Сүүлийн үед эрүүл мэндийн байдлаас болж хэвийн ажиллаж чадахгүйд хүрээд байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн талаарх мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга цацагдаж байгаа билээ. Гаднаас нь харахад их энгийн санагддаг, энэхүү боргил эр тухайн бүс нутагтаа төдийгүй, дэлхийд данстай гэж болохоор тэмцэгч-удирдагч. Тэрээр амар хялбар замаар энэхүү өндөр албан тушаалд очсонгүй. Түүний амьдралын замнал тэр чигээрээ тэмцэл, тэр хэрээр түүний нэр хүнд, нөлөөлөл агуу гэж болохоор.
Уго Рафаэль Чавес Фриас 1954 оны долоодугаар сарын 28-нд Венесуэлийн баруун зүгийн Баринас мужийн Сабанета хотод мэндэлжээ. Түүний ээжийн талын өвөг дээдэс иргэний дайн, дарангуйлагчдын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцон алдаршиж байсан аж. Тэдний цусан дахь тэмцэгч дайчин ген Чавест өвлөгдөн ирсэн бололтой. Ээж нь хүүгээ лам болгохыг хүсдэг байсан бол Чавес хүү мэргэжлийн бэйсболчин болохыг мөрөөддөг байжээ. Одоо хүртэл энэ хүсэл нь хадгалагдсан хэвээр аж. Тэрээр багадаа их хөөрхөн зурчихдаг, 12 настайдаа бүсийн үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. 1975 онд Венесуэлийн цэргийн академийг бага дэслэгч цолтой төгссөн байна. Мөн Каракасын Симон Боливарын нэрэмжит Их сургуульд сурч байжээ. Чавес агаарын десантын ангид алба хааж байсан ба десантчны улаан берет малгай түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсныг та бид сайн мэдэж байгаа.
1982 онд тэрээр хамт алба хаагсадтай нийлж, бага дунд тушаалын офицеруудын нэгэн нууц байгууллагыг үүсгэсэн байна. Хожим энэ байгууллага Боливарын хувьсгалт хөдөлгөөн болж өргөжсөн аж.
Улс орны эрх баригчдын явуулж буй дарангуйлагч бодлогод дургүйцсэн ард олны уур амьсгал ширүүсэн оргил үедээ хүрч байсан 1992 оны хоёрдугаар сарын 4-нд дэд хурандаа Уго Чавес хувьсгалт хөдөлгөөнийг удирдан төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн билээ. Цуст мөргөлдөөний уршгаар 17 цэрэг амь үрэгдэн, 50 орчим офицер шархдан, 4-ний үд дунд гэхэд Уго Чавес тэмцэгчдийг зэвсгээ хаяхыг уриалан, эрх баригчдад бууж өгөн, өөрөө бүх хариуцлагыг үүрсэн байна. Тэрээр олон хүний амь эрсэдсэн, цуст тулааныг хүссэнгүй. Ингээд Чавес өөрийн нөхдийн хамт шоронд оржээ.
Хоёр жил хоригдоод 1994 онд ерөнхийлөгч асан Рафаэль Калдерийн өршөөлөөр суллагдсан байна. Тэр даруйдаа нэгэн хувьсгалт хөдөлгөөнийг зохион байгуулан, Кубад очиж, Гаванын их сургууль дээр өөрийн үзэл бодлоо зарлаж байсан аж. 2004 онд түүнийг хүний эрхийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлэн Муамар Каддафийн нэрэмжит шагналаар урамшуулж байжээ. Мөн Саддам Хусейнтэй хамгийн анх биечлэн уулзсан гадаадын төрийн тэргүүнээр тодорч байв.
Уго Чавес 1998 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 55% санал авч сонгогдсон байна. 2000 онд шинэ үндсэн хууль гарсны дараа тус оронд ерөнхийлөгч болон парламентын шинэ сонгууль явагдахад мөн 60% санал авч сонгогджээ.
2001 оноос Чавесийг эсэргүүцэгч талынхны тэмцэл хурцдан, 2002 оны дөрөвдүгээр сард Каракасын мэр А.Пено, мөн Э. Васкесийн удирдсан хуурай замын цэргүүд төрийн эргэлт хийн, Чавесийг унагахыг оролджээ. Тэд түүнийг баривчлан, нэгэн арал руу аваачиж, телевизээр түүнийг бууж өгсөн мэтээр худал мэдээлэл дамжуулсан байна. Гэвч армийн болон ард түмний ихэнх нь Уго Чавесийн талд байсан бөгөөд тэдний шаргуу тэмцэл, шаардлагын дүнд эсрэг талынхан аргагүйдэн бууж өгч, хоёр хоногийн дараа Чавесийг буцаан ордонд нь залсан аж.
Энэ мэтчилэн түүний амьдралын замналыг дурдаад байвал бараг бүтэн ном болохоор тул ингэсгээд өндөрлөн, одоогийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулъя.
Өнгөрсөн оноос хойш Венесуэлийн удирдагч хорт хавдрын өвчлөлийг ялан дийлэхээр үзэлцэж байна. Саяхан дөрөв дэх удаагийн хагалгаанд орохын өмнө урьдчилан тааварлашгүй эрсдэл гарч болзошгүйг харгалзан, өөрийн залгамжлагчаар гадаад хэргийн сайд бөгөөд дэд ерөнхийлөгч 50 настай Николас Мадурог нэрлэсэн билээ. Тэрээр зүүний үзлийг баримтлагч бөгөөд парламентын \үндэсний ассамблейн\ дарга байсан, бусад сайд нар богино хугацаанд солигдож байхад тэр хамгийн олон жил Гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа аж.
Шинжээчдийн хувьд зарим нь энэхүү “залгамжлагч” гэсэн үгэнд шүүмжлэлтэй хандаж байна. Хэрэв ямар нэгэн тохиолдлоор Чавес өөрийн үүрэгт хугацааг гүйцээж чадахгүйд хүрвэл шинээр сонгууль зарлагдан, сөрөг хүчнээс ч хүмүүс нэр дэвших боломжтой гэж үзэж байна. Энэ сарын 10-нд товлогдсон байсан тангараг өргөх ёслол хойшлогдсон нь сөрөг хүчнийхний хувьд яриа хэл гаргах шалтаг болж байгаа аж. Хуулинд зааснаар тангараг өргөх ёслол бололгүй 30 хоног өнгөрвөл “байнгын байхгүйд” тооцон, шинээр сонгууль явуулна гэсэн заалт байдаг бөгөөд үүн дээр сөрөг хүчнийхэн дөрөөлж байгаа бололтой. Гэвч Чавесын талынхан хуулийн дагуу холбогдох газруудаар дүгнэлт, шийдвэр гаргуулан, тангараг өргөх ёслолыг ном журмын дагуу хойшлуулж чаджээ.
Хуулийн дагуу бол, шилжилтийн үед төрийн эрхийг парламентын дарга Диосдадо Кабельо гартаа авах ёстой ба тэрээр нам дотроо Николас Мадурогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн яригддаг аж.
“Одоогоор Чавес харьцангуй хэвийн байгаа болохоор ямар нэгэн асуудал гарах магадлалгүй байна. Хэрэв муу юм тохиолдоод Чавес алга болсон тохиолдолд урьдчилан таамаглашгүй үйл явц өрнөн, Кабельо армийн хүчийг ашиглан, чөлөөт сонгууль явуулахгүйн тулд төрийн эргэлт хийж болзошгүй” хэмээн зарим шинжээчид болгоомжилж байна.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )