Гэмт хэрэгтэн Ж.Нэргүйд 20 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21
Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хүн хүчиндэж хөнөөгөөд, цогцсыг нь жорлонгийнхоо нүхэнд хаясан Ж.Нэргүйг өнөөдөр шүүлээ. Шүүх хурал таван цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Ж.Нэргүйд 20 жилийн хорих ял оноов. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас хөнөөсөн хэмээн буруутгаж ялласан юм. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа, хохирогч, шүүгдэгчдийн ар гэрийнхэн оролцжээ.
 
Анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан хэмээх зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг. Гэвч талийгаачийн эцэг Г.Молотов үүнийг эсэргүүцэж, УЕПГ-ын дарга Д.Дорлигжавт хандсан юм. Харин Д.Дорлигжав ганцхан заалтаар зүйлчлэх хэрэг биш. Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.15, 126.1 зэрэг заалтуудаар зүйлчлэх хэрэгтэй хэмээн прокуруудад хэлжээ. Гэвч энэ сарын 10-нд болсон шүүх хурлын үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа нь 91.2.2-оос бусад зүйл ангийг нь хассан байна. Тиймээс өнөөдөр Ж.Нэргүйг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар буруутган шүүж, 20 жилийн ял оноолоо.

А.ТЭМҮР   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top