Монголын анхны хоёр хувилбарт "Үндэсний мэдээ" сонин уншигч захиалагчиддаа 25 авто машины эзэн болох супер дээд хонжворыг зарласан нь "Хамгийн том хонжвортой сонин" гэсэн алдрыг ард түмнээсээ хүртэхэд хүргэсэн билээ. Урьд өмнө олгогдож байгаагүй энэ автомашины эздийг тохируулах сугалааны тохирлыг энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд TV-5 телевизээр шууд явуулахаар зарласан. Өчигдөр буюу есдүгээр сарын 20-ны 20 цаг 45 минутаас Улаанбаатар хотын азтануудаа тодрууллаа.Аз нь алгандаа багтаж ядсан эдгээр азтанууд бол Т.Бямбаа, Ц.Цэрэнжаргал, Р.Болд, Ч.Чулуухай нар юм.
Алтан шар замын минь их мялаалга юм
“TV-5” телевизээр өчигдөр орой сугалааны тохирлын нэвтрүүлэг явсны "Үндэсний мэдээ" сонины редакцид зочилсон хүний нэг нь Түдэвийн Бямбаа юм. Тэрээр “Би ажил дээрээсээ ирлээ. Азтай яваадаа баярлаж байна” гэсэн юм.
Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Бямбаа нь 1971 онд найман жилийн дунд сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА-н техниккумд элсчээ. Малын эмчийн мэргэжлээр суралцан сургуулиа дүүргэн тухайн үеийн Төв аймгийн Баянзүрх суманд ажилласан байна. 1977 он хүртэл ХАА-н салбарт ажиллаж байгаад цэргийн албанд татагдан улмаар жолооч болжээ. 1980 оноос тэр үеийн Төв хороо, Засгийн газрын автобаазад 1996 он хүртэл ажиллажээ. Түүнээс хойш одоог хүртэл Турк улсаас манай улсад суугаа ЭСЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Шахуу ажилтай, цаг нарыг нарийн тооцдог газарт алба хашиж буй Т.Бямбаа азтай захиалагч болсноо дуулмагц Элчин сайддаа хэлжээ. Монголд суугаа Турк улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мустафа Сарныч нь баяр хүргээд, “Сонины редакци дээр очихдоо миний нэрийн өмнөөс болон манай хамт олны нэрийн өмнөөс “Үндэсний мэдээ” сонины хамт олонд талархал илэрхийлээрэй” гэжээ. Түүнийг нь дамжуулахдаа ч таатай байна билээ. Мөн “Гучин дөрвөн жил жолоо мушгисан миний алтан шар замыг автомашинаар мялаасан "Үндэсний мэдээ" сонинд баярлахын ялдамд Монголын хэвлэл, мэдээллийн салбарынхан, захиалагч, уншигч өргөн олонтой өөрийн баяр хөөрөө хуваалцаж байгааг минь дамжуулж өгнө үү. Би цаашид танай сонины байнгын уншигч байх болно” гэж азтан Т.Бямбаа баяр хөөр дүүрэн хэлсэн юм.
Сонины хайчилбар хийдэг хурандаа
"Үндэсний мэдээ" сонины азтай захиалагч, одтой уншигчдын нэг нь Рэнцэнгийн Болд хурандаа юм. Улаанбаатар хотын унаган иргэн, Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрдөг тэрбээр гэр бүлийн хүнийхээ хамт тус сонины редакцид хүрэлцэн ирж баярласнаа илэрхийлсэн юм.
"1967 оноос эдүгээг хүртэл Төв шууданд хайрцагтай, тэндээсээ өдөр бүр хэвлэлээ авдаг “чухал” ажилтай. Энэ ажлын маань нэг үр дүн гарлаа" гэж хэлж байв.
Нийслэлийн азтай захиалагчдын нэг Р.Болд Тагнуулын болон дипломат албанд зүтгэж Энэтхэгт ЭСЯ-нд атташейгаас зөвлөх хүртэл ажиллаж байжээ. 1960-аад оны алдарт нэгдүгээр сургуулийг төгсөгч тэрбээр хожмоо Олон улсын харилцааны сургууль дүүргэжээ.
-Урьд өмнө нь ямар нэгэн сугалаанаас хонжвор авч байв уу гэсэн асуултад “Үзэг, харандаа зэргийг бол авч байсан. Харин энэ удаа санаанд оромгүй аз тохиолоо” гэж хариулсан юм.
“Сүүлийн жилүүдэд эрхэлдэг ажлын маань нэг гол хэсэг нь сонин, хэвлэл унших л болж дээ. Голдуу “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Тэргүүн” “Хөх толбо” болон "Үндэсний мэдээ" сониныг захиалан уншдаг. Хэвлэл сонинд их хайртай. Сонины хайчилбар хийдэг дээ. Энэ сонины хувьд зохион байгуулалт сайтай. Шаабарын нийтлэлүүд болон улс төр, гадаад мэдээнүүд давгүй байдаг. Танин мэдэхүйн талаар бүр илүү нэмж бичвэл их зүгээр байна. Одоо ч мэдээлэл их өргөн болж дээ. Би гадаад хэлтэй хүн л дээ. Танай сониныг өөр олон чанартай нийтлэл, мэдээллийг гадаадын агентлаг, хэвлэл мэдээллээс авч орчуулан уншигчдадаа хүргээсэй гэж хүсч байна. Ахмадын баяр тохиолдож байгаа энэ үед азын хонжвор сугалаа таарсанд баяртай байна. Энэ баярыг тохиолдуулан ахмадууддаа баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахыг ерөөж байна. “Үндэсний мэдээ” сонины хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийгэм хөгжиж байгаа энэ үед манай гэрэлт ирээдүй болсон залуу үе маань нам дагахаас илүү ном сонин хэвлэл мэдээллийг сайн ашиглаж байхыг зөвлөж байна” гэсэн эрхэм захиалагч, уншигчийн үгийг танд хүргэж байгаадаа таатай байна.
Азтан Чойжигийн Чулуухай: “АА“ дугаар ч авч байв
-Би 1937 онд төрсөн. Увс аймгийн Түргэн сумын хүн. 1962 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн. Би аж үйлдвэрийн комбинатаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тус комбинатад цахилгааны инженер, дараа нь Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн дарга, Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийн ахлах мастер, захирлаар нь 18 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр үед үйлдвэрийн цахилгаанчны мэргэжил ховор байсан болохоор физикийн багш нар үйлдвэрүүдэд ажиллаж байв.
“Үндэсний мэдээ” сонинг өнгөрсөн жилийн намар анх эхэлж гарахад нь захиалсан. Хамгийн гол нь нам хамаагүй сонин, бас уншууртай. Автомашины супер хонжвор ч тус сонинг захиалахад нөлөөлсөн. Ер нь би машины сонирхолтой л доо. Социализмын үед “Москвич” машин унаж байлаа. Тэр миний анхны машин байсан. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, үйлдвэрийн дарга, их сургуулийн захирал, хотын орлогч гээд 20 гаран хүн тусгай дугаартай машин унадаг байсан. Тухайлбал, “АА” дугаар юм. Одоо би эксель машин унадаг. Энэ хоёр машины дунд “ГАЗ-3110” машинтай байлаа.
Ямар ч байсан сониноо өдөр тутам авч уншдаг болохоор супер автомашины Улаанбаатар хотын азтаны тохирол өнөөдөр /өчигдөр/ “TV-5” телевизээр явагдана гэдгийг мэдэж байсан. Азтаны тохирлоо телевизээр харж суутал Чулуухай гэхээр нь арай би биш байгаа даа гээд бүр Чойжигийн гэж овгийг минь хэлэхээр л үнэмшсэн. Би гурав дахь азтан болсон. Тэгээд ахмад настай болсон ч гэсэн аз хийморьтой байгаа юм байна даа гэж их баярлаж байна. Бас даралт ихэсдэг болохоор даралтны эм уусан. Би 120 мянгатын шуудангийн салбарт хайрцагтай.
"Үндэсний мэдээ" сонины “Иргэн бүр сэтгүүлч болъё” булан таалагддаг. Би Улаанбаатарын утааны талаар юм бичиж нийтлүүлье гэж боддог. Гэр хорооллын уулын энгэрээр буучихсан хөдөөнөөс хотод орж ирсэн бичиг баримтгүй иргэдийг бүртгээд, өөрсдийнх нь хүслээр тухайн аймаг суманд нь ч юм уу, мал маллах сонирхолтой бол утаанд зарцуулж байгаа мөнгөөс тэднийг малжуулбал болно. Энэ нь Улаанбаатарын механик өсөлтийг бууруулна. Ингэснээр хүний амьдрал ч дээшилнэ. Энэ булан нь хүний загатнасан газрыг маажна гэгчээр засаг төрийн хийгээсэй, хүмүүс үүнийг л хийчихээсэй гэсэн санаа, үзэл бодлоо бичдэг болохоор сайшаалтай байдаг.
Ү.ЭНХЗАЯА
Сэтгэгдэл ( 0 )