Нийслэл Улаанбаатар хотод амьд явах баталгаа алдагдсаныг хэлүүлэлтгүй хэн хүнгүй л мэдэж байгаа байх гэж найдья. Сүүлийн үед шил шилээ дарсан томоохон ослууд гарч бүр цаашлаад хүний алтан амь эрсэдсэн явдлууд өдөр бүр л дуулдах боллоо. Энэ бүхний гол бурууг хэнд тохох нь хэцүү асуудал болоод байна. Зөвшөөрөлтэй эсэх нь мэдэхгүй маш олон барилгууд их хотод маань сүндэрлэж байгаа. Энэ бүх барилга угсралтын ажлууд чанар аюулгүй ажилгааны түвшинд ажиллана гэж үгүй. Түүнээс нь улбаалсан гэнэтийн ослууд ихээр гарч сэтгэл түгшээж эхэллээ.
Хэдхэн хоногийн өмнө барилгын кран нурж дунд сургуулийн хүүхдийн амийг газар дээр нь авч одсон бол мөн л “Тэнгис” кино театрын дэргэдэх барилга дээрээс төмөр унаж ид хийж бүтээх насан дээрээ явсан залуу алтан амиа алдсан гэх мэт аймшигт үйл явдлуудын чимээ арилаагүй байхад бас нэгэн осол өнөөдөр болжээ. Хан-Уул дүүргийн III хороо 18-р сургуулийн хажууд орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилгаас 27 орчим насны хоёр ажилтан унаж, хүндээр гэмтлээ. Барилга дээр ажиллаж байсан хоёр залуу ачаа ачин дээш өргөх зориулалттай тавцан дээр сууж явах үед нь тавцангийн олс нь тасарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойролцоогоор найман давхраас хоёр залуу унасан гэнэ. Бидэнд мэдэгдсэн ослууд энэ боловч далдуур нуусан барилгын ослууд тоймоо алдсан. Бараг баригдаж байгаа байшин барилга болгон дээр жижиг том ослууд гарсаар л байгаа. Энэ мэтчилэн иргэн хүний алтан амийг авч одсон аймшигт ослууд ар араасаа цуварч байхад хийсэн ажил авсан арга хэмжээ бараг үгүй. Хэдэн дарга нар нэг өрөөнд цуглараад ёстой нөгөө “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр тийм юм болжээ гэж яриад тэгж ч үйл ажиллагааг нь зогсооно, ингэж ч хууль дүрэм баталж ажлын хэсэг байгуулна гэлцдэг боловч гараад л мартдаг заншил манайд эртнээс дэлгэрсэн явдал. Эрхэм хотын дарга энэ бүх асуудлыг цэгцлэнэ гээд яриад л байдаг, яриад л байдаг. Хачир дээрээ цэгцэрсэн зүйл үгүй. Ярьсан хэлсэн нь сайхан боловч яг байдал нэг иймэрхүү л байна. Аймшигт ослууд ар араасаа цуварсаар байх уу...
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )