Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдах боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудал хийгээд мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын асуудал сүүлийн жилүүдэд хурцадмал байдалтай байсаар ирсэн. Энэ хүрээнд УНДЕГ-аас “Зах худалдааны төвүүдэд ажиллаж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт уулзалт ярилцлагыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ үеэр  Нийгмийн даатгалын байгууллага,  МҮЭХ (Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо), МАОЭХ(ажил олгогч эздийн холбоо), нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй зах худалдааны төвийн удирдлагууд оролцсон байна.

Талууд албан бус секторт ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаат байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг олон талт асуудлын хүрээнд харилцан хамааралтай ажилладаг ч ийнхүү нэг дор хуралдаж, харилцан мэдээлэл солилцож байсан удаагүй юм. Энэ үеэр зах, худалдааны төвүүдийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, түрээсийн гэрээнд сайн дурын даатгалд хамрагдах тухай заалт оруулах боломж байгаа эсэх, захын байцаагч нарыг нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгчөөр ажиллуулах боломж зэргийг тус тус судлах тухай санал солилцжээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах нь нэг өдөрт амжуулахгүй ажил учир тасралтгүйгээр энэ асуудлыг хэлэлцэж, яаралтай ажил хэрэг болгох учиртай талаар албаныхан хурлын үеэр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top