Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчдийн сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтын багшлах бүрэлдэхүүнд Дотоод хэргийн их сургуулийн багш, хурандаа Ю.Сэрсэнжав, ахлах мэргэжилтэн н.Одончимэг, Улаанбаатар дээд сургуулийн гэр бүлийн судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил, Улаанбаатар их сургуулийн багш Т.Мөнхдалай, “Зарц удирдагч сан” төрийн бус байгууллагын тэргүүн, лектор Д.Баяраа нар тус тус хамтран ажиллалаа. Сэтгэл зүйчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй 25 сэтгэл зүйч оролцож, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтыг хорих анги дахь сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйчдийн санал хүсэлтийг харгалзан, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн ажлын уламжлал, онцлог”, “Хорих байгууллагын сэтгэлзүйн ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, дэмжлэг туслалцаа”, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн судалгааны арга зүй, сан бүрдүүлэлт”, “Хоригдогсдын гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулах”, “Харилцааны ур чадвар, өөдрөг сэтгэлгээний хүч”, “Хорих байгууллага дахь нийгмийн ажил, сэтгэл зүйн үйлчилгээний уялдаа холбоо ба гадаадын зарим орны туршлага”, “Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, ангилал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйлчилгээний стандарт” зэрэг сэдвийн хүрээнд лекц семинар, дадлагын ажил хэлбэрээр явуулжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )