УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.2000 онд батлагдсан Сэтгэлийн эрүүл мэндийн тухай хуулиар сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах төрийн бодлого, зарчим тодорхойлогдон нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, энэ ажилд төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сэтгэцийн эмгэгтэй хүнийг оношлох, эмчлэх яцад тохиолддог бусад хууль, эрх зүйн актад тусгагдаагүй онцлог харилцаа, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтний эрх зүйн хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа юм. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт болон амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байгаа аж. Тухайлбал, 10000 хүн амд ногдох сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 77.43 байсан бол энэ нь 2010 онд 112.9 болж нэмэгджээ. Одоо манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган гарсан нийгмийн сөрөг хүчин зүйл болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал түгээмэл, шинэ сэтгэц нөлөөт эмийг эмчилгээнд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал, эмийн хангамж хүрэлцээ, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүх шатанд, ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд хангалтгүй байгаа болон дэлхий нийтэд эрүүл мэндийн эмнэлэгт суурилсан тусламжаас татгалзаж, нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлж байхад манай улсад хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгуурлаж байгаатай холбоотой ажээ.
Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн олонхи энэхүү хуулийн төслийг цаг үеэ олсон хойшлуулшгүй хэлэлцэх асуудлын нэг хэмээн үзэж байв. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн, сэтгэцийн эмгэг анхаарал татаж байгаа асуудал. Төр, засгаас сэтгэцийн эмгэгтэй хүмүүст тодорхой дэмжлэг үзүүлж, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, амьдралын баталгаа дээшлэх, нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг заалтуудыг хуулийн төсөлд оруулж ирж байгааг дэмжиж байна. Харин сэтгэл судлаач хамгийн хэрэгтэй мэргэжил. Иймд сэтгэл судлаач бэлтгэх талаар тодорхой хэмжээнд хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өнөөдөр 20-30 жилийн өмнө хэрэглэж байсан эм хэрэглэж байгаа. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сэтгэцийн эмгэг өвчинд хэрэглэгддэг маш олон төрлийн шинэ эмүүд гарч ирсэн. Гэвч эдгээр эм өндөр үнэтэй байдаг гээд энэ хуулиар сэтгэцийн эмгэгтэй хүмүүс насан туршдаа эмээр хангагдаж байх заалт орсон эсэх талаар тодруулсан юм. Түүний асуултад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Л.Насанцэнгэл өгсөн хариултдаа, өнөөдөр сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчлөлд 14 төрлийн хамгийн үнэ багатай эм хэрэглэгддэг. Гаднаас өндөр үнэтэй эм авах төсөв байдаггүй. Цаашид тодорхой заалтуудаар олгогддог эмүүдээр хангах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Мөн сэтгэцийн өвчлөлийг эмчлэх уламжлалт олон аргууд байдгийг хэлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдааны удаах асуудал Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал байв. Хуулийн төслийн талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав танилцуулсан. Хөдөлмөр эрхлэлтийг анхан шатанд дэмжихэд саад тээг болдог газар нь орон нутаг. Засаг дарга нарыг тухайн орон нутагт суугаа иргэдэд халамжийн мөнгө тараагаад суух биш, тэднийг ажилтай болгохыг дэмждэг байх мехнизмыг хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн дотооддоо мэргэжлийн боловсрол олгох сургалт төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах, гэр бүлийн хүмүүсийг салгаж гадаадад ажиллуулахаар явуулах бус хамтад ажлын байраар хангах асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа С.Одонтуяа гишүүн илэрхийлж байлаа. А.Бакей гишүүн, өнгөрсөн 4-5 жилд Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, сангуудаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ихээхэн анхаарч ажилласан. Харамсалтай нь үр дүн гараагүй. Энэ нь хоорондоо мэргэжил, арга зүй, бодлогын уялдаагүй байсантай холбоотой. Иймд хариуцлагыг бий болгоход энэ хуулийн төсөл онцлогтой гэж үзэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйтэй зарцуулах нь чухал гэдгийг хэллээ. Эцэст нь гишүүдийн олонхи хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )