3. “Улаанбаатар таймс” сонины талаархи баримтууд
Тайлбар:
Анх хууль хяналтын байгууллагынхан дээрээс өгсөн даалгаврын дагуу Л.Сэргэлэн хэмээх этгээдийн хууль бусаар олсон мөнгөө угаах гэж зарцуулсныгаа хохирсон болгож гаргасан гүтгэлэгийн шинж чанартай мэдүүлгэд тулгуурлан Н.Энхбаярын эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн байдаг. Хожим нь шүүх үнэлгээ хийх гэрчилгээгүй “Хөрөнгийн үнэлгээний төв” хэмээх компанийн АТГ-аас захиалсаны дагуу гаргасан зохиомол үнэлгээг үндэслэж, УБ хотод ихээхэн хохирол учирсан мэт “үлгэр” зохиож, Н.Энхбаярт хүчээр ял тулгасан юм.
1990-ээд оны сүүлээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч, төр засгийн байгууллагын дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхыг хориглосон тул улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хувьчилсан байдаг. Энэ үйл ажиллагаанд “Улаанбаатар таймс” сонин хамрагдаж, тус сонины эхний шатны хувьчлалаар Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн баг шалгарсан байдаг. УБ хот “УБ таймс” сониныг хувьчлахын өмнө “Ю БИ Пропертис” үнэлгээний компаниар үнэлүүлэхэд нийт үнийг 360 орчим сая төгрөгөөр тогтоожээ. “Улаанбаатар таймс” сонины орлогын гол эх үүсвэр нь түүний байр байсан бөгөөд байрны түрээсээр сонины зардлаа бүрэн даадаг байжээ.
2004 онд Ж.Саруулбуян нь Т.Бадамжунайгийн шахалтаар “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэнтэй гэрээ хийж, түүнийг менежментийн багтаа оруулах, хөрөнгө оруулалт хийлгэх, хариуд нь “УБ таймс” сонины 40 хувийг эзэмшүүлэхээр тохирчээ. Өмнөхөн нь Л.Сэргэлэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, ОХУ-ын банкнаас 1 сая гаруй ам.доллар зээлсэн байв. Тэрээр энэхүү бохир мөнгөө хөрөнгө оруулах нэртэйгээр угааж өсгөх зорилготойгоор “УБ таймс” сонинд хөрөнгө оруулах, улмаар тус сонины нэлээд хувийг эзэмшихийг төлөвлөжээ. Удалгүй Л.Сэргэлэн “УБ таймс” сонинд хөрөнгө оруулах нэрийдлээр, тус сонины байшинг өндөрлөх засварын ажил эхлүүлэх гэж байгаа мэтээр тайлбарлаж, байшинг нурааж эхэлсэн байна. Чингэхдээ барилгын зураг төслөө боловсруулаагүй, төсвөө зохиогоогүй байсан бөгөөд УБ хотын удирдлагаас болон холбогдох байгууллагаас барилгын ажил хийх зөвшөөрөл аваагүй байсан байна. Хөдөлмөр хамгааллын асуудлыг орхигдуулсан байсан учир барилга дээрээс хүн унаж, амь насаа алдсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зураг төслөө гаргаагүй, зөвшөөрлөө аваагүй байдлыг шалгаж тогтоогоод барилгын ажлыг зогсоож, зураг төслөө гаргах, зөвшөөрлөө авах үүрэг өгсөн байна. Л.Сэргэлэн “УБ таймс” сонины барилгын ажлыг эхлүүлж буй нэрийдлээр сониныг өөр, түрээсийн байр руу нүүлгэсэн тул “УБ таймс” сонины орлого хаагдаж, өр төлбөр үүсч, үйл ажиллагаа нь хүндэрч, доголдож эхэлсэн байна. Л.Сэргэлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг далимдуулан барилгын ажлыг зогсоож, цааш нь хууль, журмын дагуу зөвшөөрөл авч үргэлжлүүлэх оролдлого хийсэнгүй. УБ хотоос түүний Ж.Саруулбуянтай урьдчилан тохиролгүй дур мэдэн хийсэн гэрээг батлаагүй бөгөөд түүнийг “УБ таймс” сонины менежментийн багийн гишүүн болохыг зөвшөөрөөгүй байна. Ийнхүү “УБ таймс” сонин нь Л.Сэргэлэнгийн нэг талаас бодлогогүй мэт харагдах, нөгөө талаас байшинг нурааж, газрыг нь зарах гэсэн далдын санаа бодол, гуравт, бохир мөнгөө хөрөнгө оруулсан нэрээр угаах гэсэн оролдлогын золиос болжээ.
Л.Сэргэлэнгийн алдаатай үйл ажиллагаанаас болж хүндхэн байдалд орсон байсан “УБ таймс” сонины менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян тус сонины эрхлэгчийн ажлаасаа зугтан гарав. Оронд нь Н.Ариунтуяа сонины эрхлэгчийн ажлыг залгуулж, Л.Сэргэлэнгээс амалсан ажлаа хийж дуусгахыг шаардаж байсан боловч цаадах нь элдвийн шалтаг тавьж байсан боловч “УБ таймс” сонины барилгын засварыг дуусгах, эсхүл хуучнаар нь сэргээж, дотор нь үйл ажиллагаа явуулах боломжтой болгосонгүй байсаар байгаад эцэс сүүлд нь олдохоо ч больжээ. Ийм үед Н.Ариунтуяа, Ж.Саруулбуян нар “УБ таймс” сонины үйл ажиллагааг хэвийн болгох, өр төлбөрөөс нь салгуулах чадвартай, боломжтой хүнийг олохоор хөөцөлдөж байв. Тэд сэтгүүлч, зохиолч До.Чулуунбаатарт “УБ таймс” сонины эрхлэгчийн ажил хийх, менежментийн багт орох санал тавьж, цаадах нь ч санал нэгдэж, улмаар “УБ таймс” сонины менежментийн багийн хурлыг зарлан хуралдуулж, До.Чулуунбаатарыг тус сонины менежментийн багийн гишүүн, менежментийн багийн ахлагчаар томилжээ. УБ хот менежментийн багийн энэхүү шийдвэрийг зөвшөөрч, До.Чулуунбаатарт сониныхоо үйл ажиллагааг сэргээх, идэвхжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг даалгасан байна.
До. Чулуунбаатар УБ хотын удирдлагад хандан “УБ таймс” сонины ажлыг хэвийн байдалд оруулахын тулд нэг бол менежментийн багт нь хувьчлах, эсхүл хот өөрөө буцаан авч, хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулах, бүрэн бүтэн байшин барилгатай болгох шаардлага тавьсан байна. УБ хот До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт “УБ таймс” сониныг 360 орчим сая төгрөгөөр худалдан авахыг санал болгосон байна. Энэхүү шийдвэр гарахад дараах хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:
-УБ хот “УБ таймс” сониныг буцаан авая гэхэд төр, засгийн байгууллага дэргэдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэсэн хуультай,
-Мөн өр, төлбөрийг нь өөр дээрээ авч барагдуулах шаардлагатай болно,
-Мөн хагас нурсан байшин барилгыг нь бүрэн бүтэн болгож засварлах шаардлагатай болно,
-Мөн тус сонины ажилтан, ажилчдын цалинг тогтмол олгох, сонины үйл ажиллагаатай холбоотой зардлыг хариуцах хэрэгтэй болно,
-Хэрэв хувьчилвал эхлээд менежментийн багт санал болгох хуулийн зохицуулалттай байсан,
-Нэгэнт байшин барилга нь хагас нурсан байдалтай байсан учир дахин үнэлвэл анхын үнэлгээний үнэ буюу 360 орчим сая төгрөгөөс доогуур үнэлэгдэх магадлал өндөр байсан,
-Дээрх нөхцлүүдийг харгалзан үзэхэд “УБ таймс” сониныг тус сонины менежментийн багт 360 сая төгрөг төлөхөөс гадна сонины хуримтлагдсан өр, төлбөрийг нь барагдуулах болзолтойгоор хувьчлах нь УБ хотод хамгийн бага хүндрэлтэй хувилбар байсан зэрэг болно. Ийнхүү УБ хотын НӨХКомиссын 2008 оны 75 тоот шийдвэрээр “УБ таймс” сониныг тус сонины До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг.
До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг УБ хотоос тавьсан санал, шаардлагын дагуу 360 сая төгрөгийг “Медиа холдинг” компаниас зээл авч төлжээ. Дараа нь “Медиа холдинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 500 орчим сая төгрөгийн санхүүжилт авч, сонины өр төлбөрөөс барагдуулж эхлэх, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь хангах, байрны түрээсийн зардлыг төлөх, цалин тавих, хэвлэлтийн зардал хариуцах зэрэг төлбөр тооцоо хийж эхэлсэн байна. Мөн До.Чулуунбаатар “Медиа холдинг” компаниас 100 гаруй сая төгрөг зээлж, Ж.Саруулбуянд 50 сая төгрөг, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа нарт тус бүр 30 сая төгрөг өгч, хувьцааг нь худалдаж авсан байна.
Гэтэл хууль хяналтын байгууллагынхан дээрээс өгсөн даалгавраар Л.Сэргэлэнгийн гүтгэлэгийн шинж чанартай мэдүүлэгт тулгуурлаж, “УБ таймс” сонинтой огт холбоогүй Н.Энхбаярыг буруутган, зохиомол хэрэг үүсгэж, шалгахдаа түүнд ямар ч байсан хүчээр ял тулган оногдуулах зорилготой ажиллаж эхэлсэн юм. Тэд “Хөрөнгийн үнэлгээний төв” үнэлгээний компанийг дайчилж, “УБ таймс” сониныг дахин үнэлүүлэх нэрийдлээр зохиомол өндөр үнэ гаргуулав. “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь 2010 онд батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, түүнийг дагаж гарсан журмын дагуу үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ авах ёстой байсан боловч аваагүй байдаг юм. Энэ нь тэдний тайландаа бичиж өгсөн “2007 онд гэрчилгээ авсан” гэсэн бичилтээр нотлогддог юм. Мөн энэхүү компани нь “УБ таймс” сонины үнэлгээг зориуд өндөр үнэтэй болгохын тулд байшингийнх нь доорх газрыг тусад нь шинээр үнэлж, зөрүүг нь УБ хотод учирсан хохирол мэтээр тооцсон байдаг юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ 1-д, УБ хотоос “УБ таймс” сонины барилгын доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй байсан, 2-т, Тэр газар дээр нь барилга байсан учир газрыг барилгаас нь тусад нь үнэлдэггүй журам байдаг, 3-т, Дээрээ барилгагүй газрыг л тусад нь үнэлж дуудлага худалдаанд оруулдаг журамтай байдаг, 4-т, “УБ таймс” сонины газрыг дуудлага худалдаанд оруулах зорилго байгаагүй, 5-т, “УБ таймс” сониныг хувьчилсан гэрээнд сонины барилгыг зориулалтын бус байдлаар ашиглахыг хориглосон байдаг юм. Бодитой байдал ийм байсаар байхад “Хөрөнгийн үнэлгээний төв” компани нь АТГ-ын захиалгаар “УБ таймс” сонины үнэлгээг дээр нь газар эзэмших эрхийн үнэлгээг нэмж зохиомлоор өндөр тогтоосон байдаг.
Тэгээд ч зогсохгүй УБ хотын удирдлага хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, Л.Сэргэлэнгийн мөнгийг төлөөгүй гэсэн шалтгаар “УБ таймс” сонины хувьчлалыг хууль бусаар буцааж, До.Чулуунбаатар нарын өмч хөрөнгийг шууд дээрэмдсэн байдаг. До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг “УБ таймс” сонины өр, төлбөр, ялангуяа шүүхийн тогтоолоор тогтоосон өр төлбөр буюу НДШ-ийн өр, татварын өр, цалингийн өр, түрээсийн өр, сонины хэвлүүлэлтийн зардлын өр зэрэг өр, төлбөрийг төлж барагдуулж байсан байдаг бөгөөд өр, төлбөрийг барагдуулах гэдэг нь ганцхан Л.Сэргэлэнгийн өрийг төлөх гэсэн үг биш байсан юм. УБ хотынхон хууль зөрчин “УБ таймс” сониныг “Таймс” компани болгож өөрчилж, 500 сая төгрөгөөр худалдсан нэрийдлээр хуйвалдаж хувьчилсан байдаг. Энэ нь “Таймс” компанийг хувьчилж авсан нэртэй компани нь төлөх ёстой мөнгөө хугацаанд нь багтаан төлөөгүй байдаг, мөн 500 сая төгрөгийн 30 хувийг буюу 150 сая төгрөгийг тус компанид буцаан олгосон байдаг, дээр нь Л.Сэргэлэнд нийслэлийн төсөвт тусаагүй байсан 500 сая төгрөгийг олгож, түүний бохир мөнгийг цэвэршүүлэн угаасан байдаг зэргээр нотлогддог юм.
Хууль хяналтын байгууллагынхан болон шүүх “УБ таймс” сониныг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компанид хувьчилсан гэж гөрддөг, гэтэл үнэн хэрэг дээрээ До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багийн нэр дээр хувьчилсан байдаг билээ, УБ хотынхон “УБ таймс” сониныг До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт хувьчилснаар УБ хотод хохирол учруулсан мэтээр гүтгэдэг, үнэн хэрэг дээрээ УБ хот нь Л.Сэргэлэнгийн дур мэдэн нураасан байшинг өндөр үнээр До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт тулган зарж, дээр нь түүнд өмнө нь хуримтлагдсан өр, төлбөрийг үүрүүлсэн мөртлөө байшингийнх нь доорх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй байдаг. Тийм учир “УБ таймс” сониныг До.Чулуунбаатар ахлагчтай менежментийн багт хувьчилснаар УБ хот хохироогүйгээр зогсохгүй харин ч хожсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.
Н.Энхбаяр нь “УБ таймс” сонинтой холбоогүй, тус сонины талаар ямар ч шийдвэр гаргаж байгаагүй нь бичгийн хэлбэрээр үйлдсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдсоор байтал шүүх түүнд дээрээс өгсөн даалгаврын дагуу хүчээр ял тулган хэлмэгдүүлсэн байна.
4. “Эрдэнэт үйлдвэр” ган бөмбөлөг нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэлгүй, эд хөрөнгө “завшсан” гэхтэй холбоотой баримтууд
Тайлбар:
Энэ үйлдэлтэй холбогдох хэсэг бүхэлдээ гүтгэлэгийн шинж чанартай. Н. Энхбаярын оролцоог нотлох нэгч баримт байдаггүй. Анх хууль хяналтынхан Н.Энхбаяртай огт холбоогүй байсан асуудлыг их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан мэтээр харагдуулахын тулд түүнтэй хүчээр холбож, хууль бус аргаар хууль зөрчин ял тулгасан юм. Үнэн хэрэг дээрээ тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүгийн гүжирдлэгийн шинж чанартай мэдүүлгийг үндэслэн Н.Энхбаярын эсрэг ээлжит зохиомол хэрэг үүсгэсэн байдаг. Х.Наранхүү 2005 онд Н.Энхбаяр өөртэй нь утсаар ярьж, Ж.Мягмаржаргалыг дэмжээрэй гэж хэлсэн хэмээн гөрддөг боловч энэ нь ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. Тэгээд ч өөрөө энэхүү хэрэгт холбогдож байгаа хүн гэрч байж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг. Учир нь тухайн хэрэгт өөрөө холбогдож байгаа хүн гэрчээр мэдүүлэг өгвөл өөрөө хэргээс мултрахын тулд буруугаа бусад руу чихэх гэж оролдоно гэдэг үүднээс хуулийн ийм зохицуулалт хийсэн байдаг. Х.Наранхүү яагаад ийнхүү худал мэдүүлэх болов? 1-т, Х.Наранхүү өөр асуудлаар шалгагдаж байгаад прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо Н.Энхбаярыг гүжирдээрэй гэж тохирсны дагуу гүтгэсэн байж болох, 2-т, өөрөө алдаа дутагдал гаргасныгаа өөр хүн рүү чихэж, өөрөө хэргээс хуурай гарах гэж оролдсон байж болох зэрэг шалтгаанууд байна. Ямар ч байсан Х.Наранхүү нар өөрсдөө хариуцах ёстой асуудлыг Н.Энхбаяр руу чихэж, түүнийг нь шүүх үндэслэн Н.Энхбаярын ямар ч холбогдолгүй асуудлаар түүнд дээрээс өгсөн даалгаврын дагуу хуулийн үндэслэлгүйгээр, хүчээр ял тулган хэлмэгдүүлжээ.
Хоёр аж ахуйн байгууллагын хоорондын өр, авлагын асуудлыг Иргэний шүүхээр шийдвэрлүүлж, төлөх графикаа тогтоож, өр, авлагаа барагдуулах бүрэн боломж бололцоо байсаар байтал зориуд эрүүгийн хэрэг болгож, Н.Энхбаярт хүчээр ял тулган оногдуулж байгаа нь өнөөдөр монголын хууль хяналтын байгууллага, шүүх бүрэн хараат байдалд орсон, хуулинд биш, дээрээс өгсөн даалгаварт захирагддаг болсон, шударга ёс гажуудан алдагдсаныг нотолж байна. Энэ бүхэн нь дээрх хүснэгтэлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Бусад баримтууд (49-р хавтаст байгаа)
ЖИЧ:
Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээрээс өгсөн даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж, дүүргийн шүүхээс Н.Энхбаяр нарт хууль бусаар оногдуулсан шийдвэрийг баталж, зарим талаар улам хүндрүүллээ. Чингэхдээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж, Н.Энхбаярыг шүүх хуралдаанд оролцуулсангүй, эчнээгээр ял оногдуулав. Шүүхийн хуралдааныг олон түмнээс хаалттай хийж, хууль зөрчив.
Дээр хүснэгтлэн харуулсан баримтуудаар Н.Энхбаяр нь дээрх асуудлуудтай ямар ч холбоогүй, тэдгээрийн талаар тусад нь болон хамтад нь хэзээ нэгэн цагт ямар ч шийдвэр гаргаж байгаагүй, ямар ч хууль зөрчөөгүй, дээрх асуудлуудаар ямар нэгэн байгууллага, хувь хүн хохироогүй гэдэг нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Өмгөөлөгч бид нар улс төрийн зорилгоор Н.Энхбаяр нарт ял халдааж буй байдлыг илэрхий хууль зөрчсөн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байгаа бөгөөд, шүүгчид нь хууль биш, дээрээс өгсөн даалгаврыг дагаж, улайм цайм хууль зөрчин ажиллаж, шийдвэрлэж байгаа тул анхнаасаа зохиомол, улс төрийн хэргийг гагцхүү шүүхийн хаалттай хуралдааны танхимд зөвхөн хуульд үндэслэн цагаатгах боломж бололцоо хомс байдгийг өөрсдийн биеэр амсаж мэдэрч байна. Гэхдээ худал хуурмагийг илчлэх, үнэн зөвийг олж тогтоох эрхийг маань биднээс хэнбугай ч булаан авч чадахгүй.
Тийм учир нийт иргэддээ хандаж байгаа бөгөөд Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж, мөн түүнийг дагалдуулж ямар ч гэм буруугүй Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг хоморголон хэлмэгдүүлж буй бусармаг үйл ажиллагааг олон түмэндээ илчлэхийн үүднээс нотлох баримтуудыг хүснэгтлэн гаргаж танилцуулж байна. Ингэх нь үнэнийг тогтоох, шударга ёсыг сэргээхэд зайлшгүй хэрэг болно хэмээн итгэж байна.
Зохиомол хэрэг үүссэн түүх 1-ийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу
Зохиомол хэрэг үүссэн түүх 2-ыг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу
ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ
Сэтгэгдэл ( 0 )