УИХ-ын дарга Захирамж гарган Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллах бол гишүүдэд С.Ганбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан гэсэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөллийг тэнцүү багтаажээ.
Тус ажлын хэсгийхэн өнөөдөр Нийсэлийн удирдлагуудтай уулзаж барилгын салбарт үүссэн хариуцлагагүй байдал, асуудлыг шийдвэрлэх гарцын талаар санал солилцжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга, нийсэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир болон Нийслэлийн газрын албаны дарга, орлогч дарга нар уулзалтад оролцов.
УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн хувьд, сүүлийн үед хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа алдагдаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал удаа дараа гарч байгаа тул хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг онцлоод, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын тоо, сүүлийн таван жилд барилгын ослоос болж амь насаа алдсан иргэдийн судалгаа, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга болон газар эзэмшихтэй холбоотой гарч байгаа зөрчлийг арилгах, шийдвэрлэх хууль эрх зүйн орчны тухай тодруулга авч саналаа хэлжээ.
Мөн нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нарт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын түүхийг нарийвчлан гаргаж танилцуулах, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Хуулийн хэлтсийн дарга О.Машбатаар ахлуулан байгуулах, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтэд хяналт тавих зэрэг үүргийг өглөө. Ирэх долоо хоногийн лхагва гариг гэхэд эдгээр үүргийг гүйцэтгэж танилцуулах ёстой гэдгийг НИТХ-ын Д.Баттулга хэлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг барилгын салбарт хийсэн шалгалтыг есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгээд аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах талаар Улаанбаатар хотын ЗДТГ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )