Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.
Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.
Доктор, профессор Ш.Чоймаа: Яах аргагүй бид Эзэн богд Чингис хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахиж суугаа Монголчууд. Бид Чингис хааныхаа төрсөн сар, өдрийг зөв тогтоогоод тэр өдрийг тэмдэглэж занших нь олон талын ач холбогдолтой нь мэдээж. Энэ хэлэлцүүлж байгаа ажлыг үнэхээр дэмжиж байна. Яагаад гэхээр сүүлийн үед Монголчууд үндэсний цагаан сар, наадам хоёроос өөр юмгүй, харийн шашны Валентины баяр хүртэл түрэн орж ирж байгаа цагт эрхбиш Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн сар өдрийг жилд нэг удаа бүх ард түмнээрээ тэмдэглэж байвал үүнийг дагалдан залуу хойч үе маань эх түүхээ хүртэл үзэж сурч мэдэх, Монголоороо бахархах, монголоо гэсэн сэтгэлтэй болоход олон талын ач тустай юм.
Тэмүжиний мэндэлсэн өдрийг ерөнхийдөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэхэд найдвартай гэж үзэж байгаа. Энд ямар ямар баримт байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд бол Чингис хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. “Монголын нууц товчоо”-нд он сар өдөр тавиагүй боловч энд давхар мэдээлэл байгаа юм. Гаднаас дайсан довтлох нь хавар, зун, ер хэзээ ч ирж болох зүйл. Харин өөрсдөө дайныг эхлэн сэдэж, ялах дийлэхийн арга ухааныг бодож байгаа нөхцөлд дайн байлдаан хийх хамгийн тохиромжтой цаг үеийг сонгох учиртай. Тэр цагийн Монголчууд агт таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг яах аргагүй намрын сүүл, эсвэл өвлийн тэргүүн сар байх ёстой, энд тэр тухай мэдээлж байна. Энэ бол нэгдүгээр баримт. Хоёрдугаарт, хожмын Монгол түүхэн сурвалжуудад Лу “Алтан товч”-оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр морин цагт төрсөн гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”-г Лувсанданзангийн “Алтан товч”-той харгалдуулаад судлахад яг Чингис хаан гэдэг өгүүлбэрийг шууд дундуур нь нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг. Тэгэхээр үүнийг дагалдаад нэг хэсэг сурвалжууд явсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжууд дотор Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байгаа. “Сувд эрих”-д өгүүлэхдээ “Тэндээс Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаа гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэжээ. “Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир "Хөх түүх”-д “...Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв” хэмээсэн байна. Гурав дахь баримт бол Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Арван буянт номын цагаан түүх” болон эзэн хорооны тахилга тайлгын судар, өнөө хэр уламжилж ирсэн зан үйлээс бас тодлох боломжтой. Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын гурванд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл юм. Ордосын онгоны дөрвөн улиралд хийдэг тайлгаас өвлийн тайлгыг “Их тайлга” хэмээн нэрийдэж, алтан ургийнхан оролцож ихэд хүндэтгэн үйлддэг нь Их хааны сүүдэр тохиосон өдрийг машид дээдлэсний учир болой. Дөрөв дэх баримт гэвэл, Оросын Санктпетербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн гурванд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг.
Профессор Б.Балжинням: Тэмүжин мэндэлсэн талаар “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнд сар өдрийн тухайд тодорхой дурдаагүй. Сүүлийн үеийн баримтаар бол бид Ш.Чоймаа багшийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр зонхилон саналтай байгаа. Үүн дээр тогтох нь зүйтэй. Харин Григорийн тоололд тэр нь чухам яаж таарч байгаа гэдгийг тогтоох шаардлагатай. Зарим нэг судлаачид 12 дугаар сарын 21-ний өдөр төрж 23-нд мялаагуудын хурим хийсэн гэж үздэг. Эндээс нэг л зүйлийг ойлгох нь зүйтэй байх. Одоогийн хятадуудын мөрдөж байгаа 1280-аад онд Хубилай цэцэн хаан зарлиг гаргаж байж гарсан зурхайг засаад цааш нь жаахан өөр өөр нэр өгөөд явсан. Энэ зурхайгаар таацуулах, мөн Монголын улирлын тооллыг яг онолдуулж гаргаж цэгцлэх л чухал байгаа юм. Харин өвлийн тэргүүн сар гэдэг нь их үндэслэлтэй гэж бодож байна.
Доктор Г.Аким: Сурвалжуудыг үзэхэд Лувсанданзангийн “Алтан товч”-д байгаа өгүүлбэрийг дараа дараагийн гурван эх сурвалжид яг хуулаад биччихсэн байдаг юм. Зуны эхэн сарын улаан тэргэл өдөр гэж. Яг одоо тэгж явж байснаа гэнэтхэн “Хөх түүх”-ээс эхлээд хойшоогоо өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд бас гурван түүхч бичсэн байдаг. Гэхдээ “Арван буянт номын цагаан түүх”-д өнөөдөр мялаагуудын хуримыг ярихаар дөрвөн түүхч нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн гээд Монголын түүхчдээс хэлсэн байдаг. Ш.Чоймаа багшийн хэлж байгаа зөв л дөө. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ гэдгийг тогтоох ёстой. 2006 онд энэ тухай өгүүлэл бичсэн. Миний өгүүллийн ерөнхий агуулгыг Ш.Чоймаа багш хэлчихлээ. Дөрвөн зохиолд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрж гурванд угаалга үйлдсэн гэж байдаг. Монголын буриад, баргууд дотор 20 дугаар зууны эхэн хүртэл энэ явдал байсан юм байна. Гэхдээ буриад, баргууд ой дээр нь жил болгон хийдэг байсан байна. Энэ зан үйл Чингис хааны үед ч мөн байсан.
Зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж: Миний олж мэдсэнээр түүхийн есөн сурвалж бичигт Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг бичсэн байдаг. Үүний зургаад нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн, гуравт нь зуны эхэн сарын 16 гэж тэмдэглэсэн байна. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. “Арван буянт номын цагаан түүх”-нд мялаагуудын баярыг арван сарын шинийн гурванд хийнэ гэсэн байгаа. Тэгээд дараагаар нь Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д гэхэд угаалгын мялаалга гээд тайлаад биччихсэн байдаг. ”Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон юм шүү дээ. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна. Их хааныг Сартуулаас бууж ирэхэд нь ангийн тосоор мялаалгаж байсан өөрийн ухаан орчихсон хүн (Хубилай) байсан тул тэр тусмаа зарлигтаа сар, өдөр андуурч тогтооно гэж байхгүй болов уу хэмээн бодож байна. Энэ бол Хубилай хааны зарлигийн сурвалжтай юм шүү. “Монголын нууц товчоо”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” болон “Монголын Юан гүрний түүх” зэрэг сурвалжид Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг тэмдэглэсэнгүй л дээ. Рашид ад Диний “Судрын чуулган”-д бүр хамаагүй бичсэн байдаг. За яахав гадаадын хүн учраас бид уучлах учиртай. Рашид ад Дин хүний амаас бичсэн л гэдэг юм. “Алтан дэвтэр” нь өнөөгийн бидэнд ирсэнгүй л дээ. Тийм учраас өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндлээд шинийн гурванд угаалга тайлга, мялаагуудын хурим хийжээ гэдгийг түүхэн сурвалжуудын ихэнхид нь тэмдэглэсэн байгаа юм.
