас олон арван хүний амь эрсдэж, эд материалын  асар их хохирол учирсан нь дэлхий нийтийн болон азийн бүс нутгийн ард түмний ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болж байв.

Тэгвэл байгалийн энэхүү гамшгаас урьдчилан сэргийлэх зайлшгүй үүднээс эрсдлийг бууруулах зорилгоор 27 орны 120 гаруй төлөөлөгч өнөөдөр Монгол Улсад зохион байгуулагдаж буй чуулганд оролцон гамшгийн үед авран хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хүн амыг бэлтгэж сургах, олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зөвөлгөөг авах, тэргүүний арга, технологийг боловсруулах гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор хуралдаж байна.

Чуулганы үеэр ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраас тодруулга авлаа.


- Чуулганы талаар юу өмнө ярилцах нь зүйтэй байх?

- Азийн улсуудад сүүлийн үед газар хөдлөлтийн гамшиг ихээхэн гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор  Монголын улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гарган  ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Азийн Сейсмологийн холбооны есдүгээр их чуулганыг Шинжлэх ухааны академи, ОБЕГ Монголд анх удаа зохион байгуулж байна. Чуулганаар Азийн улс орнуудад газар хөдөлтийн гамшгаас сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулах, дэлхий нийтийн хандлага, эрсдлийг бууруулах ямар чиг хандлага байгаа, шинэ технологийн талаарх мэдээлэл сонсох үндсэн зорилготой чуулганыг зохион байгуулж байна. Газар хөдлөлийн чиглэлээр мэргэшсэн  27 орны 120 орчим төлөөлөгч оролцож байгаа.  

- Азийн орнуудаас аль улсад хамгийн их газар хөдөлдөг вэ? Манай улс газар хөдлөлтийн түвшнөөрөө аль төвшинд бичигддэг вэ?

- Сүүлийн үед  Хятадад маш их газар хөдөлж байгаа.  Манай улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэлтэй суурьшлын бүсэд хамааралтай. Газар хагарлын дөрвөн цэг Улаанбатарын орчимд бий. Үүнд бид анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

- Манай ОБЕГ-ын албан хаагчид газар хөдлөлийн чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлсэн үү?

- Нуулгүй хэлэхэд газар хөдлөлийн чиглэлийн мэргжлийн боловсон хүчин ОБЕГ төдийгүй Монгол улсын хэмжээнд дутагдалтай байдаг. Одон орон геофизик судлалын хүрээлэнд үндсэн мэргэжилтнүүд маань байдаг. Тиймээс үнд төр засгийн хэмжээнд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байна.  

Дэлхийн цаг уурын дулаарал, экологийн эрчимтэй өөрчлөлт, хүн амын өсөлт, техник технологийн хөгжлийн сөрөг нөлөөгөөр манай дэлхий байгалийн гамшигт улам бүр өртөмтгий болж буй нь хүн төрөлхтний соёл иргэншлийн цаашдын оршин тогтнох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, дэвшил, үндэстнүүдийн аюулгүй байдалд ноцтой бэрхшээл учруулж байгаа өнөө үед энэхүү чуулганыг зохион байгуулсан нь цагаа олсон хэрэг ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top