Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, албан хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох “Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нээлттэй уулзалт энэ сарын 22-ны 11.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Тус уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцоно. Уулзалтад оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааны тухай санал, алдаа, дутагдлыг шүүмжилж, ажил хэрэгч санал, зөвлөмж, дүгнэлт хэлж харилцан ярилцах боломжтой юм байна.
Арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцааны соёлын талаар иргэдээс судалгаа авч, өдөр бүр 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn мэйл хаягаар санал, хүсэлт хүлээн авна.
Ингэснээр иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, үр дүнг нь иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллах юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )