“Индэр” булан энэ удаад барилга болон амь нас сэдвийн дор иргэдийнхээ үзэл, бодлыг хүргэхийг зорьлоо. Энэ сар гарсаар хэд хэдэн хүний амь хариуцлагагүй барилгын компаниудын улмаас эрсдэж, зарим нь хүндээр гэмтээд байна.
Иргэдийн хувьд барилга барихдаа тэдний эрх ашигт халдалгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй гэдэг нэгэн өнцөгт үзэл бодол нь нийлж байв. Түүнчлэн сүүлийн үед нийтийн эзэмшлийн талбайд хороо, цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж хашаа хатгамагцаа орон сууц босгодог төдийгүй уг зөвшөөрөл бүхий газраасаа тэлж сууриа цутгадаг, цэцэрлэг, сургуулийн эзэмшлийн талбайд метр ч хүрэхгүй зайд 10-аас хол давсан давхар өндөр барилга барьдаг. Газар дээр нь очиж харвал хэний хүүхдийн дээрээс юу ч унаж мэдэх нөхцөл ажиглагдана.
ХУД 18-р сургууль

Сүхбаатар дүүрэг 149-р цэцэрлэг

Амь нас, эрүүл мэндээр хохироох болсон дуулиант барилгууд
Барилгын компаниудын аюулгүйн хамгаалалтгүй, зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй машин механизм, олны хөл ихтэй газар автозамтай тулгаж барьснаас үүдэн дараах хэргүүд гараад байна.
2012.09.03-нд Гуравдугаар эмнэлгийн баруун талд 12 настай охин ээж эгч хоёртойгоо гарцаар гарч явахад нь “Төгсбүрэн” компанийн барилгаас томп толгойд нь унаж, газар дээрээ амь эрсдэв.

2012.09.08-нд "Хурд" компанийн барилга дээр ажиллаж байсан өргөгч цамхаг хугарснаас үүдэн 26 настай краны жолооч Э хорвоог орхив.

2012.09.17-нд “Эко констракшн” компанийн 22 давхар үйлчилгээний зориулалттай барилгаас төмөр унаж 19 настай залуу алтан амиа алдав.

2012.09.20-нд ХУД 18-р сургуулийн хажууд 12 давхар байшингийн зургаадугаар давхарт байрлаж байсан өргөгч тавцангийн бэхэлгээний олс тасарч 25-30 насны хоёр залуу барилгаас унаж хүнд гэмтэв. Уг барилгын гүйцэтгэгч “Төгс-Үлэмж” ХХК юм.

ХУД-ийн 1-р хорооны иргэн, өндөр настан З.Одмаа: Худлаа пантам байгуулна гэчихээд л өндөр барилга босгосон
-Баригдаж байгаа барилгууд аюулгүйн нөхцөл байдал хангаагүйгээс бидний адил нилээд хэдэн иргэний амь эрсдлээ. Энэ тухайд иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо хуваалцахгүй юу?
-Манай хүмүүсийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Барилгыг бариулж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалалтыг муу хийснээс болж байна гэж бодож байна.
-Цаашид ямар арга хэмжээ авсан дээр вэ?
-Барилга бариулж байгаа хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Техник хэрэгслээ баталгаатай байлгаж, хөдөлмөр хамгаалалтыг сайн гүйцэтгэж байх хэрэгтэй.
-Хотын удирдлагууд шинээр томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Шинэ удирдлагууд ажлаа хэрхэн эхлүүлж байна вэ?
-Ер нь гайгүй шүү. Манай энэ байрны урд өндөр барилга барьчихсан. Нар үзэхгүй шүү дээ. Тэгээд Э.Бат-Үүл зарим барилгуудыг зогсоосон. Байрны завсарт дүүрэн хог, гудамжныхан ирээд бие засна. Энэ их боссон хөрөнгийг нураах хэцүү л байлгүй дээ. Гэхдээ л оршин суугчид, хүүхэд бидэнд нар хэрэгтэй байна.

-Төрийн удирдлагууд болон эдгээр баригдаж байгаа барилгын компанийханд хэлэх зүйл байвал хэлж болно?
-Зөвшөөрөлтэй л газраа барих хэрэгтэй л дээ. Худлаа пантам байгуулна гэчихээд л өндөр барилга босгосон. Тэгж болохгүй шүү дээ. Барилгынхан худал хэлж барина гэсэн юмаа барихгүй байна гэдэг чинь тусгүй хэрэг ээ. Надад энэ асуудал таалагдахгүй байгаа. Хэрэв энэ газарт барилга бариагүй бол сайхан нарлах газар байж болох л байсан.
Төмөр замын ажилтан Л.Цэрмаа: Эх хүний хувьд үнэхээр харамсаж байна
-Баригдаж байгаа барилгын аюулгүй байдал муугаас, олны хөл их газар замд тулгаж газар авснаас, шаардлага хангахгүй техник хэрэгслээс болоод хэд хэдэн хүн амь насаа алдлаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байна?
-Монголд барилгын салбар үүсч, хөгждөг нь зөв. Үүнийгээ дагаад сөрөг зүйл ажиглагдах боллоо. Барилга барих зөвшөөрөлгүй газар стандартын бус материалаар бариад л. Зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй байж чанар муутай барилга барьснаас хүний алтан амь эрсдэж байна. Миний хүү шиг 19 настай хүүхэд гудамжинд явж байгаад л амь эрсдчихсэн. Эх хүний хувьд үнэхээр их харамсаж байна. Би өөрөө таван хүүхдийн ээж. Гэтэл тэр жаахан хүүхдийн толгой дээрээс юм унаад л. Энэ бол эмгэнэлтэй. Барилга барих зөвшөөрөл байгууллага нь хяналт тавих ёстой байхгүй юу. Үнэхээр орчин үеийн, шаардлага хангасан, стандарт чанартай, ямар орчин нөхцөлд барьж байгааг нь Мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх хэрэгтэй шүү дээ. Тал талдаа ажлаа хийхгүй байна. Нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөл өгдөг. Тэгээд л тэр газар нь юу барина гэж зөвшөөрөл авсан байдаг юм нэг юм төлөвлөдөг л байх. Эрх чөлөөний талбайд усан оргилуур барьна гээд л худлаа хэлж аваад барилга барьчихсан. Тэрэндээ тэгээд хяналт шалгалт хийдэггүй.
-Барилгын салбарт гарч байгаа энэ осол гэмтлийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Албан ёсны ямар нэг зөвшөөрөлтэй байж болно. Гэхдээ зохих журмын дагуу ямар газар барих ёстой зөвшөөрөлтэй байдаг юм тэр газраа л зөв сонгож оруулах нь зүйтэй.
-Хотын удирдлагууд шинээр томилогдсон байгаа. Тэд ажлаа хэрхэн эхлүүлж байна гэж бодож байна?
-Би бол үнэхээрийн зөв эхлүүлж байна гэж бодож байгаа. Э.Бат-Үүл дарга үнэхээр санаачлагатай байна. Жишээлбэл, хууль бус баригдаж байгаа барилгуудад эрчим хүчийг нь өгөхгүй гэж хэлсэн юм билээ. Тэгэхэд тогоо авчихсан барилгаа бариад байж байгаа байхгүй юу.
-Хариуцлага алдсан компанид ямар хэмжээ авбал зохистой вэ?
-Шийтгэл өгөх хэрэгтэй. Хүний амь гэдэг үнэ цэнэтэй. Тэр хувийн компаниуд зөндөө л ашиг олж байгаа шүү дээ. Хэтэрхий хувийн ашиг хайж байна. Ажиллаж байгаа хүнээ аюулгүй байдлыг нь хангахгүй л байна шүү дээ. Манайд хууль чанга, хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Яагаад Хотын дарга нь зөвшөөрөлгүй барилгыг барихыг зогсооно гэсээр байхад цахилгааныг нь өгсөн байдаг юм. Нэг нь санаачлага гаргаж байхад тэрийг нь дэмждэггүй их том дутагдал байна. Ер нь тэгээд амьд явах баталгаа байна уу, Үнэндээ баталгаагүй болчихоод байна. Ёстой тэр хүүхдүүдийн ээж, аавд нь эмгэнэл илэрхийлмээр байна. Үнэхээр харамсалтай.
БЗД-ийн иргэн Ч.Бат: Гадаадын барилгын компаниуд аюулгүй байдалд өндөр түвшинд анхаарч ажилладаг
-Барилгын ажил явагдах улирал эхэлснээр хүний амь эрсдэх боллоо. Жирийн иргэнээ алдсан иргэн хүний хувьд ямар бодолтой явж байна?
-Юун түрүүнд хөдөлмөр аюулгүй байдлаа л хангаж ажиллах хэрэгтэй л дээ. Хэн нэгний алдаа ч юмуу, хэн нэгнийг буруутгахаасаа илүү аюулгүй байдлаа л хангах хэрэгтэй.
-Цаашид ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
-Тухайн барьж байгаа барилгын компанийн хариуцлага л байх даа.
-Холбогдох удирдлагуудад болоод барилгын компаниудад хандаж хэлэх үг байвал нээлттэй?
-Дор бүртээ хийсэн ажилдаа эзэн болоосой л гэж бодож байна. Өөрийн хийсэн ажилдаа хариуцлагатай хандах ёстой.
-Хүний амь эрсдээд л 250,000 мянгаар торголоо гэх юм. Энэ хэр зөв тогтолцоо бол?
-Энэ болохгүй ээ. Арай ч болохгүй. Гол нь аюулгүй байдлыг хангах шүү дээ. Гадаадын компаниуд энэ асуудалд маш өндөр түвшинд анхаарч ажилладаг ш дээ.
Механик инженерийн сургуулийн 1-р ангийн оюутан Т.Анхболд: Тэдний оронд бид нар явж байгаад үхэх байсан ч юм билүү
-Баригдаж байгаа барилгуудаас болоод хүний амь эрсдээд байна. Энэ тал дээр ямар бодолтой явна вэ?
-Харамсалтай л байна.
-Цаашид ямар шийдвэр, арга хэмжээ авах нь зөв бэ?
-Мэргэжлийн хяналтынхан ажлаа сайн хийх хэрэгтэй. Шаардлагаа өндөр тавиад. Хэдхэн Монголчууд чинь үхээд дуусах юм бол юу үлдэх юм бэ. Хоёр долоо хоногт дөрвөн хүн үхэж байна шүү дээ. Тэдний оронд бид нар явж байгаад үхэх байсан ч юм билүү. Бид нарт бол харамсалтай л байна.
-Төр засгийн удирдлагууд, барилгын компаниудад хандаж үгээ хэлж болно?
-Анхаарал тавих л хэрэгтэй. Нилээн олон барилгын компани байдаг юм шиг байна билээ. Чанартай ч, чанаргүй ч байна. Анхаарал тавьмаар юм аа.
ХУД-ийн өндөр настан Д.Жавзандулам: Жирийн иргэдэд газар олддоггүй
-Нилээд олон хүний амь хариуцлага алдсан барилгуудын улмаас эрсдчихлээ шүү дээ. Энэ тухайд ямар бодолтой байна?
-Энэ сайхан залуус амь нас нь эрсдэж байгаад харамсаж байна. Эх хүний хувьд телевизээр сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэж байлаа. Ер нь зөвшөөрөлгүй барилга баригдаад байна гэдэг чинь харамсалтай юм даа. Нийслэлийн хувьд эмгэнэл юм. Жирийн иргэдэд болохоор оногдох газар нь олддоггүй. Мөнгөтэй баячуудад болохоор ийм том талбай өгөхийн зэрэгцээ өөрсдөө томсгож аваад л байшин барилга бариад байна гэдэг буруу. Байрнуудын дундуур явах ямар ч баталгаагүй болчихоод байна. Явах газар байхгүй. Үнэхээр харамсаж байна.
-Үүнд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
-Дорвитой арга хэмжээ авах шаардлагатай л гэж бодож байна. Нэгэнт төр засаг удирдлага гэж байна. Яагаад төр засаг улсын нийслэлийнхээ шийдвэрийг зөрчөөд өөрийн ганц эрх ашгийг бодож иргэдийг хохироогоод байгаа юм. Буулгах байдаг юм бол үнэхээр түүнийгээ буулгаж харуулах хэрэгтэй байна шүү дээ. Том толгойлсон хувиа хичээсэн хүмүүст нураадаг юмаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй байна шүү дээ.
-Холбогдох хүмүүст хэлэх зүйл байвал манай сайтаар дамжуулж илэрхийлж болно?
-Компаниудын хувьд ойлгож болно л доо. Олон хүнийг ажлын байраар хангаж байгаа байх. Нэг компаний цаана олон хүн байгаа гэдгийг мэдэрч байна. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэж байгаа талбайн инженер юу хийж байдаг юм. Инженер техникийн ажилтан нь яасан юм. Удирдлагууд нь тэднийхээ ажлыг хянаж байх хэрэгтэй. Өглөө ирээд холбогдох инженерүүд нь талбайгаараа яваад үзсэн бол төмөр унахгүй байсан ч юм билүү.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n