Судлаач Н.Нагаанбуу: Үүнийг би 2004 оноос хойш 12 сарын 21-нд төрсөн, 23-нд мялаагуудын тахилга хийсэн байна гэж, Чингисийн онгон дээр ч үүнийг мөрддөг. Миний ярьж байгаа зарчмын юм бол, Та бүхэн ямар ч цаг хугацааг ярьж болно. Гэхдээ ямар цагалбараар хийгээд байгаа юм бэ? Түвдийн төгс буянтаар яваад байна уу, манжийг дагаж ирсэн шар зурхайгаар ярьж байгаа юм уу? Энэ хоёр чинь хоёулаа биш ээ. Монголчуудад өөрсдийн улирлын цаг тоолол байсан. Би 2005 онд монголын цаг тооллын ном гаргасан, академич Ч.Далай гуай редакторлосон, энэ байна. Дундад зууны монголын түүх их гажуудсан. Түүхийн он цагууд бүгд гажуудсан байна. Тэгэхээр сая Ш.Чоймаа багш хэлж байна ш дээ. 10 сар гээд энэ дээр чинь буруудаад байна. 10 сар гэдэг чинь аагим халуун гэж сурвалжуудад чинь байгаа. Монголчуудын он тоолол намар 9 дүгээр сард цагаалж байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэндээс 1 дүгээр сар чинь эхэлж байгаа. Жишээлбэл Бирваа гуайн түүх байна. Энэ хүн өөрийхөө гараар бичсэн байна. Намайг 38 онд цэрэгт явж байхад цагаалж байсан тэгэхээр намар цагаалж байсан энэ зүйл мартагджээ. Цагаалсны дараах сарын 6 сар гээд эхэлдэг байсан байхгүй юу. Тэгэхээр 1 сар чинь намар байна. 2, 3 сар гээд 4 сар чинь өвлийн тэргүүн сар. Улирлын эхэн юунаас авахав гэхээр өдөр шөнө тэнцдэг үүгээр тоололтой учраас үүнийг Монголын улирлын тоолол гэсэн. Надад санал болгох нэг л зүйл байна, юу гэхээр улирлын тоолол, эртний монгол цагалбараар яваач гэж хэлэх гэсэн юм. Ганцхан зүйл хэлэхэд Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн нь үнэн. Харин эртний монгол тооллоороо тооцооч. Одоогийн 12 дугаар сарын 21-нд төрсөн. Монгол тооллын 4 сар буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр ес эхэлсэн өдөр, энэ монгол тооллоор та бүхэн тооцооч гэж хэлье.
Доктор, профессор Ш.Чоймаа: Би нэг залруулга хиймээр байна. Энэ “Эрдэнийн товч”-д байгаа арван сар гэдэг чинь Монголын өвлийн тэргүүн сарыг хэлж байгаа хэрэг. Арван сар гэдэг бол “Эрдэнийн товч”-д арван сар гэсэн болохоос биш өнөөдрийн энэ Христийн тооллын 10 сар биш юм.
Доктор, профессор Х.Шагдар: Би Чингис хааны талаар 20-иод жил судалгаа хийж байна. Хамгийн хэцүү юм нь он цаг зөрөөд болдоггүй. Би бодохдоо түүхэн үйл явдал дээр он цагийг буулгах нь зүйтэй гэж үздэг. Эхний бүтээлдээ би Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуайг дагалаа шүү гэж бичсэн. Гэвч Сайшаал гуайтай дотроо зөрчилдсөн. Дараа нь Б.Балжинням түүхчтэй танилцаад, бидний энэ он цаг ерөөсөө болохгүй байгааг хэлсэн. Юунаас болоод байна гэхээр бид он цагийн тоолол дээр алдаад байна. Н.Нагаанбуу эд нар гайгүй судалгаа хийсэн гэдэгт би итгэж байгаа. Яагаад гэхээр үйл явдал тэр цаг үе дээр буугаад байгаа юм.
Доктор А.Пунсаг: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Чингис хааны төрсөн он, сар, өдрийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчид лавлагаа мэдээлэл хүргүүлж байсан. Бидний ерөнхий үндсэн санал бол холбогдох сурвалжийн мэдээ болоод түүхэн үйл явдлын үндэслэлээр бол Чингис хаан өвөл төрсөн буюу өвлийн эхэн сард төрсөн гэдэг нь илүү түүхэн баримттай байгаа. Чингис хааны төрсөн газар Онон мөрний эх Дэлүүн болдог гэж ярьж байгаа. Энэ Дэлүүн болдог бол бараг өвөлжөөний нутаг байсан юм шиг иймэрхүү ул мөр ажиглагддаг. Хар зүрхний хөх нуур зуслангийн газар байсан бол өвөл Онон мөрний эрэг Дэлүүн болдогт өвөлжөөний нутаг байсан байх гэдэг ерөнхий таамаглал сүвэгч гарч байгаа. Хоёрдугаарт, Чингис хааны төрөх үед Зарцуудаа өвгөн булган дээлээ хүргэлээ гэж байгаа. Монголчууд хэдийгээр бэлгийг бэлгэдлийн чанартай өгдөг гэх боловч харин өгөх бэлгээ зөв сонгодог. Зуны аагим халуунд булган дээл өгөхгүй байх. Эзэн хааны сүүдэр тохиосон цаг хугацааны хувьд өвөл байсан болов уу гэдэг баримт мэдээ олон байгаа. Манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын хувьд “өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэдэг нь түүхэн үнэнд илүү ойр хэмээн үздэг. Энэ дүгнэлтийг нотлох хамгийн ойрын баримт нь тэрхүү угаалга, мялаалга юм. Өнөөдөр ч гэсэн Өвөрмонголын Ордосын цахар, үзэмчин ястнууд хүүхэд төрсний дараа гурав хоногт нь угаалга мялаалга хийдэг ёс уламжлал хадгалагдаж байгаа. Ямар ч гэсэн Чингис хааныхаа төрсөн өдрийг яг тогтоож чадахгүй ч гэсэн ирэх жил Их хааны мэндэлсэн 850 жилийн ойг тэмдэглэх ямар нэгэн өдрийг засаг төрийн талаасаа тогтоогоод агуу их хүнийхээ ач гавьяаг санан дурсах ийм нэг тодорхой өдөртэй больё гэсэн саналыг уламжилж өгөхийг хүсье.
