Одоогоос хоёр жилийн өмнө “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг гэмт хэргийн сүлжээнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг холбоотой хэмээн бичсэн нь шүүхийн хаалга татах үндэслэл болсон. Хэдийгээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэл гаргагч Б.Наранхүү дахин гомдол гаргаснаар нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн юм. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр уг хэргийг хаалттай хэлэлцэж, сэтгүүлчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулав. Хэн хэн нь өөрийгөө буруугүй гэж үзсэн болохоор тэднийг Дуэльд дуудлаа. Тэдний ярьснаас уншигч та бүхэн хэнийх нь буруу, зөв болохыг тунгаана биз ээ.
Сэтгүүлчийн эрэл хийсэн талыг төлөөлөн Д.Болормаа Дуэльд дараах хариултыг өглөө.
Д.Болормаа: Сэтгүүлч бүрийг ингэж яллаад байвал эрүүл нийгэм, шударга ёсны төлөө хэн дуугарах юм бэ

- Шүүхийн шийдвэрийг хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?
- Шүүх хуралдаан дөрвөн цаг үргэлжилсэн. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гурван минутын дотор гарсан. Үүнийг юу гэж ойлгох вэ? Шүүх хуралдааны явцад ажиглаж байхад Б.Наранхүүгээс илүү прокурор, шүүгч л гомдолтой хэмээн илт нэг талыг бариад хэлэлцсэн. Би нэг л зүйлийг хэлье. Би цагдаагийн ажилтан биш. Тухайн үед бүртгэгдсэн бага насны охидыг садар самуунд уруу татаж, худалдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан уу гэвэл байсан. Нийтлэл бичихээс өмнө биеэ үнэлсэн бага насны хэд хэдэн охинтой уулзахад тэд “Наранхүү гэдэг захирал надад бэлгийн харьцаанд орох санал тавьсан. 400 ам.доллар өгье” гэж хэлсэн тухай ярьж байсан. Тэдний дундаас А гэдэг охин “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү надад энэ саналыг тавьсан. Би түүнтэй хоёр удаа уулзаж саарал өнгийн жийп машинд нь суусан” гээд тодорхой ярьсан. Харамсалтай нь, энэ охин маань хожим мэдүүлгээ эрс өөрчлөөд би ялагдал хүлээгээд сууж байна. Мэдүүлэг өөрчлөх болсон асуудал нь таван сая төгрөгтэй холбоотой юм билээ. Хохирогч охидод таван сая төгрөг өгсөн тухай асуудлыг гэрчилдэг мөрдөн байцаагч ч байдаг. Даанч үүнийг холбогдох байгууллага нь шалгаагүй.
- Та нийтлэлийг бичихдээ өөр хүнтэй андуураагүй биз?
-Би өнөөдрийг хүртэл андуураагүй гэж үздэг. Үүнийгээ ч шүүх хуралдааны явцад Б.Наранхүүд “Өөрөөс чинь уучлалт гуйх боломжгүй. Яагаад гэвэл надад өөрийг чинь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн баримт, итгэл үнэмшил байна” гэж хэлсэн. Өөрийнхөө эрх ашгийн төлөө би яваагүй. Хүн худалдаалах, тэр дундаа бага насны охидыг садар самуунд уруу татсан гээд нийгэмд байж болшгүй хууль бус зүйлийн эсрэг явсныхаа төлөө буруутан боллоо. Сэтгүүл зүйд хоточ банхрын үүрэг гүйцэтгэх сэтгүүлч бүрийг ингэж яллаад байвал эрүүл нийгэм, шударга ёсны төлөө хэн дуугарах юм бэ.
- Шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талынхантай уулзсан уу?
-Уулзаагүй. Шүүх хуралдааны үеэр уучлалт гуйгаад эвлэрэх тухай яриа бол гарсан. Гэхдээ би хүсээгүй. Би шударга үнэнд ялагдаагүй. Харин эрх мэдэл, мөнгөнд ялагдсан. Тиймээс манай өмгөөлөгч давж заалдана гэсэн.
Харин гүтгүүлсэн гэх талыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дуэльд дараах хариултыг өгч байна.
Б.Наранхүү: Сэтгүүлчид “Зохих хэмжээний шийтгэл амсчих" гэж хэлсэн

- Шүүхийн шийдврийг хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?
-Зүйл ангиараа баривчлах, торгох ялтай юм байна. Хамгийн бага шийтгэл оноож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу торгуулийн ял оноосон байх. Залуу хүн алдаан дээрээ ухаараад үнэнийг бичдэг болбол маш сайн хэрэг. Ертөнцөд хамгийн аюултай зүйл гэвэл үнэнийг гуйвуулсан худал гэсэн үг бий. Шүүгч сэтгүүлчид торгуулийн ял оноолоо. Цалингийн доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ гэчихэв дээ мөнгөний тоог нь анзаарсангүй.
- Та уужим байж энэ асуудлыг орхичихож болоогүй юм уу?
- Надаас ганц удаа ч уучлал гуйгаагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичсэн зүйлээ үнэн мэтээр олон нийтэд ойлгуулж явлаа. “Сэтгүүлч цагаадлаа”, “Сэтгүүлч яллаа” гэх зэрэг мэдээллийг олон нийтэд цацлаа шүү дээ. Энэ нь өөрөө маш их хор хохиролтой. Би мянга гаруй удаа сониноор муу, сайнаа хэлүүлж явсан юм билээ. Янз бүрээр гүтгүүлж л байсан. Гэхдээ энэ удаагийнх арай хэрээс хэтэрсэн гүтгэлэг болсон. Эмэгтэй хүн сонсоход, гадаад улсад сонсогдоход гутамшигтай муухай асуудлаар гүтгэж доромжилсон нь арай л хэтэрсэн зүйл.
- Сэтгүүлчтэй уулзсан уу?
-Уулзаж сайн зөвлөгөө өгсөн. Харахад нүдэнд дулаахан бүсгүй байна лээ. Яагаад ийм зүйл хийчихэв дээ гэж харамсаад сууж байлаа. Буруу зүйл хийсэн бол хүлээх, уучлал гуйх чадвартай байх ёстой гэдгийг зөвлөсөн. Сая хурлын үеэр шүүгч “Өөрөө уучлал гуйх уу" гэж асуухад тэр сэтгүүлч “Үүнд хариулахгүй” гэж байна лээ. Тэгэхээр санаатайгаар хийсэн ажил болов уу. Сэтгүүлчид би “Зохих хэмжээний шийтгэл амсчих. Хожмын өдөр сэтгэл чинь ариун болно. Буруу үйлийг цайруулж байж сайн сайханд хүрдэг. Тэгэхгүйгээр муу аргаар буруу зүйлийг өөгшүүлээд, сэтгэлдээ хоногшуулаад явбал насан туршдаа харамсч, илүү хүнд шийтгүүлдэг. Тиймээс өнөөдөр тодорхой хэмжээнд шийтгүүлэх нь алсдаа өөрт чинь хэрэгтэй. Би буруу зүйлээ цайруулчихсан. Одоо зөв замаар явах ёстой гэж зөв гарцаа олох ёстой” гэдгийг л хэлсэн. Ингэж ч ойлгож байгаа.
Бэлтгэсэн А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Ичиж үхмнэр