Нийтийн дуучдын хамтарсан тоглолт үзэгчдийг байлдан дагууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Бөхийн өргөөнд өчигдөр 19 цагаас нийтийн дуучдын хамтарсан тоглолт боллоо. Тус тоглолтонд дуучин МУСТА Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа, С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Чулуунбаатар нар оролцсон юм. Тоглолтын салхийг хагалж хамгийн эхэнд үзэгч олонтойгоо уулзсан дуучин бол Т.Батсайхан. Тэрээр “Говь шандын нутаг”, “Монгол бүсгүй”, "Эжий аав” хэмээх дуунуудаар ая барьлаа. Уран бүтээлээ өргөн барьсан дараагийн дуучин бол Р.Дэлгэрмаа. Тэрээр “Намуун байгаль” хэмэх сайхан дуугаар үзэгчидтэйгээ мэндчилсэн ба өөрийн уран бүтээл болох “Итгэлийн гэрэл” хэмээх дуугаа дуулж сонирхуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдсан.

Дуучин Л.Чулуунбаатарын бэлэг

Дуучин Л.Чулуунбаатар “Аавдаа бичсэн захидал” дуугаа дуулсны дараа үзэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, өөрийн шинэхэн уран бүтээлээ дуучин Эрдэнэтунгалагтай хамтран дуулсан юм. Тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид тус дууны анхны сонсогчид болсон.

Г.Эрдэнтунгалагийн энерги

МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг тайзнаа гарч ирээд үзэгчдэд хандан  та нар өөрсдөдөө чин сэтгэлээсээ “хайртай шүү” хэмээн хэлж энергиэ сайжруулж байгаарай гээд “Түвшинбаяр” дуугаа дуулсан юм. Мөн тэнд хуран цугларсан босоо заяатай эрчүүддээ зориулан “Тэнгэрлэг эрчүүд” дуугаа дуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдаж дараагийн дууг дахин дуулуулахаар алга нижигнүүлэн ташсанаар “Хайрлаарай” дуу тайзнаа эгшиглэлээ. Тэрээр дуугаа ямар ч хөгжимгүй дуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдсан.

Тоглолт МУСТА С.Хишигбаярын “Намрын дурсамж”, "Амартүвшин”, "Охин заяа” болон дуучин Э.Оюумаагийн  “Эхийн сэтгэл” , “Нарны унага” дуунуудаар үргэлжиллээ.

Тайзны арын дэлгэцэн дээр дараагийн  гарч ирэх дуучин тодорлоо. Түүнийг гарч ирэхийн өмнө тайзны араас хөтлөгч Оюука дуучин Л.Банзрагчтай бяцхан яриа өрнүүлэн Ямар дуу дуулах гэж байгааг нь сонирхоход Л.Банзрагч  “Чамайгаа санана” “Бурхан буурал эжий” дуунуудаа хүргэнэ гэсээр тайзан дээр гарч ирэв. Түүний үзэгчид халуун дотно алга ташилтаар угтан авсан юм. Дуулсан дуунд уярсан зритель дахин дуулуулахыг хүсэхэд “Хүрэн толгой” хэмээх уртын дууг цангинатал дуулж  хариу барьсан.

Т.Батсайханы бага нас

Ингээд тоглолт дундаа орж Т.Батсайхан тайзнаа гарч ирэн өөрийн 6 настай байх үе рүүгээ буцсан. Дэлгэцэн дээр нэгэн хүү гарч ирлээ. Түүнээс

-Чамайг хэн гэдэг вэ?

-Намайг Т.Батсайхан гэдэг.

-Чи хэдэн настай вэ?

-Би 6 настай.

-Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Би том болоод дуучин болно. Би Г.Эрдэнэтунгалаг эгчтэй хамтран дуулахыг хүсдэг гэхэд дуучин Г.Эрдэнэтунгалаг тайзнаа гарч ирэв. Тэд “Бодолд өнжсөн хайр”,”Ханьсахын жаргал”,гэсэн сайхан дуунуудаа хүргэлээ.

Дуучин Л.Чулуунбаатар “Эр хүн шиг эр хүн дээ” “Хархан нүдтэй Сүндэряа”, дуучин Э.Оюумаа “Хайрын танго” дуугаараа тоглолтыг үргэлжлүүлсэн.

“Сэтгэлийн булаг” “Хайрлан дуулмаар байна” гэсэн сайхан дуунуудаа үзэгчдэдээ өргөн барихаар  С.Хишигбаяр Р.Дэлгэрмаа нар гарч ирсэн. Харин дуучин Л.Банзрагч ардын сайхан дуунуудаасаа дуулсан нь үзэгчдээс алга ташилтыг харамгүй авсан.

3 цаг үргэжилсэн уг тоглолт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж ойрд сонсоогүй дуучдынхаа дууг сонссон үзэгчид сэтгэл хангалуун тус тоглолтоос гарцгаасан юм.



Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top