Х.Хулантай холбогдох хэрэг хуулийн дагуу шийдэгдэхгүй бол Архидалттай тэмцэнэ гэдэг үлгэрийн далай

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Архидалтын эсрэг үндэсний төвийн “Итгэл-Эх” хөдөлгөөний тэргүүн Ц.Чинбат, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Сүхбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Монголдоо ганцхан архидалтын эсрэг эмчилгээ хийдэг Нийслэлийн Наркологийн эмнэлгийн дарга Х.Хуланд холбогдох хууль бус үйлдлийг нь дэлгэсэн юм.

Тухайлбал, Х.Хулан нь өөрийн төрсөн дүү Х.Халиунгэрэлийг сувилагч мэргэжилгүй атал эмнэлэгтээ сувилагчаар ажиллуулж байжээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүнээр сувилагчийн ажил эрхлүүлж байсан байна. Мөн "Алкабус" нэртэй хордлого тайлах эмийг зөвхөн "Нуган" эмийн бөөний төв Монголд импортлох зөвшөөрөлтэй. Гэтэл Х.Хулан нь дээрх эмийг Тайландаас оруулж ирэн, 400 төгрөгөөр шахдаг байсан тул Мэргэжлийн хяналтын газар акт тогтоожээ. Мөн түүний нөхөр н.Батхуяг нь Монголын төмөр замын Импорт үйлчилгээний хэлтсийн орлогч даргын ажил эрхэлдэг. Иймд нөхрийнхөө ажилладаг байгууллага руу Наркологийн эмнэлгийн халаалт, хоолны бүх мөнгийг шилжүүлж, гаргадаг гаж тогтолцоо тогтоосон байж. Мөн ах дүү, хамаатныхаа хүмүүсийг эмнэлэгтээ ажиллуулдаг байсныг хөдөлгөөнийхөн мэдээлж байсан юм.

Ингээд Х.Хулангийн албан тушаалаа хувьдаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг нь тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул нарт илчилснээр түүнийг ажлаас нь халж, өөрчилсөн юм байна. Харин Х.Хулан өөрийг нь ажлаас халсан нь буруу, албан тушаалаа өгөхгүй хэмээн Иргэний хэргийн шүүхэд хандсан аж. Гэтэл уг хэргийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Тухайн үед анхан шатны шүүх хурлаар Чингэлтэй дүүргийн шүүгч Г.Цагаанцоож Х.Хуланг буруутай гэж үзсэн олон баримт байсаар байхад Иргэний шүүхээрээ түүний талд шийдвэр гаргасан байна. Учир нь Эрүүл мэндийн яамны Түргэн тусламж, үйлчилгээний хэлтсийн орлогч дарга Я.Амаржаргалтай нөхөр н.Батхуяг нь  хамаатан тул Х.Хулангийн хууль бус үйлдлийг нь цагаатгасан байдаг байна. Харин Нийслэлийн шүүхэд болох шүүх хурал энэ сарын 19-нд болохоор товлогджээ. Энэ удаа Нийслэлийн шүүхийн шүүгч н.Нарангэрэл ажиллах юм.  

Тус хөдөлгөөний зүгээс энэ шатны шүүх хурал Х.Хулангийн талд ахин гарвал Монгол архидалттай тэмцэж чадахгүй, Ерөнхийлөгчийн уриалга ч хэрэгжихгүй гэв. Учир нь Наркологийн эмнэлэгт хэдэн хүнийг хүчээр  хэвтүүлдэг, бизнес хийдэг бүлэглэл бий болсонд анхаарлаа хандуулж чадахгүй байж архидалттай тэмцэнэ гэдэг үлгэрийн далай гэдгээ илэрхийлсэн. Мөн гудамжинд яваа хүмүүсийг  тав, арваар нь аваачин хэвтүүлж, эрүүл мэндийн даатгалаас нь мөнгө авч түүнийгээ хувьдаа завшиж бизнес хийдэг болчихоод байгаа энэ цаг үед хэвлэл мэдээллийнхэн болон ТББ-уудыг дуу нэгтэй байхыг уриалав.

Хөдөлгөөнийхөн “Архидалт гэдэг өвчин. Архидалт гэдэг ганц сэтгэл зүйгээрээ архинд орж, гарчихдаг зүйл биш. Нэг гэр бүлийн асуудал биш гудамжны, албан газрын, Монголын тулгамдаж байгаа асуудал. Хүмүүс нийгэм сайхан болж байж хүн сайхан болох юм шиг боддог. Гэтэл Монгол хүн сайхан болсноор нийгэм сайхан болно” гэдгийг онцоллоо.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top