Дуучин С.Жавхлан “Эх орончдын хөдөлгөөн” байгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

 

Нутгийг минь арилжихыг би тэвчихгүй

 Нуурыг  минь ширгээхийг би тэвчихгүй

 Өнөөдөр дуучин С.Жавхлан “Хит рекордс” студийн захирал н.Төгс-Эрдэнэ,  “Эх Оронч хөдөлгөөн”-ий идэвхтэй гишүүн н. Баасанхүү,  зохиолч, яруу найрагч  тал бичээч Д.Жаргалсайхан, “Ариун судар” компанийн захирал н.Сандаг, тус хөдөлгөөний идэвхтэй гишүүн н.Нямсүрэн  нарын хамт “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр энэ хурлаараа “Эх орончдын хөдөлгөөн” байгуулагдаж өөрөө тэргүүнээр нь ажиллах болсноо албан ёсоор зарласан юм.

Гавьяат маань  хөдөлгөөн байгуулах болсон шалтгаанаа “ Өнөөгийн залуусаас "Та хэнд хайртай вэ гэж асуухаар  би гэр бүлдээ, аавдаа, ээждээ, хүүхэддээ хайртай" гэдэг. Аливаа хүн  хайртай эхнэр, хайртай залуу, хайртай хүүгээ хамгаалдаг шиг эх орноо хайрлах хэрэгтэй. Эх орноо хайрлаж чадвал хайртай бүхнээ хайрлаж байна гэсэн үг. Яагаад гэвэл эх оронд бүх зүйл багтдаг. Намайг сонгуулиас өмнө бүхий л зүйл дээр  харддаг байсан. Сонгууль дууссан тул хардалт үгүй боллоо. Би ямар нэг ашиг хонжоонд , ямар нэгэн улс төрд , эрх мэдэлд шунасандаа хөдөлгөөн байгуулсангүй. Хүнд таалагдахын тулд биш “Хайртай” гэж хэлж чадсан эх орноо  хамгаалахыг хүссэн юм  гэлээ.   

Гурвантэс суманд аюулын харанга дэлджээ

 "Эх орончдын хөдөлгөөн"-ийхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ахуй байдалтай танилцаад иржээ. Тэд "Гурвантэс сум  Монгол улсын хамгийн том сум бөгөөд  газар нутгийн хэмжээгээрээ  Сэлэнгэ аймагтай тэнцэхүйц  840 км нутаг дэвсгэртэй. Уул уурхайгаас ашиг олж байна, нөхөн сэргээлт хийгдэж байна  гэж яригддаг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Өнөөдрийн байдлаар энэ сумын  70 гаруй хувь нь хайгуул ашиглалт олборлолтын 66 лицензэнд орсон үлдсэн 30 хувь нь улсын тусгай хамгаалалтанд байдаг.  Тус суманд 16 томоохон компани олборлолт хийж байгаа бөгөөд голлон ажиллаж буй гурван том уурхайн 120-140 тонны даацтай 1500 орчим машин тус нутгийн баялгийг өдөр шөнөгүй Хятад руу зөөж байна. Хүнд даацын машинуудын тоосжилт иргэдийн эрүүл мэндэд асар муу нөлөө  үзүүлж байгаа. Тус суманд амьдарч байгаа 1350 өрх, 6000 гаруй хүн ам, 130,000 гаруй мянган толгой мал бэлчих бэлчээргүй, малчид нь   газар нутаггүй болчихоод байна. Гурван том уурхай энд 10 гаруй жил ашиглалт явуулсанаас  өнгөрсөн жилд “МАК” 6 сая тонн нүүрс Хятад руу гаргажээ. Багануурын уурхай жилд 3 сая нүүрс олборлодог.Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зөвхөн нэг компани Багануурын уурхайгаас даруй нэг дахин илүү нүүрс олборложээ. Газар нутгаа гэсэн малчдын үгийг үл тоохоор барахгүй зарим компанийн хүмүүс  “Гурвантэс сум 5 жилийн дараа огт усгүй болно. Тэгэхээр одооноос малаа зараад манай компанид ажилд ор” гэж хэлэх нь бий гэнэ. Уурхайн ухсан цооногт нэг айлын хоёр хүүхэд унаж үхсэнээс гадна тэмээ мал цооногт унаж үхэх нь ч  элбэгшсэн аж. Тус сумын төрөх насны эмэгтэйчүүд дутуу төрөлт ихтэйн дээр, уушигны өвчтэй, бүтэлттэй хүүхэд төрөх нь түгээмэл гарах болжээ. Хонь  малаа төхөөрөх үед малын дотор эрхтэнүүдийн өнгө өөрчлөгдсөн тохиолдол цөөнгүй байгаа аж.Нутгийн иргэнийг цайны газар байгуулъя гээд 5 жил хөөцөлдөхөд газар олгоогүй мөртөө  хятад хүмүүст үйлчилгээний төв байгуулах газар маш ихээр олгож байгаа. Гэрэл цахилгаан Хятадаас хараат болсон төдийгүй уух усаа хүртэл урдаас оруулж ирж байна.  Монгол хүн газар нутгаа алдаж мал нь бэлчээргүй болж, нутгийн иргэд хүний тоонд үл орж байгаагийн  хамгийн наад захын жишээ Өмнөговь аймгийн Гурвантэс сум" гэсэн юм.

Дуучин С.Жавхлан тэргүүтэй “Эх орончдын хөдөлгөөн”-ийхөн энэ мэт байдлыг  хойшид зүгээр өнгөрүүлэхгүй. Хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж Гурвантэс суманд тодорхой арга хэмжээ авахыг шаардана.  Цаашдаа ч төр засаг гэж ерөнхийлөхгүй Засгийн эрх барьж байгаа хүмүүстэй  нэр цохож тулж ажиллана гэлээ. “Эх орончдын хөдөлгөөн”-ий залуус эх орондоо хайртай бүх хүнийг хөдөлгөөндөө  нэгдэхийг уриалсан юм. 

 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын бодит байдлыг харуулсан бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү...

Г. Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top