Н.Эрдэнэбат: Даатгуулаагүй машиныг торгож, журамлана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Өнөөдөр Монголын авто клуб хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь манай улс бүх машинуудаа даатгуулж эхлэх гэж байгаатай холбоотойгоор  23-нд буюу ням гаригт Сүхбаатарын талбайд Авто даатгал өдөрлөг зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Ингээд Монголын авто клубын зохион байгуулагч Н.Эрдэнэбатаас цөөн зүйл тодрууллаа.

-Жолооч нар машинаа хэр даатгуулж байна вэ?

-Даатгалын явц муу байна. Автомашины даатгал 35 хувьтай байна. Одоогоор 120 орчим мянган тээврийн хэрэгсэл даатгагдаагүй гэсэн тоо гарч байна. Иймд даатгалыг идэвхжүүлэх зорилгоор Монголын автоклубээс “Авто даатгалын өдөрлөг”-ийг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөг энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

-Ирэх сарын 1-нээс өмнө хамрагдаагүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Даатгуулаагүй тээврийн хэрэгслийг журамлана. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгөөр даатгуулах хүртэл нь торгох байгаа. Жолооч нар энэ хугацаанд амжиж даатгалын компаниа сонгож жолоочийн албан даатгалын хуулийн дагуу хариуцлагын даатгалдаа яаралтай даатгуулах хэрэгтэй.

-Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудад ямар хяналтыг тавьж байна вэ?

-Ерөнхий зохион байгуулагч Монголын автоклуб гэж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгалын холбоо энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс нилээдгүй ажил хийж, самбар таниулах хуудас наагдсан байна. Албан журмын даатгал гэдгийг онцлох хэрэгтэй.

-Даатгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

- Ямар ч тээврийн хэрэгсэл осолд орсон хохирогч тал нь хохирлоо авна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй ч юмуу, нөхөн төлбөр авч чадахгүй гэж байхгүй. Хуулийн дагуу сан үүсч байгаа. Тийм учраас хохирлоо авч чадахгүй гэсэн асуудал гарахгүй.

-Жил бүр даатгуулах ёстой юу?

-Энэ хууль олон улсад хэрэгжээд удчихсан л даа. Манай улсад бол энэ жил хэрэгжиж байна. Жилд нэг удаа хураамжаа төлнө. Энэ хугацаанд даатгал хүчин төгөлдөр байна.

-Автомашины ангилалаас хамаарч даатгуулах хураамж өөр байх уу?

-Тиймээ. Өөр өөр байна. A ангилал буюу мотоцикло 12.000 мянга, B ангилал нь 33.000 мянга, C, D гэхээр өсч байгаа юм. Хөдөө орон нутагт энэ үнээс буурна. Нийслэлд арай өндөр байх юм. Мөн 22 наснаас бага буюу 2 жилээс бага туршлагатай бол өсөөд явах байгаа. Олон хүн барьдаг бол өөрчлөгдөнө. Моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр үнэлгээтэй. Энэ өдөрлөгт даатгалын бүх компаниудын мэргэжилтнүүд оролцож байгаа учраас зөвлөгөөг газар дээр нь аваад даатгуулах боломжтой.

-Хөдөө орон нутгийн иргэд хэрхэн даатгуулах вэ?

-Тухайн аймаг орон нутагтаа даатгуулагч компаниа сонгоод даатгуулж болох боломжтой.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top