Өнөөдөр Хан-Уул дүүргийн III хороо 18 дугаар сургуулийн хажууд орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилгаас 13.30 цагийн үед 18-29 насны хоёр ажилтан унаж хүндээр гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр барилга дээр ажиллаж байсан хоёр ажилтан ачаа ачин, дээш өргөх зориулалттай тавцан дээр сууж явах үед тавцангийн олс нь тасарсан байна.
Мэдээллийн дагуу баригдаж байсан барилга дээр очиход захиалагч байгууллагынхан байгаагүй бөгөөд барилгын ажилчид мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Барилга дээр үлдсэн зарим ажилчдаас юу болсон талаар тодруулах гэтэл “Юу болдог юм. Та нарт мэдээлэл өгөх шаардлагагүй явцгаа” хэмээн баригдаж буй таван давхрынхаа цонхон дээр сууж инээлдэж байсан юм. Хүмүүс барилгын ажлаас болоод дахин хоёр хүн хүндээр гэмтлээ гэсэн мэдээллийг сонсоод “дахиад уу” гэж цочирдож хүлээж авч байсан. Гэтэл хамт ажиллаж байсан, ажлын хамт олон тэр дундаа эмэгтэйчүүд нь юу ч болсон шинжгүй хоорондоо инээлдэж үл тоосон шинжтэй байгаа нь эгдүүцмээр санагдсаныг хэлэхгүй өнгөрч чадсангүй.
Энэхүү барилгын захиалагч нь “Мандал Алтай” ХХК, гүйцэтгэгч нь “Үлэмж чанар төгс” ХХК бөгөөд баригдаж буй барилгыг гаднаас нь харахад хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй нь илт харагдаж байв. Мөн 18 дугаар сургуулийн чанх урд баригдаж байгаа юм. Эргэн тойронд нь сургуулийн хүүхдүүд байнга явдаг энэ барилгын ажил уг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан байх ёстой.
Бид 18 дугаар сургуулийн сурагч багш нараас юу болсон талаар тодруулахад “Дээшээ явж байсан ачигч тавцан нь гэнэт доошоо шууд унасан. Цемент шохой ачиж явж байсан юм байна лээ. Унасан хоёр хүний нэг нь аймар орилоод байсан. Харин нөгөө хүн нь дуугарахгүй байсан. Аргагүй шүү дээ найман давхраас тэгж хүчтэй унах ямар олиг байх вэ дээ. Өмнө нь ч гэсэн манай цэвэрлэгчийн дээрээс мод унаж байсан. Сая гэхэд л энэ ажилчид хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Гэнэт л цагдаа, сэтгүүлч нарыг хараад хамгаалалтын малгайгаа бүгд өмссөн байна” гэж байлаа.
ХУД-ийн хэв журмын тасгийн дарга Х.Ууганбаяраас тодруулахад “Хэргийн газар дээр хяналт шалгалт хийж байна. Сүүлийн үед барилга дээр удаа дараалан осол их гарч байгаатай холбогдуулан дотоодын хяналт шалгалтыг сайжруулах тал дээр барилгуудад албан мэдэгдэл өгсөн байгаа. Энэ мэдэгдлийнхээ хариуг энэ албан байгууллага хараахан өгөөгүй байгаа. Урьдчилсан байдлаар ажилчид сууж явах ёсгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ачигч тавцан дээр явж байгаад тросс нь тасарч унасан байдалтай байна.
Хэргийн газар дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Хүндээр гэмтсэн хоёр ажилтныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд нуруу, нугасандаа хүнд гэмтэл авсан, одоогоор шинжилгээ хийж байна гэж ГССҮТ-ийн их эмч Б.Батболд хэллээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )