“Нюанс” хамтлаг 2012 он гарсаар дөрөв дэх тоглолтоо Улаан-Үд хотод удахгүй толилуулна. Өөрсдийн фэнүүдийн тоог өсгөх, дуулах талбараа өргөтгөхөөр шаргуу ажиллаж байгаа энэ үед тус хамтлагийн ахлагч Өнөрөөгийн өвөрмөц хоолой илт үгүйлэгдэж байна.
Хамтлагийн ахлагч Өнөрөө АНУ-ыг зориод олон жил болж байгаа ч жил бүр болдог тоглолтондоо оролцсоор ирсэн юм. Өнгөрсөн жил хамтлагийнхаа 10 жилийн ойд оролцож, тоглолтын арын ажлыг гайхалтай сайн зохион байгуулаад явсан гэдэг.
Хамтлагийн уран бүтээлд байнга санаа тавьдаг, шинэ уран бүтээлийн санаа үргэлж хэлж байдаг өвөрмөц хоолойтой түүнийг фэнүүд нь битүүхэндээ үгүйлж байгаа нь нууц биш. “Нюанс хамтлагийн дөрвөн залууг тайзнаа гарч дуулахад тэдний дуу хоолой нэг л өөр байдаг” гэж нэгэн фэн нь ярьсан байдаг нь үүний нотолгоо биз. Хамтлагтаа Өнөрөө поп өнгө аясаар дуулдаг бөгөөд түүний зохиосон нэлээд хэдэн дуу хамтлагийн урын санд байдаг юм.
“Нюанс” хамтлаг жил болгоны гурван сард тоглолтоо толилуулдаг. Ирэх жилийн тоглолтонд Өнөрөө ирж оролцох болов уу? Түүнийг ирээсэй, хамтлаг дөрвөн өнгөөрөө дуулаасай хэмээсэн үзэгчид цөөнгүй байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )