“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өчигдөр 10 гаруй цаг хэлэлцэж, шөнийн 00.20 цагийн үед шүүхийн шийдвэр гарсан байна. Тэдний гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оногдоод байсан.
Харин Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд хамруулсан.
Хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчэээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн оролцлоо. Харин яллагдагч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар оролцов. Цагдаагийн дарга нар дахин Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )