“Холливудын гүнж”, “XX зууны хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэгддэг байсан жүжигчин бүсгүй бол Одри Хепберн. Тэрээр өөрөө “Би бол жирийн л нэг азтай бүсгүй” гэж өгүүлдэг байсан Одри Хепберн бол англи-ирландын санхүүч Жон Виктор Хепберн-Растон болон голландын язгууртан бүсгүй Элла Ван Хеемстра нарын дундаас төрсөн ганц хүүхэд нь юм. Одри Кэтлин Растон 1929 оны тавдугаар сарын 4-нд Брюссельд төржээ. Гучаад оны сүүлчээр, түүнийг 10 нас ч хүрээгүй байхад эцэг нь гэр бүлээ орхин явсан байна. Ингээд Элла Ван Хеемстра охинтойгоо хамт Англиас явж, Голландад амьдарсан нь хамаагүй аюул багатай гэж үзжээ.
Одри шинэ хэл яаралтай сурах хэрэгтэй боллоо. Голланд немецүүдэд эзлэгдсэн байсан тул ээж нь Одриг гудамжинд англиар ярихыг хатуу хоригложээ. Дэлхийн хоёрдугаар дайны аймшиг түүний ой ухаанд хэзээ ч мартагдахааргүй толбо болон үлдсэн байна: “Хүмүүсийг хэрхэн хананы хажууд зогсоогоод бөөн бөөнөөр нь буудан хороож байгааг бид хардаг байлаа. Нацистуудын талаар та нарын хэзээ нэгэн цагт сонсож байсан зүйлс юу ч биш. Яг бодит байдал дээр та нарын төсөөлж байгаагаас хавьгүй аймшигтай байсан” хэмээн тэрээр дурсчээ.
1941 онд Одри балетын курст явж эхэлсэн ба дайны төгсгөл хавьд их амжилт олж, заримдаа хувиараа хичээл заан мөнгө олдог байв. Дайны дараа Одри ээжийн хамт Амстердамд нүүн ирж, тэнд Сони Гаскеллд шавь орон, харин дараахан нь Лондонд хэсэгтээ Вацлав Нижинскийн бүжгийн хичээлд суралцжээ. Дайны уршиг эрүүл мэндэд нь нөлөөлөн, хоол хүнсний дутагдлаас болж 170 см өндөр Одри дөнгөж 40 кг жинтэй байв. Энэ нь балетчин болоход нь тэнцэхгүй байснаас түүнд зөвхөн жүжигчний карьер л үлдсэн байна.
Эхлээд тэрээр театр, киноны хэд хэдэн туслах дүр бүтээж байгаад 1950-иад оны эхээр бродвейн “Жижи” жүжгэнд дүр авчээ. 1953 онд 25 настай Одрид Грегори Пектэй хамтран тоглосон “Roman Holiday” киноны гол дүрийг санал болгосон байна. Эхлээд удаагүй “шинэков” жүжигчинд энэ нь карьераа өсгөх том боломж байсан ба энэ л дүрээрээ тэрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид “Оскар” авсан билээ. Хэдийгээр сүүлд дөрвөн ч удаа “Оскарт” нэр дэвшиж байсан боловч энэ нь түүний авсан ганц “Оскар” аж. “Оскар” авснаас хойш хэдэн долоо хоногийн дараа “Ундина” жүжигт бүтээсэн дүрээрээ АНУ-гийн театрын гол шагнал “Тониг” хүртэж байлаа.
Энэ жүжгийн хамтран тоглогч нь Мел Феррер байсан ба 1954 онд түүнтэй гэрлэн, 1960 онд хүү Шон нь төржээ. Одригийн анхны гэрлэлт нь салалтаар төгссөн ба 1960-аад оны сүүлээр италийн сэтгэл зүйч Андреа Доттитой гэрлэн, Лук хэмээх хоёр дахь хүүгээ төрүүлсэн аж. Хоёр дахь нөхрөөсөө 1980-аад оны эхээр салан, жүжигчин Роберт Уолдерстэй уулзаж эхлэн, түүнтэй насан эцэслэтлээ хамт амьдарчээ.
“Roman Holiday” –н дараа Одри Хамфри Богартын зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг “Sabrina” дэлгэцнээ гарч, Наташа Ростовагийн дүрийг бүтээсэн “War and Peace”, Фред Астертай хамт бүжиглэсэн “Funny Face”, 1961 онд “Breakfast at Tiffany’s” дэлгэцнээ гарав. Энэхүү кинонд гардаг, хар даашинз өмсөн, урт гаансанд янжуур хийн зуусан эвлэгхэн биетэй хөөрхөн бүсгүйн дүр хүмүүсийн сэтгэлд хүрч, дуулиан дэгдээсэн байна. Жүжигчин бүсгүй бодит амьдрал дээр өөрийн дүрийнхээ яг эсрэг хүн аж. Киноны гол баатар Холли гадагшаа нээлттэй хүн бол, Одри эсрэгээрээ дотогшоо хүн юм. Киноны эхэнд жүжигчин бүсгүй Tiffany дэлгүүрийн гадаа үзмэрийн шилэн хоргоны дэргэд өглөөний унд уухдаа өмсөж байсан, Юбер Живаншийн бүтээсэн хар даашинз 2006 онд Christie”s дуудлага худалдаан дээр 900 мянган доллараар зарагджээ. Харин тэрхүү үзэгдлийн зураг авалт маш нарийн дэглэмд, Хепберний хувьд ихээхэн түвэгтэй байсан аж.
Холливудын продюссеруудын өгүүлсэнчлэн, эвлэгхэн галбир, язгууртан маягийн гоо үзэсгэлэн нь түүнийг 1950-иад оны сайхан бүсгүйчүүдээс ялгаруулж харагдуулдаг байжээ. Тэрээр алдартай зурагчидтай хамтран фотомоделийн ажил хийж байв. Ричард Аведон зураг авахуулахдаа хэрхэн “сул талуудаа” халхлах талаар түүнд зөвлөн сургажээ.
1967 оноос эхлэн Одри Хепберн зураг авахуулах нь улам багасан, ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулдаг болов. Энэ үед “Charade”, “The Children’s Hour “, “My Fair Lady”, “How to Steal a Million” зэрэг кинонуудад тоглосон ба хамгийн сүүлд, 1989 онд Стивен Спилбергийн “Always” кинонд туслах дүр бүтээсэн байна.
1980-аад оны сүүлчээс Одри Хепберн ЮНИСЕФ-тэй нягт хамтран ажиллаж, хүмүүст туслах буяны ажилд өөрийгөө бүрэн зориулсан аж. Тэрээр хүмүүнлэгийн аянаар 10 гаруй жил явахдаа Эфиоп, Турк, Венесуэл, Эквадор,Вьетнам, Судан зэрэг орнуудад очиж байв. Хамгийн сүүлд нас барахаасаа дөрвөн сарын өмнө Африкийн Сомалид очсон аж.
Эдгэршгүй өвчин туссан тэрээр амьдралын сүүлийн өдрүүдээ гэр бүлийн хамт швейцарийн Толошеназ хотод өнгөрөөн, 1993 оны нэгдүгээр сарын 20-нд хорт хавдрын улмаас нас барсан билээ.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )