“Үндэсний мэдээ" сонины супер хонжвор болох автомашин хожсон Цэрэнсүрэнгийн Цэрэнжаргалтай ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хотоос тодорсон манай азтай захиалагч юм.
-Юуны өмнө танд баяр хүргэе?
-Баярлалаа. Туйлын ихээр баярлаж байна. Мөн надтай цуг азтан болсон гурван хүнд сайн сайхан бүхнийг хүсье. Танай хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсч, эрүүл энхийг ерөөе.
-Азтан болсноо хэзээ мэдсэн бэ?
-Эгч нь Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны иргэн. “Үндэсний мэдээ” сонины анхны захиалагч байгаа юм. Би өөрөө азтан тодруулах нэвтрүүлгийг үзэж амжаагүй. Орой хүүхдүүдтэйгээ гэртээ байж байтал ээж маань залгадаг юм байна. Тэгэхэд, “Миний охин чинь азтан болчихлоо шүү дээ. Ямар азтай юм бэ. Энэ жилдээ миний охин хийморьтой явах юм байна" гэж хэлсэн. Би ээжийн үгэнд итгэж өгөөгүй.
-Тэгээд яасан бэ?
-Маш их гайхсан учир хэн рүү ч залгаж асуугаагүй байсан. Гэтэл аав залгадаг юм байна. Тэгэхээр нь л дахиад ‘‘Худлаа яриад бай” гэж хэлсэн. Гэтэл аав, “Цэрэнсүрэнгийн Цэрэнжаргал гээд чамайгхэлж байна. Аав нь одоо гарлаа. Вагонд амжиж сууна" гэсэн.
-Тань руу азтан боллоо гэж утасдаагүй юм уу?
-Би утсаа гээчихсэн байсан юм. Аав, ээж хоёрын хэлсэнд нь сайн итгээгүй хүн чинь орой сонин дээрээс харж байгаад лавлах утас руу залгаж асуусан. Гэтэл намайг, “Маргааш өглөө редакц дээр ирээрэй” гэж хэлсэн. Ингээд нойргүй хоночихоод өглөө сэрээд дахиад утасдсан. Танай ажилтан “Танд баяр хүргэе. Азтан болсон байна” гэсэн. Тэгэхээр нь л үнэмшсэн дээ. Би нуруундаа юм оруулчихаад явж чадахгүй хэвтэж байсан юм. Азтан болсноо сонсонгуутаа шууд босоод ирсэн. /инээв/
-Азтан болсондоо итгэж ядаад нойргүй хоносон хэрэг үү?
-Тийм ээ. Би ганцаараа нойргүй хоноогүй л дээ. Манай хоёр хүүхэд ч бас нойргүй хоносон. Ээж ээ, нойр хүрэхгүй байна л гэцгээгээд байсан. Эгч нь 13,11 настай хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ хоёрын маань аав бурхан болоод 11 жил болж байна.
-Азтан болсноо мэдчихлээ. Баяраа та хамгийн түрүүнд хэнтэй хуваалцав?
-Би эхээс тавуулаа. Айлын ганц охин. Хажуудаа байсан дүү нартайгаа баяраа хуваалцсан. Манайхан шуугилдаад л, баяр хүргээд л үнэхээр их баярласан. “Би захиална, би ч захиална” гээд л. Хаана очиж, захиалдгийг хэлээд өгөөч гэж хүртэл асуусан шүү. Манайханд өмнө нь азтан болж бусдыгаа гайхашруулж байсан тохиолдол ер байгаагүй. Би анхных нь болж байгаа юм.
-Урд нь та азтан болж байв уу?
-Үгүй ээ. Аз таарч юуны магад гээд сугалаа сугалдаг л байлаа. Надад нэг ч юм таарч байгаагүй. Гэтэл энэ удаад машин таарч, баярлахын дээдээр баярласан. Тэгээд бас “Үндэсний мэдээ” сонин азтанаа чин шударгаар тодруулдаг гэдгийг өөрийн биеэр үзлээ.
-Та жолооч уу?
-Биш ээ. Харин манай аав жолооч. Манай аав хоёр жилийн өмнө “Онц тээвэрчин” болсон. Гэхдээ би азаар машинтай болсон учир өөрөө унах санаатай байгаа. Машинаа өөрөө барихын тулд жолооны курст сурна аа.
-“Үндэсний мэдээ” сонинг захиалж унших болсон тухайгаа манай уншигчдад яриач?
-Би ер нь хэвлэл захиалж уншдаггүй байсан. Гэтэл аав маань нэг өдөр хоёулаа “Үндэсний мэдээ” сонин захиалж унших уу гэдэг юм байна. Би ч тэр дор нь зөвшөөрсөн. Ингээд Чингэлтэй дүүргийн шууданч ах Болдод захиалга өгсөн юм. Ингэж л би танай сонинтой анх танилцсан. Одоо бол дугаар алгасалгүй уншдаг. Дараагийн улиралд мөн “Үндэсний мэдээ”-г захиална.
-Сонины юу нь танд таалагддаг вэ?
-Хурц нийтлэлтэй. Мэдээлэл сайтай. Унших юм ихтэй. Энэ бүгд нь бусдаас давуу санагддаг юм. Улс оронд өрнөж буй үйл явдал, мөн хилийн чинадад болж байгаа аливаа мэдээлэл гээд материалуудыг нь алгасаж уншихын аргагүй сонин шүү дээ.
-Аав тань охиноо редакц дээр ирэхээс өмнө амжиж иржээ?
-Тэгсээн. Намайг азтан боллоо гэж дуулаад Сэлэнгэ аймгийн Орхонтуулаас аав маань ирсэн юм шүү дээ. Аав вагонд 30 минутын дотор амжиж суусан гэсэн. Манай тэндээс 22:20-д вагон хөдөлдөг. Манай аавынх вагоноос нэлээд зайтай л даа. Аав маань 70 гарчихсан хүн. Хөлсөө гоожуулж, алхсаар байгаад вагонд амжиж суусан байсан. Өглөө ирээд энэ тухайгаа ярьсан.
-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Баярлалаа. Хүмүүс өглөө талхаа хүлээдэг шиг сонингоо би яг тэгж хүлээдэг. “Үндэсний мэдээ” сонины хамт олонд ажлын амжилт хүсье. Бас нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Ж.ТАГТАА
Сэтгэгдэл ( 0 )