Долоо найман сард наадамлаж, амарсан хотын зарим нэг удирдлага өнгөрсөн сарын сүүлээр гэнэт “ухаан орж” зам завсарын ажлыг бөөндөж байгаа. Зэрэг шахам эхэлсэн олон замын ажил хугацаандаа дуусахгүй нийслэлчүүдийн уурыг барж, замын түгжрэлийг яс мах, чөмгөндөө тултал үзэн ядаж байна. Иргэдийн уурыг барж байгаа энэ явдал өнөөдөр тодоохой хэмжээгээр багасах байсан ч хариуцлагагүй хэсэг нөхдийн улмаас хэд хоногоор сунжрах боллоо. Тодруулбал сансарын туннел орчим газар доогуурх гарц хийж байгаа учраас тэр хэсгийн замыг долдугаар сарын 20-нд хаасан. Уг нүхэн гарц нь дөрвөн тал руугаа дөрвөн метр өргөн гарцтай байх бөгөөд 4.6 м өргөн үйлчилгээний зориулалттай тасалгаанууд, 6.3м өргөн ба 23.7м урт коридортой байх гэнэ. Энэ ажил ирэх сарын 30-д дуусах бөгөөд өнөөдөр тэр хэсгийн замыг нээх байсан ч хугацаандаа нээхгүй нь тодорхой боллоо. Иргэдийн бухимдлыг хүргэж байгаа байгууллага бол “Хотын зам” ХХК бөгөөд тэд энэ ажлыг гүйцэтгэж байгаагийнхаа төлөө төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж байгаа юм. Захиалагч нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар. Энэ зам хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас сансарын хойд талын зам, Чингис зочид буудлын урд талын замын ачаалал хэд дахин нэмэгдсэн бөгөөд тэр хэсгээр явсан тохиолдолд доод тал нь гучин минут түгжирч байгаа. Тиймээс энэ ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэх шаардлагыг захиалагч нь тавихийн зэрэгцээ, хариуцлага мөн тооцох нь зүйтэй.
Нөгөө талаас уншигч та бүхэн захиалагч, гүйцэтгэгчдийг шүүмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл та бидний татварын мөнгөөр засварын ажил хийж, түүнд хяналт тавих ёстой нөхдүүдийг ажлаа сайн хийж, иргдэд хүндрэл учруулахаа болихыг шаардах хэрэгтэй юм. Нүхэн гарц хийж байгаа “Хотын зам” ХХК-ийн захирал Б.Атарбаярын утас 9911-8756, Авто замын газрын хяналтын инженер Ч.Батсайханы албан тасалгааны дугаар – 324918.
Ингээд уншигч та бүхэндээ сансарын туннел орчимд хийгдэж байгаа нүхэн гарцын ажлын явц ямар байгааг зургаар хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )