УИХ-ын чуулганаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн байгууллага болон хувийн хэвшлүүд сэтгэл зүйчтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тухай хэд хэдэн зүйл заалтыг өнөө цагт нийцүүлэн боловсоронгуй болгожээ. Улмаар УИХ-ын гишүүд саналаа хэлсний дараа 84 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.
Дашрамд дурьдахад Монгол улсад нийт хүн амын хоёр хувь буюу 50 мянга орчим нь сэтгэцийн өвчтэй бол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу стресстэй байдаг аж. Сэтгэцийн өвчлөлийн удамшлын, гадаад шалтгаантай гэж хоёр ангилдаг бөгөөд гадны шалтгаан нөхцлөөс үүссэн сэтгэцийн өвчин нь эдгэрдэг гэнэ.
Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77 хувь байсан бол 2007 онд 112 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Энэ нэмэгдсэн үзүүлэлтийг мэргэжилтнүүд нийгэм эдийн засгийн амьдралтай шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Агаарын бохирдол, замын түгжрэл, ядуурал гээд сэтгэл санаанд нөлөөлөх бүхэн хамаарах аж. Түүнээс болж сэтгэл санаагаар унасаар цаашлаад хүндэрсэн сэтгэцийн эмгэг болон хувирдаг юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )