“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Аз жаргалын дуу”, “Тэмээн жингийн цуваа”, гэх мэт олон сайхан бүтээлээрээ өнөөг хүртэл дурсагдан яваа орчин үеийн урлагийг үндэслэгчдийн нэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Галсанбат агсны 60 насны ой энэ жил тохиож байгаа билээ.Энэ хүрээнд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн найз нөхөд гэр бүлийнхэн нь 2012 оныг дуустал цогц арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тиймдээ ч түүний 60 насны ойг хүндэтгэж залуу насандаа амьдарч байсан сансарын 12-р хорооллын 56-р байранд өчигдөр өдрийн морь цагт дурсгалын самбар байрлуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд “Соёл-эрдэнэ”хамтлаг, “Харанга” хамтлаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, том Жагаа, Б.Долгион тэргүүтэй уран бүтээлчид болон урлагийн анд нөхөд, гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчид нь оролцсон юм. Энэ өдрийн хамгийн хүндтэй хүн бол түүний гэргий Алимаа байлаа. МУГЖ Д.Галсанбат агсан эхнэртээ “Ханийн дуу”-гаа зориулж байсан аж. Уригдсан зочид түүний рок поп урлагт оруулсан хувь нэмэр асар их гэдгийг онцлон түүнийг дурссан юм.
Пентатоник Академийн ерөнхийлөгч Б.Долгион:
-Энэ жил Монголын рок попын загалмайлсан эцэг Д.Галсанбатын маань 60 насны ой тохиож байна. Хэрвээ амьд сэрүүн байсан бол биднийхээ дунд 60 насныхаа ойг тэмдэглэх байлаа. Тиймээс найз нөхөд, рок попынхон бид ярьж байгаад ойг нь их өргөн дэлгэр тэмдэглэж рок попын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлье гэж бодсон юм. Юуны өмнө залуу насандаа амьдарч байсан байранд нь дурсгалын самбар байрлуулах ёслолын ажилагаа хийлээ. Мөн Д.Галсанбатын маань хэвлэгдэж амжаагүй байсан “си ди”-г гэрийнхэнд нь хэвлэж өглөө. Өвөрхангай аймгийн Гучин ус сумын соёлын төв Д.Галсанбатын маань нэрэмжит төв болсон .Тус үйл ажиллагаанд гэр бүл, найз нөхдийн хүрээнд оролцоод ирлээ. Хойшид Д.Галсанбатынхаа дурсгалд зориулан ном гаргах бодолтой байгаа. Мөн “Бүсгүй чи инээмсэглэж яваарай” дууны уралдааныг улсын хэмжээнд хэн сайн дуулах вэ тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

Сэтгэгдэл ( 0 )