Мэргэжлийн хяналтынхан болоод барилгынхны час улирал

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Монгол хүн амьд явах эрхтэй хэмээн үндсэн хуулийн 1.1 дүгээрт заасан байдаг. Гэтэл амьд явах эрх аль хэдийнэ алдагдсаныг ойрын өдрүүдэд гарч буй золгүй үхлүүд харуулж байна. Ялангуяа энэ асуудал нийслэлд илүүтэй ажиглагдах боллоо. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твиттер хуудсаар энэ тухай мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр 17.00 цагийн орчимд Тэнгис кино театрын хажууханд явж байсан 20 гаруй насны залуугийн дээрээс барилгаас төмөр унасны улмаас их хэмжээгээр цус алдаж, эмнэлгийн тусламж авсан ч хорвоог орхилоо. Үүнээс хагас сар орчмын өмнө 12 настай охин ээжтэйгээ гарцаар гарч яваад барилгын ажил гүйцэтгэж байсан томп толгойд нь унаж мөн ижий, аав, гэр бүлээсээ хагацахад хүргэсэн. Бүр сүүлдээ өвөлдөө масктай, бусад улиралд касктай явах хэрэгтэй болж байгаа тухай хүмүүс цахим хуудсуудаар санал бодлоо хуваалцаж байна. Нийслэлийнхээ гудамж, талбайгаар амьд явах эрхгүй болсонд хэн буруутай вэ. Дээрх явдлаас үүдэн хотын удирдлагууд болон Мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмж авч, хууль бус баригдаж буй 60 орчим барилгын ажлыг зогсооно хэмээн мэдээлээд байв. Хэн нэг хүний амь хорвоогоос хальсан тэр мөчид “Хууль бус баригдаж буй барилгууд”-ыг зогсоох учиртай гэж үү. Хууль бус бол үйл ажиллагааг нь  зогсоож, зохих шатны байгууллагад хандаж, шийдвэрлэх эрхгүй нөхцөлд Мэргэжлийн хяналтын байгууллага, байцаагчид ажилладаг хэрэг үү.

Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрхийн 10.9.7-д зааснаар  “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах” эрхтэй гэж заажээ. Ийм эрх байсаар атал нийслэлд 60 гаруй барилга хууль бус үйл ажиллагаагаа явуулж байсан байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллага нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, хүлээн авах үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгах эрхтэй гэдэг нь дээрх хуульд харагдаж байна.

Өдөр хоног алгасалгүй барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор хүний амь эрсдэн, Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа нь ёстой л тэдний “час улирал” эхэлсэнтэй холбоотой.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын “Дэд бүтцийн хяналтын хэлтэс” нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалт, барилга инженерийн байгууламж, өргөх механизм, эрчим хүч, авто зам, тээвэр, мэдээлэл холбоо, хэмжил зүйн салбарын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм журмыг сахиулах, сурталчлан ухуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг хангах зорилготойгоор хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 11, улсын байцаагч 24, нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна” гэжээ. Уг ажлынхаа чиг үүргийг биелүүлдэггүйгээс хүний амь ээлж дараалан харамсалтайгаар эрсдэх болов.

Өнгөрсөн сараас эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд “Монгол алим” хэмээн шуудайлсан алимыг ил задгай зарж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынХүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс”-ээс тодруулах гэсэн боловч ихэд бүрхэг хариулт өгч байсан. Тодруулбал, Ийм худалдааг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хянаж байх ёстой. Бид иргэдээс ирсэн гомдол, өргөдөл эсвэл удирдлагаас ирсэн удирдамжийн дагуу хянаж, шалгадаг гэсэн юм. Ихэнхдээ иргэд хордсон хойноо л өргөдөл, гомдол гаргадаг. Дээр дурьдсан алимыг мэргэжлийн хүмүүс ийм их хэмжээгээр манай улсад тариалахгүй байгаа тухай мэдээлж байв. Ингэхээр тус алим БНХАУ-аас ирж байгаа нь тодорхой болж байгаа юм. Харин энэхүү алимаа Монгол хэмээн зарж, иргэдийг хуурч байсан нь харамсалтай. Иймд үнэхээр уг алим нь Хятад уу? Монгол уу? гэдэгт хяналт, шалгалт хийж мэргэжлийн үүднээс хариулт өгөх байцаагчид нь энэ тухай өргөдөл, гомдол ирвэл шалгана хэмээн хариулж байсан нь ажил, үүргийн чиглэл нь “шог байна уу” гэсэн дүгнэлтэд хүргээд буй. Тус хэлтэс нь “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Монгол Улсын хууль тогтоомж болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журам, стандартуудыг албадан сахиулах, түүнийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдийн эрх ашгийг найдвартай хангуулах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох мэргэжлийн улсын байцаагчдыг удирдлагаар хангахад оршино” гэж ажил, үүргийнхээ чиглэлийг тогтоожээ. Тэгээд ч хяналт, шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам ёсоор бол 5.З-т зааснаар “Хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан тухайн байгууллагад мөрдөж буй дүрэм, журамд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтыг зохих удирдамжгүйгээр өөрийн санаачилгаар хийж болно” 5.14-рт заасанчлан “Хяналт, шалгалтын байгууллага өөрийн эрхлэх хүрээний асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно” гэсэн байгаа юм. Харин Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс энэ тухай өргөдөл гомдлоо бичгээр ирүүлсэн тохиолдолд хүлээн авдаг гэсэн юм. Өөрөөр хэлбэл хэн нэг нь хордож, өргөдөл гомдлоо бичгээр илэрхийлсэн тохиолдолд хянаж, шалгадаг гэсэн үг. 

Улсын мэргэжлийн хяналтын байгууллага эрхэм зорилгоо тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. Энэ байгууллагад хуулийн дагуу, ажил үүргээ чандлан биелүүлдэг алба хаагчид байхад тэднийхээ хийснийг үгүйсгэх нөхцөлд хүргэж буй ажилтнууд ч буй.

Энэ мэт улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт түүнтэй холбоотой “шог” ажлын чиг үүрэгтэй, “шог” ажилладаг тус байгууллагад өөрсдөд нь хяналт, шалгалт хийвэл зохистойг тэдний хэлж буй тайлбар, мэдээлэл харуулж байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top