Эмнэлгүүдийн барилгын явц удаашралтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Сүүлийн жилүүдэд манай улсын эмнэлгийн тоо хүртээмж хүрэлцээгүй болсоноос шалтгаалж шинэ амаржих газар болон клиник эмнэлгүүд шинээр баригдах болон өргөтгөлийн ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл зарим эмнэлгийн барилгууд товлосон хугацаандаа баригдаж дуусаагүй байна.

1-амаржих газрын барилгын өргөтгөл

150 ортой тус өргөтгөлийн барилгыг “Бороо гоулд” ХХК, “Сентера гоулд” ХХК-ний 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цаст консерциум” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Цахилгаан, цэвэр бохир ус, салхивчийн хоолойн шугам угсралтын ажил, дээврийн ажил, гадна аврах гарцны төмөр шатны угсралтын ажил, пандус, довжооны ажил дууссан. Цахилгаан шат угсрах, хүчилтөрөгчийн системийн шугам хоолой угсрах, гадна фасад, дотор заслын ажлууд тус тус хийгдэж байна.


3-р амаржих газрын шинэ барилга

150 ортой Нийслэлийн 3-р амаржих газрын барилга нь А блок буюу үндсэн барилга, ”Б” блок буюу эмгэг судлалын тасгийн барилга гэсэн үндсэн 2 блокоос бүрдэх ба тэдгээрийг холбох хүзүүвчтэй байна. Барилга нь зоорийн давхартай, нийтдээ 6 давхар юм.  

Уг барилгын нийт төсөв өртөг 9.05 тэрбум төгрөг ба 2011 онд улсын төсвийн төлөвлөгөөнд 1.0 тэрбум төгрөг батлагдаж, мөн ондоо суурийн ажил хийгдсэн. 2012 онд улсын төсвийн төлөвлөгөөнд 7.5 тэрбум төгрөг батлагдаж, гүйцэтгэгчээр “Цамхаг констракшн” ХХК шалгарч, 2012.07.29-нд гэрээ байгуулагдан, барилгын ажил эхлээд байна. Ажил дуусах хугацаа гэрээний дагуу 2013.10.01 байна. Өнөөдрийн байдлаар 1, 2-р давхрын хучилтын каркас зангидагдсан, цутгалт хийгдсэн. 3-р давхрын каркас зангидах ажил хийгдэж байна.

 

Улаанбаатар хотын эх нялхсын төв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой Улаанбаатар хотын Эх нялхсын төвийн барилга угсралтын ажлыг “Нийслэл Өргөө” ХХК гүйцэтгэж байна.

Тус барилга нь А,Б,В,Г блокоос бүрдсэн 9 хүртэлх давхар байх юм. Нийт төсөвт өртөг нь 19,0 тэрбум төгрөг, 2010 онд 2,6 тэрбум, 2011 онд 9,2 тэрбум, 2012 онд 6,0 тэрбум төгрөг батлагдсан.

Одоогийн байдлаар барилгын явц А,Б,В,Г блокийн каркас зангидаж, цутгалт хийгдэж дууссан. 2, 3, 4, 5-р давхрын өрлөг болон Д блокийн угсралт, гадна өрлөгийн ажил хийгдэж байна.

СБЭМН-ийн харъяа Сэргээн засах клиник сувилал

СБД-ийн 15-р хороонд баригдаж буй алслагдсан болон гэр хорооллын хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан Сэргээн засах клиник сувиллын барилгыг "Фамилисон" ХХК 886,642,560 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан барилга угсралтын ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар гадна цэвэр усны шугам, дотор халаалт, бохир усны хэвтээ түгээх шугамын угсралт, дотор, гадна шавардлага хийгдсэн. Дотор заслын ажил хийгдэж байна. Гэрээний дуусах хугацаа 2012.09.30.


Баянгол Эрүүл мэндийн төвийн барилга

100 ортой Баянгол Эрүүл мэндийн төвийн барилгыг “Гангар инвест” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд А, Б блокын каркас цутгасан. 2 блокын өрлөг болон гадна дотор цахилгаан, сантехникийн ажил хийгдэж байна. Гэрээний дүн 4,632,400,000.


Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга

Тус Эрүүл мэндийн төвийн барилгыг “Эм Ди констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний дүн 577,200,000 төгрөг. Одоогийн байдлаар суурийн болон 1-р давхрын хучилт хийгдсэн. 2-р давхрын өрлөг хийгдэж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top