“Шөнийн театр” хэмээх содон нэртэй нэгэн театр Монголын урлагт цоо шинэ нэгэн өнгө төрхийг нэмэхээр үүд хаалгаа нээж байна. Тэд энэ сарын 27-ноос эхлэн 10-р сарын 21-нийг дуустал “Нууцаа дэлгэе” нэртэй анхны кабаре шоугаа тавих гэж байгаа юм. Ингээд тус театрын захирал М.Батмөнхтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулах уу?
-Намайг Батмөнх гэдэг. Би 1981 онд МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн. Улсын хэвлэлийн комбинатын сонины үйлдвэрт хянагчаар ажилд орж байлаа. Дараа нь “Үнэн” сонинд ажилласан. “Засгийн газрын мэдээ” буюу одоогийн /Зууны мэдээ/ сонинг Цэвлээ Цэмбэл доктор гэх мэт нэр бүхий сайхан хүмүүстэй хамтран гаргаж байлаа. 1997 оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Эрүүл энх” хэвлэлийн газрын захирлаар ажилласан. “Ган үзэгтэн”, “Алтангадас” одонгоор шагнуулж байлаа. Одоо “Шөнийн театр”-ийн маань уран бүтээлчид “Нууцаа дэлгэе” нэртэй кабаре шоугаа тавих гээд сэтгэл шулуудаад байна.
-“Шөнийн театр” хэзээ байгуулагдсан бэ?
-Байгуулагдаад 3 сар болж байна. Гэхдээ өмнө нь мэр сэр газруудад туршилтаар тоглолтоо тавьж байсан. Манай театр хийж бүтээе гэсэн эрмүүн хүсэл өвөртөлсөн дан залуучууд.
-Театрын нэр их сонин юм. Яагаад ингэж нэрлэх болов?
-Бид Монголд баар биш жинхэнэ “Кабаре шоу” урлагийг харуулна. Кабаре шоуг аль ч улсад шөнийн цагаар тоглодог. Учир нь хүний хамгийн чөлөө завтай цаг юм. Мөн урлагийн мэдрэмжтэй, тансаг хүмүүс “Кабаре”-г үздэг юм байна. Тиймээс л театраа “Шөнийн театр” гэж нэрлэсэн.
-Өмнө нь “кабаре шоу”-г Монголд тавигдаж байсан болов уу?
-Өмнө нь Драгон төвд тавьж байсан гэсэн.
-Байгуулагдаад удаагүй хэдий ч шинэ тоглолт тавихаар зэхэж байгаа гэлээ. Энэ тухай сонирхвол?
-Манай театр “Нууцаа дэлгэе” гэдэг нэртэй бүжгэн жүжиг тавих гэж байна. Бидний тоглолтын 70 хувь нь урлаг байх юм. Залуу хүний мэдвэл зохих орчин үеийн 21 бүжгийг дэглэсэн. Мөн 2-4 хүний 30 мин болон 1 цагийн яриан жүжигтэй. Тус жүжгээрээ өнөөгийн залуучуудад тулгамдаад буй асуудлыг тайзан дээр хөндөх юм. Бидэнд уран бүтээл хийх янз бүрийн өнцөг, боломж байна.
-Тоглолтонд ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ?
-Манай тоглолтонд олны танил, гавьяа шагналтан нэг ч байхгүй. Дандаа СУИС, ХААИС, МҮДС-ийн 3, 4-р курсын оюутнууд байгаа /инээдтэй байна уу асуув./ Гэхдээ эдгээр хүүхдүүд үнэхээр хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нь гайхалтай юм. Эдгээр залуучуудаа дэмжихээр бид сэтгүүл гаргах гэж байна. Энэ сэтгүүлээрээ жүжигчдийнхээ тухай мэдээллийг олонд хүргэх юм. Мөн телевизийн ч ярилцлаганд оролцуулна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль хэдийнэ олны танил болсон хэдхэн хүний хүрээнд л эргэлддэг. Яагаад шинээр гарч ирж байгаа залуучуудаа бид дэмжиж олонд танигдахад нь тусалж болохгүй гэж.
-“Нууцаа дэлгэе” хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглогдох вэ?
-14 бүжигчин, жүжгэнд 4-6 хүн. Манай бүжгийг жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир дэглэж байна. Мөн ерөнхий зөвлөхөөр МУГЖ Ц.Төмөрбаатар ажиллаж байгаа.
-Тоглолт хаана, хэзээ болох вэ?
-UB Palace-ийн Royal танхимд болно. 21 цагаас эхлээд 01 цаг хүртэл үргэлжилнэ. Кабаре шоу маань өөрөө үзэгчдэд зориулсан дугуй ширээнүүдтэй байдаг. Тэр ширээн дээрээ юу захиалах нь үзэгчийн өөрийн сонирхол. Тоглолт маань яг цагтаа эхлээд цагтаа дуусна. Манай ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ, Тэрэлж, Зэт компани ажиллаж байна.
-Тоглолт маань мюзикл байх юм байна. Хэний зохиолоор жүжгээ тавьж байгаа вэ?
-Жүжгийн зохиолыг би өөрөө бичсэн. Жүжигт маань хөнгөн сэтгэдэг охин, шатар нүүх мэтээр удаан тунгааж боддог охин, мөн юманд нэлээн буурь суурьтай ханддаг залуу, дэнгийн эрвээхэй хөөж байгаа юм шиг нэг залуу байх юм. Жүжгийн маань гол агуулга нь нэг нэгнийгээ хайрлая гэсэн санаатай.
-Жүжгийн үйл явдлаас багахан хэсгийг дэлгэрүүлээд яривал?
-Нэгэн хөнгөн залуугаас жирэмсэн болсон охин өөрийн үнэн сэтгэлээсээ хайрласан хайртай хүнийхээ өмнө хөл хүндтэй болсноо хэлэхээр гэм нүгэлтэн шиг зогсож байна. Энэ сэтгэлзүйг л гаргаж ирнэ.
-Тоглолтын үеэр 21 бүжиг тавигдана гэсэн. Эдгээр бүжгүүдийг хэрхэн сонгож авсан бэ?
-Хамгийн орчин үеийн залуусын бүжиг байх юм. Гэхдээ залуусын бүжиг гэхээр хэт ил задгай хувцастай гэж ойлгож болохгүй. Бид тоглолтын хувцсаа мэргэжлийн хүнээр жинхэнэ натурал материалаар хийлгэсэн. Эдгээр хувцсыг 14 охин маань өмсөөд гарахаар үзэгчид ямар ч байсан дуу алдана. Манай тоглолтын бас нэгэн онцлог нь бүжигчид тайзан дээр биш үзэгчид дунд бүжиглэх юм. Энэ бол хүнд амьд мэдрэмжийг мэдрүүлэх жинхэнэ урлаг байх болно.

-Тоглолтын сюрприз?
-Тийм юм байхгүй. Сюрприз гэдгийг үзэгчдийг татах ядмаг арга гэж боддог.
“Нууцаа дэлгэе” тоглолтын билетийн үнэ?
-10-20 мянган төгрөг байх болно.
-Дараагийн тоглолтоо төлөвлөсөн үү?
-Дараагийн тоглолт мэдээж цоо шинэ өнгө төрхтэй байх болно. Хэний ч танихгүй нэг залуу тайзнаа гарч ирээд өөрийнхөө бичсэн шүлэг зохиолыг унших ч юм билүү. Юу ч байж магадгүй.
-Өөрийнхөө зүгээс манай уншигчдад?
-Та бүхэн манай тоглолтыг ирж үзээрэй.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )