Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд цэргийн албан хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор байгууллагын мэдлийн албан тушаалын орон сууцнуудыг барихаар шийдвэрлэсэн юм.
Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн байрлалд сүндэрлэн боссон 50 айлын орон сууцны түлхүүрийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц нар цэргийн алба хаагчдад гардуулан өглөө. Энэ байранд БХЯ, ЗХЖШ, БХИС, Нийслэлийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 013, 189, 084, 124 зэрэг Улаанбаатар Цэргийн хүрээний зарим анги, байгууллагын 50 офицер, ахлагч оров. Энэхүү 50 айлын орон сууц нь албан тушаалын зориулалтаар ашиглагдах бөгөөд хувьчлагдахгүй, цэргийн албан хаагчид зөвхөн алба хаах хугацаандаа амьдрах зориулалттай ажээ.
Монгол Улсын Засгийн газар болон БХЯ-наас сүүлийн жилүүдэд Батлан хамгаалах салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн олон бодитой ажлыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт албан тушаалын 126 айлын орон сууц ашиглалтанд оруулж, мөн 48 айлын орон сууц барьж хөнгөлөлттэй үнээр хувьчилжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт БХЯ-ны ажилтан албан хаагчдын “Хандгайт” зуслангийн хотхоныг барьж, Зэвсэгт хүчний генерал цолтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хандгайт хотхон”-д хувийн эзэмшлийн 6 хаус барьж газрын
хамт бэлэглэн, энэ жил 22 генералд ийм эрхийн батламж гардуулсан юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 285 квотод Батлан хамгаалах салбарын ажилтан, алба хаагчдыг хамруулан орон сууцжуулаад байгаа аж.
Цаашид БХЯ-ны зүгээс барилга архитектурын өвөрмөц дизайн шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй “Энхийн төлөө цогцолбор” төвийн нээлтийг хийх, Монгол цэргийн музейн байрлалд баригдаж буй 300 айлын, албан тушаалын орон сууц, Цэргийн төв эмнэлгийн цогцолбор, “Тэмүүжин өрлөг” цэргийн бүрэн дунд сургуулийн цогцолбор зэрэг томоохон барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ талаар БХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )