Эрүүл хүнс, зөв хооллолтын талаар үзэсгэлэн гаргаж, зөвлөгөө өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн арга хэмжээ болох “Намрын ногоон өдрүүд-2012”  үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-наас ирэх сарын 1-нийг дуустал “Мишээл экспо” төвд уламжлал ёсоор долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үүнд “Алтан намар-2012” хөтөлбөрийн хүрээнд төмс хүнсний ногоо, үр тариа, байгалийн жимс жимсгэнэ, эмийн ургамал, “Шилмэл мал-2012” буюу манай улсаас шалгарсан шилдэг 130 гаруй хамгийн сайн хээлтэгч, хээлтүүлэгч, их сүүтэй, хамгийн их жинтэй үхэр, хонь, ямаа, гахай оролцох бол “Эрүүл хүнс-2012” хөтөлбөрт Монголын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэгчид оролцох аж. Үүнтэй холбоотойгоор хүний биеийн жин, өндрийг хэмжин эрүүл зөв хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх юм.

Аймгуудад “Шинэ хүнсний ногоо” үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд тэднээс шалгарсан нь “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Түүнчлэн, ногоочдод хөнгөлөлттэй үнээр талбай гаргаж өгч байгаагаас гадна худалдаалагдах хүнсний ногоо, жимс жимсгэнэ бүгд гарал үүслийн гэрчилгээтэй оролцох ажээ.

Үзэсгэлэнд Франц улсын долоон аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломж, туршлага солилцох, бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх ач холбогдолтойг онцлов.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top