Доктор О.Сүхбаатар: “Монголын нууц товчоо”-г уншихаар 59, 97, 211 дүгээр зэрэг гурван зүйл дээр Чингис хааныг Ононы Дэлүүн болдогт төрсөн гээд тодорхой хэлсэн байдаг. Тэгсэн мөртлөө төрсөн он сарыг ерөөсөө бичдэггүй. Би үүнийг хувьдаа ингэж боддог юм. Монголд бөөгийн шашин маш их дэлгэрсэн. Бөөгийн шашинд суудал мэнгэний, өөрөөр хэлбэл төрсөн өдрийг мэдэхгүй бол мянган бөө бөөлсөн ч төвөг учруулж чадахгүй, суудал мэнгийг мэддэг бол нэг бөө ч төвөг учруулдаг гээд Монголчууд төрсөн өдрөө хэлдэггүй байсан. Энэ заншлыг хадгалсан болов уу гэж нэгдүгээрт боддог юм. Зарим хүмүүс ярьдаг, цаг тооны бичиг муу байсан, тиймээс төрсөн өдрөө мэддэггүй гэж. Тийм биш ээ, “Монголын нууц товчоо”-ны 81, 111, 193 дугаар зүйлд төрсөн өдөр байтугай тайчуудын хуримаа хийсэн өдөр, Жамухаас салаад нүүсэн өдөр, Чингис хаан тугаа тахисан өдөр энэ тэрийг онтой нь, сартай нь, жилтэй нь биччихсэн байгаа. Тэгэхээр Чингис хааны төрсөн огноог “Монголын нууц товчоо”-нд дурдаагүй явдал бол хуучны заншилтай холбоотой байх. Нөгөө нэг талаар Чингисийн угсааны олон тайж нар байсан. Зөвхөн Ар халхад гэхэд 1918 оны хүн амын тооллогоор 13300 тайж байсан. Тэд төрөл бүрийн тахилга ёслол хийхдээ ерөөсөө Чингис хааны төрсөн өдөр гэх зүйлийг баримталж байгаагүй. Харин Чингис хааны иш зураг гэж юмыг тахиж байсан. Үүнийг бодоод үзэхээр “Монголын нууц товчоо”-нд тэр өдрийг зориуд нуусан байх магадлалтай. Яагаад нуусан гэхээр хүний төрсөн өдөрт янз бүрийн хараал жатга хийдэг, үүнээс л болгоомжилсон болов уу. Ер нь тэр үеийн хүмүүсийн төрсөн өдрийг яг таг тогтооно гэвэл их хэцүү, бараг боломжгүй зүйл. Гэхдээ “Монголын нууц товчоо”-г түшиглээд хийх юм бол Их хааны мэндэлсэн огноог яг таг биш гэхэд ойролцоо тогтоож болно хэмээн үзэж байна.
Доктор, профессор Х.Шагдар: Монголчууд намар шинэ он эхэлдэг гэдгийг хорьдугаар зууны эхэн хүртэл хэрэглэж байсан. Энэ нь гол нь орон нутагт хэрэглэж байсан он тоолол. Миний бодоход Чингис хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэгтэй зөрөхгүй, гагцхүү үүнийг одоогийн тоололд буулгах асуудал дээр жаахан зөрүү байгаа юм шиг байна. Ер нь манай он тоолол буруу яваад байгааг ганцхан жишээгээр үзүүлье. Төгсбуянтын аргаар тооцсон билгийн тооллын календарь гэж байна. Энд дэлхийн бөмбөрцөг таван өдөр тэнхлэгээ эргэхгүй зогсож байгаа. Зогсдог гэнээ, энэ зөв үү. Дэлхийн бөмбөрцөг эргэхгүй монголын зурхайчдыг хүлээгээд зогсох юм уу. Ийм юмаар ард түмнийг эргүүтүүлж байгаа байхгүй юу. Монголын он тоолол гэж байсан. Ялангуяа Чингис хааны үед байсан.
Академич Ш.Бира: Би бээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Сүүлийн үед эрдэмтэд тодорхой асуудал руу орж нэг тийш нь болгох гэж хичээж байна. Чингис хаан болоод бусад түүхэн хүмүүсийн төрсөн он, сар, өдрийг тогтоох нь тун бэрхтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайд төрсөн өдөр бүртгэдэг, тэмдэглэдэг тийм уламжлал байсангүй. Ер нь Монгол хүн чинь насаа нуудаг. Төрсөн жилээ нуудаг, яриангүй тийм байсан. Би гэхэд төрсөн сар, өдрөө мэддэггүй л байсан. Манай аав ээж ч төрсөн сар өдрөө мэддэггүй л байсан. Оныг бол тогтоож болно, яг сар өдрийг тогтооно гэдэг тун асуудалтай. Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Тэр их хүнийг дурсан санаж, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж байх үүднээс бид тодорхой өдөр тохироод тогтож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий.
Францын алдарт эрдэмтэн Пол Пилео гэдэг хүн байсан. Тэр хүн бол Чингисийг маш их судалсан. Марко Пологийн замын тэмдэглэлд маш том тайлбар бичсэн хүн. Марко Пологийн замын тэмдэглэлд Чингис хааны мэндэлсэн оны талаар маш тодорхой бичсэн байдаг. Нэлээд олон хуудас бичсэн гэхдээ голдуу Хятад, Перс, Монгол сурвалжуудыг баримталсан. Энд би юунд их баярлаж, олзуурхаж явдаг гэхээр энэ том эрдэмтэн дэлхийд байгаа Чингис хаантай холбоотой бүх сурвалжуудыг эх хэлээр нь судалсан хүн. 1162 он Монголын Алтан товч, Саган цэцэн гээд бусад сурвалжуудад байдаг мэдээ Хятадын ихэнх сурвалжуудтай яг таарч байна. 1162 он гэдэг бол илүү үнэмшилтэй он гэж энэ хүн олон жилийн өмнө шийдсэн. Энэ номыг орчуулаад Монгол хэлээр гаргавал зүгээр байна. “Өвлийн тэргүүн сар” гэдэг дээр би уншиж судалсан номынхоо нөлөөгөөр ч гэх юм уу даа бүрэн итгэлтэй байдаг.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: Эзэн богд Чингис хааны төрсөн сар, өдрийг тогтоох нь Монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингис хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой болой. Үүнийг тогтооход үнэхээр түүхэн баримт факт нь өнөөг хүртэл тов тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ШУА түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийг оролцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг тогтсон өдөртэй болъё гэсэн санал өргөн барьсан. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сар хэмээн тогтох байх гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Монголын төр Их хааныхаа төрсөн газар, мэндэлсэн огноог түүхийн эх сурвалж бичиг, ард түмнүүдийн зан үйлийн мэдээ, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан албан ёсны болгож, ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон ёслон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Үүнийг гадаад, дотоод нөхцөл байдал шаардаж байна.
Иймээс түүхийн үнэнд илүү ойр, бодит эх сурвалжид нийцтэй цаг хугацааг сонгох нь зүйтэй. Бидний өнөөдрийн ярилцлагаас манай иргэд Эзэн хааны мэндэлсэн цаг хугацааны тухайд тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу хэмээн найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
its very intresting