Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хаалттай хэлэлцлээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Наранхүү өөрийн биеэр ирсэн юм. Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлч Д.Болормааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэн буюу 8.564.400 орчим төгрөгөөр торгох шийдвэр гаргав.
Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгчээр УИХ-ын гишүүн,“Мон Уран”-ы захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцлоо. Өмнө нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэргийн шинжтэй нийтлэл нийтлээгүй гэсэн шалтгаанаар цагаатгасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Хэргийг эргэн сануулахад сэтгүүлч Д.Болормаагийн бага насны /14-15 нас/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээнд ““Мон Уран”-ы Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гэсэн нийтлэл “Зууны мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт гарчээ. Энэ нийтлэлтэй холбоотойгоор “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм.

Б.Наранхүү: Хамгийн багаар нь яллаад өгөөрэй гэж хүслээ
Б.Наранхүү: “Энэ төрлийн хэрэг нь баривчлах, торгох ялтай байдаг юм байна. Хамгийн багаар нь яллаад өгөөрэй гэсэн хүсэлтийн дагуу баривчлах биш торгохоор боллоо. Залуу хүн үүн дээрээ ухаараад тэр тусмаа сэтгүүлчид үнэнийг бичих гэдэг нь маш сайн хэрэг. Ертөнцөд хамгийн аюултай юм юу вэ чинь үнэнийг гуйвуулсан худал гэдэг. Би ганцхан үнэнийг хэлээсэй л гэж шүүх хуралд ирсэн. Би мянгаад удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мууллуулж үзсэн. Би нэг ч удаа гомдолж үзээгүй".
Ц.Монгол: 3 минут ч болоогүй байхад шийдвэр гарлаа

Өмгөөлөгч Ц.Монгол “Шүүхийн шийдвэрт санаа зовохгүй байна. Давж заалдах, Хяналтын шатны шүүх хурал дээр Д.Болормааг цагаатгана гэж би итгэл дүүрэн байгаа. Харин энэ удаагийн шүүхийн шийдвэрт шүүгч шүүх хуралдааны танхимд ороод дор хаяж 30 минут шийдвэр гаргадаг. Гэтэл сая шүүх хурал завсарлаад 3 минут болоогүй байхад тогтоол уншиж торгууль ногдуулахаар боллоо. Гурван минут байж болохгүй бүх зүйл яригдаад үнэлэлт, дүгнэлт хийгээд хавтаст хэргийн материалыг уншиж судлаад гаргадаг биз дээ. Шүүх хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Энэ нь шүүхийн алтан зарчим манай монголд ялангуяа улс төрчтэй, ихээхэн мөнгө төгрөгтэй хүмүүст ялгавартай хандаад байгаа. Энэ байдлыг л алга болгохын төлөө хуулийн байгууллагууд, төрийн шинэчлэл хийж байгаа Засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлэх байх гэж бодож байна. Би шүүхийн шийдвэр гурван шатны шүүхтэй байдаг учраас гомдлоо гаргаад асуудлаа үнэн мөнөөр нь шийдүүлнэ” гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )