Н.Бямбагэрэл: Авлигыг хамгийн төгс зохион байгуулж байгаа нь МУИС, Хүмүүнлэг хоёр

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Э.Батжаргал нар хэвлэлийн бага хурал зарлалаа.  

Д.Батбаяр “МОХ-ноос 2012-2013 оны хичээлийн жилийг боловсролыг шинэчлэх жил болгох саналыг дэмжиж байгаа. Тиймээс боловсролын салбарыг шинэчлэх хамгийн том алхам бол сайд дарга нарын хурал цуглаанаас илүүтэй авлигын сүлжээг өргөжүүлээд буй хандивын ангийг таслан зогсоох шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Монголын толгой их, дээд сургуулиуд авлигалын сүлжээнд идэгдэж байна. Энэ нь  мэдлэгийн өрсөлдөөнийг бууруулж, мөнгөний өрсөлдөөнийг бий болгож байна” гэлээ.  

Түүнчлэн тэд хурлын үеэр одоо шинэ засгийн газар байгуулагдаж БШУ-ны яам ч нэрээ өөрчлөлөө. Энэхүү авлигын сүлжээ 2005 оноос эхэлсэн үүнийг таслан зогсоохын хуучнаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 148 дугаар тушаалаар “Монголын оюутны холбооноос тавьсан хүсэлтийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор их, дээд сургууль, коллежид хандив авч элсүүлэхийг таслан зогсоохыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосон. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Элсэлтийн шалгалтандаа зохих оноог авч чадаагүй элсэгчид тухайн сургуульд ихээхэн хэмжээний хандив өгсөнөөр элсэн суралцдаг далд тогтолцоо бүрэлдэн бий болоод байгаа. Энэ нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй цаашлаад авлигын ил сүлжээ, шинэ арга хэлбэр бүрэлдэхэд түлхэц болж байна. Хандивын ангид элсэн суралцахын тулд нэг оюутан 1,5-5 сая төгрөг төлдөг. Энэ мөнгө ямар дансанд шилжиж, хэний эрх мэдэлд зарцуулагдаж байгаа нь нийтэд тодорхойгүй байна” хэмээн онцолж байлаа.

МОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Их, дээд сургуулиудын захирлуудыг яагаад авлига авч байна гэж үзэж  байгаа юм?

-Бид бүхэн яагаад авлига гэж үзэж байна гэхээр 2005 онд тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж гуайд Монголын оюутны холбоо хүсэлт тавьсан. Хүсэлтэндээ дээд боловсролд бугшсан асуудлуудыг хэлж шийдвэрлэж өгөөч гэсний дагуу төлөвлөгөө гаргаж ажилласан. Энэ төлөвлөөгөөний дагуу Н.Цагаан сайд тушаал гаргасан юм. Их, дээд сургуулиудын захирлуудад хандив авч оюутан элсүүлэхийг таслан зогсоох тухай. Гэтэл өнөөдрийг хүртэл оюутан, залуучуудыг хандиваар элсүүлж байна. Хандивынхан зардал тухайн сургуулийн дансанд орж байгаа юм уу, улсын бүртгэл татварт ордог уу гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Ийм учраас энэ нь өөрөө авлигалын хэлбэр байна үүнийг шинэчлэлийн Засгийн газар зогсоох ёстой. Боловсрол улс төрийн аль эсвэл бизнесийн арга хэмжээ биш гэдэг зүйлийг л ойлгуулахын тулд хэвлэлийн бага хурал хийлээ.

Мөн Н.Цагаан сайдын тушаалыг олон нийтэд ил тод болгож байгаа юм. Бүхэл бүтэн төрийн сайдын тушаалыг биелүүлээгүйн төлөө хариуцлага тооцдог байх ёстой. Ялангуяа МУИС-ын захирал хийж байгаа С.Төмөр-Очир нь сайдын зөвлөхөөс дэд сайдын албыг хашиж байсан. Харин ч энэ тушаалыг гардан хийж байх хүн өөрөө МУИС-ийн захирлын суудалд суучихаад хандивынхаа арга хэмжээг үргэлжлүүлээд байж байгаа нь авлигалын ил хэлбэрээр хандив нэрийн дор нуугдаад, цэцэглээд байж байгаа асуудлыг бид зүгээр хараад сууж чадахгүй нь үүднээс нийтэд ил болгож байгаа юм.

-Хандивын ангитай хэчнээн сургууль байгаа вэ. Нийт хэдэн оюутан суралцдаг юм?

-Хандивын ангид одоогоор хэчнээн оюутан суралцаж байгаа талаарх судалгаа сайн гарахгүй байна. Сургуулиуд эдгээр оюутнуудыг нуудаг, оюутнууд ч гэсэн өөрсдөө айж байна. Яагаад гэхээр тухайн оюутан хандиваар чи сурч байгаа юм байна гэдэг асуудал яригдаад ирэхээр сургуульд элсэх журмаа зөрчдөг. Ингээд суралцагчийн сурах эрх нь хаагдаж байгаа юм. Тийм учраас хандиваар суралцаж байгаа оюутан болон сургууль энэ талын мэдээллээ өгөхөөс татгалздаг. МУИС, ЭМШУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ач АУДС, Этүгэн дээд сургууль, Оточ манрамба ДС-иуд хандивын ангитай. Хамгийн төгс хэлбэрээр зохион байгуулж байгаа сургууль нь МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль юм.

-Энэ хандивын ангид элсэн ороход хэн зуучлаад байна вэ?

-Үүнд зуучлана гэхээсээ илүүтэйгээр оноо хүрдэггүй одоо өргөдөл бичээд орж болох уу гэдэг. Ингэхлээр нь манайд хандивын анги байдаг тэр ангид орчихоо л гэсэн хариулт өгдөг байхгүй юу.

-Хэдэн төгрөгийн хандив өгдөг юм?

-Хандив нь 1,5-5 саяын хооронд хэлбэлздэг. Тухайлбал, Олон улсын харилцааны сургуульд эсвэл эдийн засгийн сургуульд орьё гэхээр 4 сая 500 мянган төгрөг өгчих гэдэг. Тэгээд тэр дансанд нь мөнгийн хийчихэд тухайн оюутны оноо хүрээгүй нь хамаагүй эдийн засгийн сургуулийн менежментийн ангид орох эрх нь шууд нээлттэй болдог. Энэ нь өөрөө авлигалын хэлбэр болж, данс нь хүртэл тусдаа явж байгаа юм.

-Дээрх сургуулиудын захирлуудтай уулзсан уу?

-Захирлуудтай уулзаагүй. Гэхдээ жил болгон бид энэ хандив гэдэг зүйлийг таслан зогсоогооч гэдэг асуудлыг тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл  үүнийг хэн ч зогсоогоогүй. Хамгийн гол нь 2005 оноос хойш Боловсрол шинжлэх ухааны сайд хэд солигдов. Тэр сайдууд яагаад энэ асуудлыг гаргаж ирээгүй юм. Тэгвэл оюутны байгууллага үүнийг гаргаж ирэх ёстой юм байна. Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудалд шинэчлэл хийх ёстой юм байна гэж үзэн бид энэ ажлын эхлэлийг тавилаа. Тийм учраас энэ сургуулиудын захирлуудтай хариуцлага тооцох ёстой. Бид Боловсролын сайд, Авлигатай тэмцэх газруудад дээрх сургуулиудад ийм ийм асуудлууд байна үүн дээр анхаарлаа хандуулаач ээ гэдэг байр сууриа илэрхийлнэ.


 

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top