Нийслэлийн иргэдийн махны хангамжийг сайжруулж, үнэ өсгөхгүй байх зорилгоор Засгийн газар мах бэлтгэн нийлүүлэгч компаниудтай хамтран хэдэн жилийн турш нөөцийн мах бэлтгэжээ. Энэ нь ард, иргэдийн амьдралд тус нэмэр болсон эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй гэсний учир нөөцийн мах бэлтгэн нийлүүлнэ гэдэг хамгийн ашигтай бизнес болж хувирсан байна. Мах нөөцлөх эрх авсан компаниуд нэгдүгээрт мах хадгалах, агуулах савгүйн дээр аль туранхай эцэнхий махыг халуун намраар бэлтгэдэг. Хаврын урт өдрийг хүлээхгүй, дүн өвлөөр борлуулах гэж яардаг нь ч агуулах зоорины хүрэлцээгүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, 100 тонн хүрэхгүй мах хадгалах зоорьтой атлаа 1000 тонн мах нөөцлөх эрх авсны үр дагавар нь энэ юм.
Туранхай мах амтгүй, өнгө зүсээ амархан алддаг. Ийнхүү нөөцөлсөн махаа зах зээлийн үнээс арай доогуур борлуулахад Засгийн газраас нөхөн олговор олгосон, олгоогүй тэдэнд ашигтай. Нөөцийн маханд гуяны мах байдаггүй, гуяны махыг ялгаж аваад зах зээлийн ханшаар буюу өндөр үнээр зардаг гэсэн иргэдийн үг олонтаа чих дэлсэж байсан. Махны компаниуд гуяны махыг шулж аваад зах зээлийн үнээр борлуулж, үлдсэн яс голдуу хэсгийг хөрөөдөж, гялгар уутанд хэсэгчлэн хийснийгээ боловсронгуй болгосон хэмээн сурталчилдаг. Үнэн хэрэгтээ өнөөх туранхай, өнгө алдсан, яс голдуу махаа халхалсан шилдэг арга гэж хэлж болно.
Иргэд нөөцийн махны үнэнд татагддаг. Ачир дээрээ малчдаас тарга тэвээрэг муутай, цагийн хатууд онд орох магадлал муутай малыг хямд үнээр худалдаж аваад нөөцөлдөг. Тийм болохоор хямд зарсан ч ийм бизнес эрхлэгчдэд ашиг унадаг нь маргаангүй үнэн. Өнгөрсөн жилийн мах нөөцлөх тендерт 20 компани шалгарсан ч “Мах импекс”, “Мах маркет”, “Мах экспорт”, “Баатрууд тэнгэр”, “Тайж трейд” зэрэг таван компани 7400 тонн буюу 50-иас дээш хувийг нь бэлтгэсэн аж.
Тэгвэл нөөцийн махны энэхүү бизнесийг “Монголын махны холбоо“ төрийн бус байгууллага толгойлон зохион байгуулдаг гэвэл хилсдэхгүй. 2006 онд Засгийн газар нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудыг сонгон шалгаруулах журам баталсан байдаг. Энэ журмын дагуу Нийслэлийн захирагчийн ажлын алба нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийг сонгон шалгаруулж байсан. Гэтэл 2009 оноос компаниудыг сонгон шалгаруулах эрх мэдлийг “Монголын махны холбоо“-нд шилжүүлжээ. Ингэснээр төрөөс нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд олгодог хэдэн тэрбумаар хэмжигдэх урамшууллын мөнгийг “Монголын махны холбоо” төрийн бус байгууллага захиран зарцуулж эхэлснээр нөөцийн мах бэлтгэх ажил бизнес болж цэцэглэсэн.
Учир нь тус холбооны тэргүүнээр нөгөө л эхний таван байрт жагсдаг махны компанийн захирал томилогдсон болохоор тэр. Ийнхүү төрийн хяналтаас гарсан төрийн бус байгууллага мах нийлүүлэгч хэдэн компанитай үгсэн хуйвалдаж, төрийн мөнгийг чимээгүйхэн шамшиг дуулсаар өдий хүрлээ. Жишээлбэл, 100 тонн мах бэлтгэх хүчин чадалтай жижиг компани 1000 тонныг бэлтгэх эрх авдаг байна. Бэлтгэж чадаагүй 900 тонн махныхаа асуудлыг хуурамч падаан бичүүлээд л шийдчихдэг гэсэн үг. Харин бэлтгэсэн жаахан мах нь дуусангуут мах бэлтгэгчдийн арга мэхэнд хууртсан хяналт шалгалтынхан иргэдийн махны хэрэглээ хэт нэмэгдсэнийг гайхаад л хоцордог байна.
Зөвхөн өнгөрсөн жил бэлтгэсэн гэх 12000 тонн мах ийм замаар дуусч, Засгийн газар дахин хөрөнгө гаргаж, 15000 тонн мах нөөцлөх ажлыг эхлүүлж байсан билээ. Нэг үгээр хэлбэл, “Монголын махны холбоо” нөөцийн мах бэлтгэгчдийг сонгон шалгаруулах нэрээр төрийн мөнгийг салхинд хийсгээд байх шиг. Энэ нь хяналт тавих үүрэг бүхий МХЕГ-ынхан ажлаа хийхгүй байгаагийн бас нэгэн илрэл юм. “Монголын махны холбоо” төрийн бус байгууллага сонгон шалгаруулах эрх авснаас хойш гурван жил өнгөрсөн. Энэ хугацаанд төрөөс нөөцийн маханд зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсныг тооцож үзэхэд тус холбоо 2009 онд 7000 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр зургаан аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Эдгээр компанийн урамшуулалд төрөөс 2.4 тэрбум төгрөг олгосон байна.
...Гагцхүү нөөцийн мах бэлтгэхэд Засгийн газраас гаргадаг мөнгөөрөө малчны хотноос хэрэглэгчдийн гарт очих махны үнийг бууруулах, шат дамжлагыг цөөлөх талаар бодит ажил өрнүүлбэл зохистой. Үүнийг шийдэхийн тулд орон нутгаас автомашин орж ирдэг товчоонууд дээр багтаамж сайтай, хадгалалтын горим, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах, зоорь бэлтгээд малчдаас тогтсон нэг үнээр авч иргэдэд зөвхөн хүргэлтийн зардал нэмээд нийлүүлбэл махны үнэ хямд байх боломжтой.
2010 онд нийт есөн аж ахуйн нэгжээр 12000 тонн мах бэлтгүүлж, зургаан тэрбум төгрөгийн урамшуулал олгосон аж. Харин өнгөрсөн жил 20 компаниар 12000 тонн мах бэлтгүүлж, Засгийн газраас найман тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байх юм. Амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг өнгөрсөн хугацаанд “Мах импекс” тэргүүтэй хэдхэн компани байнга тендерт оролцож ялдаг байсан нь УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой байж болох талтай. Иймд цаашид үр өгөөжгүй нөөцийн мах бэлтгэхгүй байх саналыг олон иргэн дэвшүүлж байгаа юм. Манай улс 40 сая тоо толгой малтай.
Малчдын амьжиргааны эх үүсвэр мал учраас тэд зах зээлд хүрэлцэх хэмжээний мах нийлүүлж байгаа. Иим байхад заавал амт шимтгүй, хатаж хорчийсон нөөцийн мах бэлтгэх хэрэггүй. Яс голдуу хямд үнэтэй мах авах, жаахан ч гэсэн шинэхэн мах авах хоёрт чанарын ялгаа бий. Гагцхүү нөөцийн мах бэлтгэхэд Засгийн газраас гаргадаг мөнгөөрөө малчны хотноос хэрэглэгчдийн гарт очих махны үнийг бууруулах, шат дамжлагыг цөөлөх талаар бодит ажил өрнүүлбэл зохистой. Үүнийг шийдэхийн тулд орон нутгаас автомашин орж ирдэг товчоонууд дээр багтаамж сайтай, хадгалалтын горим, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах, зоорь бэлтгээд малчдаас тогтсон нэг үнээр авч, иргэдэд зөвхөн хүргэлтийн зардал нэмээд нийлүүлбэл махны үнэ хямд байх боломжтой.
Ийм агуулахыг бэлтгэхэд тодорхой хэмжээний хөрөнгийг нэг л удаа шаардана. Энэхүү саналыг ажил хэрэг болгохын тулд ҮХААЯ бодлого боловсруулах учиртай. Учир нь ҮХААЯ нэрнээсээ эхлээд малчдын эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө ажиллах агууллага бүхий зорилготой байгууллага юм. Ингэснээр “Малчид ченж нарт махаа хямд өглөө. Ченж нараас хэрэглэгчид өндөр үнээр авлаа” гэсэн маргаан тасрах боломжтой. Уг нь өнгөрсөн онд батлагдсан Хөдөө аж ахуйн биржийн хуульд энэ талаар тодорхой тусгасан. Гэтэл хууль батлагдсан ч хэрэгжүүлэх талаар сураг алга.
Ирэх хавар махны үнэ өсөхгүй, ямар ч байсан тогтвортой байлгана гэж салбарын сайд Х.Баттулга амлажээ. Тэрбээр “Малчны хотноос мал мах болоод хэрэглэгчдийн гарт хүртэлх шат дамжлагыг цөөрүүлэхэд хотын захиргаа их үүрэгтэй оролцоно. Махны үнийн өсөлтөд хамгийн их өртдөг, бухимддаг хэсэг бол хотынхон. Хямд махаар иргэдийг хангах нь манай яамныхаас илүү хотын захиргааны үүрэг их. Манайхан “Мах импекс”-ийг махаар хангадаг газар гэж ойлгодог. Гэтэл энэ чинь экспортод үхэр, адуу, сарлагийн жаахан мах гаргавал гаргана, хиам хийнэ, тийм л газар.
Би өөрөө махны үйлдвэрийн захирал байсан. Махны үйлдвэрийн зорилго бол лангуун дээр хямд мах зарж аль болох олон хэрэглэгч татах замаар их мах авч байж ашигтай ажилладаг газар” гэж хэлжээ. Махны бизнес хийж явсан эрхэм сайд амласандаа хэрхэн хүрэхийг хүлээж л сууя. Иргэд арай үнэ хямдтай, шинийг нь бодож “Хүчит шонхор” захыг зорьдог. Бусад зах, худалдааны төвөөс арай хямд байгаа шалтгаан нь малчид хамгийн түрүүнд энэ захад махаа борлуулдаг болохоор л тэр. Нэг ёсондоо хоёр дахь шат дамжлага учраас шинэхэн, хэдэн төгрөгийн наана байдаг. Эндээс харахад махны үнэд зохицуулалт хийж, махны үнэ буурсан тохиолдолд нөөцийн мах бэлтгэж хий дэмий мөнгө зарлагадаж, махны компаниудыг шагнах шаардлагагүй нь харагдаж байгаа юм.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Монголын Үнэн"
Сэтгэгдэл ( 0 )