Аравдугаар сарын 2-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр тохиож буй. Энэ өдөр “Энх тайвны бэлэг” сангаас Төв цэнгэлдэх хүрээлэнд гэрэлт зул хөөргөх ёслол зохион байгуулах юм.
Энэхүү үйл ажиллагаа нь 2008 оноос хойш жилд ганц удаа бурхан багшийн дүйчин өдрөөр зохион байгуулагдсаар иржээ. С.Пүрэвсүрэн “Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолыг улс орон, түмэн олныхоо эв нэгдэл, энх тайваныг бэлгэдэж зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зул хөөргөх ёслолын үеэр хүмүүсийн шивнэсэн хүсэл, бодсон сайхан үйл бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Энэ нь олон зул нэг дор өргөж эерэг энерги төвлөрүүлж хүмүүсийн гэрлэн биеийг улам бөхлөж, сайжруулдаг сайхан үйл билээ. Бидний зохион байгуулж байгаа арга хэмжээнд Тайландын лам нар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Манай зарим гандан, хийдийнхэн ч үүнийг дэмжиж, зул өргөж байгаа хүмүүст зориулж ном хурна. Хөөргөх зулыг Тайландаас захиалж авчирч байгаа. Мөн энэ зул нь байгальд хор нөлөөгүй бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан” хэмээн онцоллоо.
Дөрвөн хүн хамтран нэг зулыг хөөргөх бөгөөд 18-20 цагийн хооронд ёслолын гол үйл ажиллагаа болох юм байна. Тусгай хөтлөгчийн зааврын дагуу хуран цугласан олон зулаа хөөргөдөг дэгтэй аж. Ёслолд оролцох тасалбарыг “Номин” худалдааны төвийн салбарууд, Улсын их дэлгүүр, “Sky”, “Sunday” худалдааны төвүүдээр 10 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Уг гэрэлт зул өргөх ёслолд 8000-аад хүн оролцоно.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )