Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс хэд хэдэн зохицуулалтыг Улаанбаатар хотод хийсэн. Үүний нэг нь нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусыг 25 дугаар эмийн сангаас 13 дугаар хороолол хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ ажил нийтийн тээврийнхний цагийг хөнгөвчлөхөөс гадна автобуснуудыг замын хөдөлгөөнд түгжрэл багатай оролцуулж байгааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг хэлж, цаашид уг маршрутыг сунгах тухай ярьсан юм.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Засаг даргын А/532 дугаар захирамжид өөрчлөлт оруулж Засаг даргын А/572 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид авто замын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчих нийтийн тээврийн хэрэгслийг Зүүн дөрвөн замын уулзвараас Саппорогийн тойрог зам хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар нийтийн тээврээр зөөвөрлөх ажлыг энэ сарын 24-нөөс эхлэхийг Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарт даалгалаа.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )