Аудит, консалтингийн чиглэлээр дэлхийн нэртэй компаниудын нэг болох PricewaterhouseCoopers-ын ажилтнууд 2033 он гэхэд дэлхий ямар байх талаар өргөн хүрээ бүхий урьдчилсан судалгаа хийжээ. Шинжээчдийн таамаглал ялангуяа АНУ, Европын холбооны улсуудын хувьд тийм ч тайвшруулахаар зүйл биш байгаа аж.
Тэдний үзэж буйгаар, ойрын жилүүдэд дэлхийн зах зээлийн лидерүүд өнөөгийн хямралт байдлаасаа арайхийн гарч чадах ба хөгжиж буй орнууд одоогийн асуудлуудаа даван туулаад зогсохгүй, зарим өрсөлдөгчдөө шахан гаргаж чадна гэжээ.
Ялангуяа, 2033 он гэхэд дэлхийн хамгийн баян орноор Хятад тодрох ба өнөөгийн “дэлхийн цагдаа” АНУ тэргүүлэх байршлаа алдан хоёрт орж, энэхүү байдал 2050 он хүртэл үргэлжилнэ хэмээн эдийн засагчид үзэж байна. Мөн одоогийн “Их наймын” зөвлөгөөн Азийн хамгийн хөгжилтэй долоон орны төлөөлөгчдийн чуулганаар солигдоно гэжээ.
20 жилийн дараа Орос улс Германаас баян болж, Мексик улс Франц, Их Британийг гүйцэж түрүүлэн,харин Турк, Индонез улсууд Италийг давж гарах аж. Эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравт Энэтхэг орж ирэх ба Хятадын адил энэ байрлалаа 2050 он хүртэл алдахгүй бололтой. Түүний ард шил даран Япон орох ба 2053 он гэхэд энэхүү байрлалаа алдаж магадгүй юм байна.
Гэвч эдгээр таамаглалд бас өөрсдийн гэсэн саад тотгор байгаа аж. Энэтхэг, Бразил хоёр төсвийн ихээхэн дутагдалд орох ба Орос,Нигери улсууд нефть, хийн хамааралд өртөн, Хятад улсад олон нийтийн дарамт ачаалал, нийгмийн тэгш бус байдлын өсөлт зэрэг нь сөргөөр нөлөөлөх талтай аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )