Бат-Эрдэнийн ХАНДМАА
\Цуврал ярилцлага-04\
...Вашингтон ДС орчмын монголчуудын дунд зохион байгуулагддаг олон үйл ажиллагаанд Ариэль Хандмаа хоёр заавал ирж оролцоно. Үсээ сүлжиж унжуулаад, монгол дээл өмссөн Хандмаа ер нь содон харагддаг юм. Би анх тэднийг хараад" Монголын хөдөө сумаас ирж дээ" гэж бодож байсан нь алдаагүй л дээ. Хэдийгээр Америкт ирээд багагүй хугацааг үдэж байгаа ч Хандмаагийн зан ааш нь ер өөрчлөгдсөнгүй. Байгаа байдал болон хүмүүстэй харьцаж байгаа нь, хүүхдүүдэд хичээл зааж байгаа нь, бас өөрийгөө авч яваа байдал нь эгэл жирийн монгол бүсгүй. Ариэль монголоор маш сайн ярина. "Энхтайваны корпус"-ийн сайн дурын ажилтан байсан болохоор Монголд их элгэмсүү, Монголчуудыг дэмжих, Монгол руу хандаж санаачлан хэрэгжүүлж байгаа олон ажлууд нь миний сонирхлыг татдаг юм. Тэгээд л тэдэнтэй уулзаж ярилцахыг хүссэн хэрэг.
Нэг. Намтрын товчоон
1996 онд Дорнод Аймгийн Чулуунхороот сумын 10 жилийн сургууль
1996-2001 Дорнод аймгийн Чулуунхороот сумын цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш
2001-2005 Улаанбаатар хот, МАДС –Аялал Жуулчлалын Менежмент бакалавр
2005-2006 Clarendon Education Center , Aрлингтон хот, Виржиниа муж
2005-2009 St. Patrick’s Episcopal Day School цэцэрлэгийн туслах багш, Вашингтон хот
2006 оноос “Friends of Mongolia” Төрийн Бус Байгууллагын гишүүн
2006 оноос Америкийн Нэгдсэн Улсын Нийслэл дэхь Монгол Сургуульд багш
2008-2009 онд George Washington University хэлний курс, Вашингтон хот
2010 оноос Northern Virginia Community College –д Сургуулийн Өмнөх Насны Хүүхдийн Боловсрол Өсөлт Хөгжил мэргэжлээр суралцаж байгаа
Хоёр. Дурсамж дүүрэн бага нас
-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв дөө?
-Б.Хандмаа: Би Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрж өссөн. Манай сум чинь хоёр талаараа Орос, Хятадтай хиллэдэг, бараг чөлөөт бүсийн нутаг юм шүү дээ. Орос руу бол нутгийн иргэд нь цагаан хуудсаар өглөө гараад оройдоо буцаад ороод ирчихдэг. Хятадын хил нь байнгын бус, улирал тутам нээгддэг. Нутгийн иргэд нь хоёр хилээр орж гардаг болохоор их ч давуу талтай, наймаа арилжаанд нилээд сайн. Галт тэргэнд суугаад, заримдаа явганаар алхаад хойшоо, машинд суугаад урагшаа хилээр гарчихна. Миний нутаг сайхан нутаг. Хүн хаана ч явсан "нутгийн уулс, тэнгэр ивээж явдаг" гэдэгт би үргэлж итгэдэг. Хүн өөрөө хичээгээд сайн явж байгаа ч" төрсөн нутгийн тэнгэр" заавал ивээж явдаг.
-Г.Галбадрах: Бага байхдаа хэр хөдөлгөөнтэй охин байв даа?
-Б.Хандмаа: Би чинь 6 хүүхэдтэй айлын том охин нь. Хоёр нь эндчихсэн юм. Тэгээд хөдөөний хүүхдүүд ямар л байдаг билээ, их л хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байв. Эрэгтэй хүүхдүүдтэй хөөцөлдөж хашаан дээгүүр гүйнэ, бас болоогүй ээ муудалцвал зодолдож орхино. Модноос модонд гүйж харайж байгаад унаж бэртэнэ. Заримдаа бэртлээс болж эмнэлгийн "оёо" тавиулж байсан тохиолдол бий. Сайхан гэгээлэг дурсамжтай үе.
-Г.Галбадрах: Гэхдээ хөдөөний хүүхдүүд их ч ажилсаг болж өсдөг. Цаг хугацаагүй шахам их ажлууд дундаас амьдралын их ухаанд суралцдаг.
-Б.Хандмаа: Ажил гэсэн чинь өссөн гэр минь бүүр нүдэнд харагдчихлаа. Өвлийн шөнүүдэд манайх галлагаа сайтай байдаг байсан болохоор тоонооо онгорхой унтдаг байлаа. Гэрийн тооноор одод түгсэн тэнгэр нэвт харагдаж, хааяа тооноор будран орох цас халуун пийшин дээр шаржигнан унахыг би харах их дуртай байж билээ. Үүрийн таван жингээр босоод, үүрийн цолмонг харах их сайхан байдаг байжээ. Тэгээд л хорвоогийн нэг сайхан өдөр эхэлнэ дээ. Манай Эрээнцавынхан ногоогоо өөрсдөө тарьж, намар нь хурааж аваад дарж даршилж , салатаа хийж хадгална. "Алаг салат"-аа өөрсдөө хийнэ, хүрэн манжингаа дарна, тэр ч байтугай халуун ногоогоо хүртэл өөрсдөө бэлтгэдэг юм шүү дээ. Цагаан идээгээ ч өөрсдөө бэлтгэж боловсруулна. Их ч ажилсаг хүмүүс дээ. Зун би гэртээ "шахмал түлш" хийдэг байлаа. Үхрийн нойтон баасыг нүүрсний нунтаг хогтой холиод нэг хэвэнд цутгаж хатаадаг юм. Би чинь зун саравчтай малгай өмсчихсөн, хашаан дотроо өглөөний нар гарахаас үдшийн бүрий хүртэл ажиллана шүү дээ. Өглөө үнээгээ саачихаад усандаа явна, ногоогоо усална, цайгаа чанана, хоолоо хийнэ, өдрийн хоолны дунд шахмал түлшээ хийнэ гээд л ажил урсаж өгнө шүү дээ. Хөдөөнийхөн ер нь нараар баримжаалан цагаа мэддэг юм. Хонь, тугалаа хариулах завсраа "Дөлгөөн Дон" бас "Дэйл Карнеги"-ийн номуудыг уншдаг байв. Бас буриад болон холоотгоны гутал оёно. Хөгшин ээжтэйгээ хамт гэрийн сүүдэрт суугаад хонины ноос томж, ээрнэ. Ээрсэн утсаараа оймс нэхдэг байсан. Зах зээлийн юм хомс цагт, арвайг гар тээрмээр тээрэмдэж гурилаа хүртэл гаргадаг байлаа. Тэр нэг жил өвөөгийн байхад их түймэр гарч, бид нар гэрээ норгоод, хонио хашаад, гэрээ тойруулаад ширмэн тогоо хөмрөөд, бас давхар цурам тавиад л өвөө ах энэ тэртэйгээ нийлээд түймэр цохиж байж билээ. Тэртээ хол урт богоон шиг улалзаж байсан түймэр маш хурдан гэрийн гадаа ирдэг юм билээ. Аймаар, гэхдээ гэрээ малтайгаа аваад гарсан шүү. Иймэрхүү нөхцөл байдлаас амьдралд хэрэгтэй зарим нэг зүйлийг сурсан байх гэж би боддог юм.
-Г.Галбадрах: Тэр тусмаа айлын том охин болохоор бүр ч их ачаалал үүрдэг байсан байх. Сум гэдэг жижиг хэн болохоор ажилсаг хүүхдийг бүгд л анзаарч, дэмждэг байсан даа. "Нутгийн нэр" гэдэг ч юм уу?
-Б.Хандмаа: Биднийг бага байхад "Халтар царайт" гэж Венесуэлийн олон ангит кино гарч бараг л Монгол орон даяар байлдан дагуулж байсан даа. Манай сумын зарим нь намайг "Халтар царайт" шиг гэж хэлдэг байсан юм. Би хашаан дотроо "шахмал түлш"-ээ хэвлэж хатаагаад, өдрийн халуунд хөлс нь урсаж жинхэнэ "халтар царайт" болчихно. Суманд зарим орой болдог нийтийн бүжигт очихоороо хэрдээ гоёчихно. Плать бараг өмсөхгүй шүү дээ. Өмд хослолоор л гангарна. Нэг удаагийн шинэ жилээр хажуу айлын эгч нар минь намайг "гоёх" гэж бөөн юм болов. Анх удаа гоё плать, ретуз гэдэг өмд өмсөж, үсээ задгай тавьж шинэ жилд орж билээ. Болоогүй ээ, тэр шинэ жил дээр шүлэг уншиж, олны өмнө шагнал авч байв даа. Найзууд маань "Чи тэгэхэд яг л Стерлита шиг харагдсан шүү" гэж хэлж байсан. "Тэр үед сайхан ч байж дээ" гэж хааяа гэгээлэг сайхнаар дурсдаг юм.
-Г.Галбадрах: Сургууль, багш нарынхаа тухай дурсамжаа хуваалцвал?
-Б.Хандмаа: Манай Чулуунхороот 10 жилийн сургуультай, хааяа хөрш зэргэлдээ сумуудаас хүүхдүүд ирж суралцана. Тэд дотуур байранд суудаг байсан. Манай сургуулийн багш нарын хангалт, чанар нь нилээд сайн байсан байх. Манай нутгийнхан "Эхний ачлалт хүн бол эцэг эх, дараагийн ачлалт хүн бол багш нар" гэж ярьцгаадаг. Миний хамгийн анхны багш Баяраа багш минь байв. Гантуяа, Анхбаяр, Гэрэлцэцэг, Мягмарсүрэн, Батбаяр, Санжмятав гээд олон мундаг багш нарын гараар дамжсан. Ийм багш нараас их эрдмийн шимийг хүртэж байсан болохоор одоо хэр нь баярлаж талархаж явдаг юм. Бас дээд сургуулийн минь багш нар болох Наранбаяр, Наранбаатар, Баярсайхан, Наранцацралт, Сарангуа, Батцэцэг гээд олон багш нараа бахархан дурсаж явдаг.
-Г.Галбадрах: Дунд сургуулиудад юм болгонд идэвхитэй оролцдог авьяас сонирхолтой хүүхдүүд байдаг даа. Чамд бас ямар нэгэн авьяас байсан байх, тийм үү?
-Б.Хандмаа: Ээж минь цэцэрлэгийн багш байсан болохоор намайг багаас минь шүлэг уншуулдаг байв. Өөрийн дур сонирхлоор юм уу, эсвэл ээжийн зааснаар ч болсон юм уу, бүү мэд. Ямар л арга хэмжээ болон уралдаан болно, түүн дээр шүлэг их уншина. Дараа нь бүжгийн дугуйланд орж бүжиглэдэг болсон. Нэг портнер \хамтрагч\-тай. Тэр протнертойгоо 8-р ангиа төгстөл бүжиглэж байгаад 9, 10-р ангидаа өөр портнертой болсон. Бүжгийн аварга ч хүртэл болж байв. Сагсан бөмбөгийн тэмцээнд ихэвчлэн замен \сэлгээ\-д сууна. Волейволд бол зай бөглөөд зогсоно. Волейволд гүйхгүй болохоор өөрт амар байсан юм шиг байгаа юм. Хөгжмийн дугуйланд орж ятга хөгжмийг сонирхлоо. Тэгсэн хөгжмийн багш маань миний хурууг харснаа голоод хөгжимд аваагүй. Тэр үед дотроо "Яанаа, би аймаар муухай хуруутай юм байна шүү дээ. Тэгэхээр би хэзээ ч хөгжим тоглохгүй юм байна" гэж харамсангүй бодож байж билээ. Харин Америкт ирсэн хойноо гитар хөгжим тоглож сурч байгаа. Монгол хэл, орос хэл болон түүх, нийгмийн ухааны хичээлээр олимпиадад оролцож байв. Ерөнхийдөө түүх, уран зохиол, хэлний төрлийн хичээлүүдэд илүү сонирхолтой байсан. Харин одоо бол чөлөөт цагаараа юм нэхэх, зураг зурах, гэр бүлтэйгээ хамтад цагийг өнгөрүүлэх дуртай.
-Г.Галбадрах: Тэгвэл юм юманд оролцдог идэвхитэй хүүхдүүдийн жишээ байж дээ?
-Б.Хандмаа: . Хэрээ мэдэхгүй юм юманд их сонирхоноо. Анхны дөрвөн мөртөө 7-р ангид сурч байхдаа, олгой минь дотроо хагарснаас болж хагалгаанд орчихоод, эмнэлэгт хэвтэж байхдаа бичиж байв.
Мөнгө аягатай сүүнд
Мөнхийн дөл бадарна
Мөрөөдөл болсон нутаг минь
Мөн ч их санагдана
Энэ анхны дөрвөн мөрт яагаад ч толгой руу минь орж ирсэн юм бэ, бүү мэд. Одоо бодоход эх нутагтаа байсан мөртлөө "мөрөөдөл болсон нутаг минь" гэж бичээд байхдаа яах вэ? гэж шоолмоор. Сумын төвөөс аймгийн төв хүртэл 300 гаад километр. Гэхдээ л энэ бол анхны минь шүлэг.
-Г.Галбадрах: Нутгаасаа холдож үзсэндээ сэтгэлд тань нэг мэдрэмж төржээ дээ?
-Б.Хандмаа: Би олгой өвдөөд дотроо хагарснаа мэдэхгүй аймгийн эмнэлэгт ирж хэвтэж байсан юм. Тэр үедээ тэр анхны дөрвөн мөртийг эмнэлгийн орон дээр бичиж байлаа. Надтай нэг өвөө сумаас хамт ирсэн л дээ. Би олгойн мэс засалд ороод, дараа нь сэхээнд орсон юм. Гэтэл өвөөгийн хэвтэж байсан ор эзэнгүй. Сурагласан чинь өвөө "өнгөрчихсөн" байсан. Сэтгэлд айдас зэрэгцэж "Яанаа, үхэл гэдэг чинь ийм амархан, бас ойрхон байдаг юм уу" гэж бодогдсон.
Бас хэрдээ амьдралыг өөрийн бяцхан ухаанаараа харж мэдэрч байсан юм болов уу даа. Түүнээс хойш сонирхолдоо хөтлөгдөн шүлэг бичих сонирхолтой болсон доо. Нэг удаа алгебрийн хичээл дээр Мягаа багш минь шалгалт авч байв. Багш бодлогоо тайлбарлаад "асуулт байна уу?" гэж асуухад нь би гараа өргөж байгаад "Багш аа нөгөө Гандангийн дэнж дээр байдаг босоо том бурханыг чинь Мэгжид хэн гэдэг билээ?" гэж асуусан юм даг. Алгебрийн шалгалт дээр шал өөр юм бодоод л сууж байдаг. Багшийнхаа тухай
Мэлмий духыг нь харвал
Мэгжид Жанрайсаг бурхан шиг
гэсэн шүлэг бичих гэж тэр шүү дээ. 10-р ангиа төгстөл бяцхан шүлгүүд бичиж, заримдаа өөрөө уншиж уралдаан тэмцээнд оролцож байв. Бас элэглэл ч их бичнээ.
-Г.Галбадрах: Шүлэг бичнэ гэдэг хүүхэд насны гэгээлэг дурсамжийг сэдрээдэг.
-Б.Хандмаа:Tийм ээ, тавын дэвтэр дээр бичсэн хөөрхөн хэдэн шүлэг маань одоо хүртэл надад бий. Би шүлгээ сонинд ганц нэг удаа явуулж байсан. Тэгээд сонингийн булан дээр гарчихсан байхаар их урамшиж билээ. Надаас гадна манай сургуульд шүлэг бичдэг хүүхдүүд нилээд хэд байсан. Тэд ч их мундаг. Би тэдэнтэй харьцуулахад жижигдэнэ л дээ. Гэхдээ бас өөрийн сэтгэлийн илэрхийлэл юм уу даа. Одоо ч би яруу найраг, шүлгийг сонирхдог хэвээрээ.
Гурав. Сумын цэцэрлэгийн багш
-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?
-Б.Хандмаа: 1996 онд 10-р ангиа төгсөөд " Цагдаа болъё" гэтэл ээж зөвшөөрсөнгүй ээ. Тэгээд л сумандаа цэцэрлэгийн багш болсон. 18 настайгаасаа л ажил хийж "Хандмаа багш аа" гэж дуудуулж эхэлсэн. Улаанбаатарт коллежийн хуваарь авсан ч эчнээ сурахаар болсон юм. Тэр үед их хөгжилтэй. Сумын цэцэрлэгийн багш болохын тулд аймгаас ирсэн хүнд шалгуулж байгаа юм. Сумаас хэдэн охидууд шалгалтад оролцсон. Аминдаа гоё хувцсаа өмсөөд мэдэж чаддаг зүйлээ л шалгуулна. Түүнд нь тэнцээд л цэцэрлэгийн багш болж байв.
-Г.Галбадрах: Ажил амьдралын гараагаа эхэлсэн сумын цэцэрлэг тань ямархуу байв даа?
-Б.Хандмаа: Сумын цэцэрлэг хөөрхөн шүү дээ. Намайг ажилд орж байх үед нэгдсэн халаалт байхгүй болж сумын албан газрууд даралтын зуухаар халаадаг болсон. Нүүрсээр галлана. Бид нарын толгой дээр бүх зүйл тулж байгаа юм. Багш нар өвлийн хүйтэнд тракторын чиргүүл дээр галч нарынхаа хамт суугаад вагоноос нүүрс буулгаж ачна. Нэг харахад хөөтэй нүүртэй галч, нөгөө харахад нүүрээ угаачихаад багшаа хийгээд л явна. Бас хүнсний ногоогоо өөрсдөө тарина. Хичнээн хол газар байсан ч алхаж очоод ногоогоо усална, бас хураана. Тэр үед эцэг эхээс "хоолны мөнгө" гэж авдаг байсан юм, одоо авахаа больсон гэсэн. Хүүхдүүд дүүрэн байдаг. Хоёр багш, дөчин хэдэн хүүхэдтэй ажиллана. Шинэ жил дөхөхөөр хүүхдийн тоо нэмэгддэг байлаа. Шинэ жилээр бэлэг авах гэж тэр шүү дээ. Сайхан байсан.
-Г.Галбадрах: Чи их л залуугаараа цэцэрлэгийн багш болжээ.
-Б.Хандмаа: Би залуухан байсан болохоор хүүхдүүдтэйгээ нийлээд бөмбөг шидээд л гүйчихнэ. Заримдаа туслах багшдаа "чи хүүхдүүдтэй нийлээд түжигнэж бужигнаж хамаг зүйл нураалаа, хог тариад байна" гээд л загнуулна. "Хүүхдүүдээ томоотой байлга" гэнэ. Би болохоор заах зүйлээ хүүхдүүддээ заачихна. Хүүхдүүд маань болохоор надад их дуртай. Хүүхдүүдийг аль болохоор загнахгүй юм сан л гэж бодно. Эмээ өвөө, ээж аавын хатуу шаардлагаар өссөн хүүхдүүдийг би бас нэмж хатуурхалгүй, зөөлөн эерэг аргаар сургах сан гэж боддог байж. Тэгээд хүүхдүүдээ унтуулахдаа өөрөө дуу зохиогоод:
Цэцэрлэгийн хөөрхөн хүүхдүүдээ
Цэвэрхэн хувцсаа тайлаад
Бүгдээрээ орондоо ороод
Бөх сайхан унтаарай
гэж дуулж өгнө. Анги маань хүйтэн болохоор хүүхдүүдээ хувцастай нь оронд нь оруулаад , өөрөө пальтотойгоо дуулаад л тойроод алхаад байна. Нэг л мэдэхэд хүүхдүүд маань унтчихсан байдаг. Тэр үед цэцэрлэгт хүмүүжиж байсан олон хүүхдүүд одоо том болцгоож, их дээд сургуулийн оюутнууд болсон хэрнээ намайг үргэлж л "Хандмаа багш аа" гэж дууддаг. Тэгж дуудахаар яагаад ч юм бэ? надад их л сайхан санагддаг юм.
-Г.Галбадрах: Сонирхолтой түүх байна. Нээрээ цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг өдөр заавал унтуулах гэж бөөн асуудал болдог байж?
-Б.Хандмаа: Дараа нь хүүхдүүд тоглож байхдаа миний унтуулах гэж дуулдаг байсан дууг минь дуулж байгааг сонслоо. "Хүүе, би та нарт энэ дууг заагаагүй шүү дээ" гэж хэлсэн чинь тэд, "бид нар нүдээ аниад л таны дууг сонсоод хэвтээд байдаг байсан, тэгээд сурчихгүй юу" гэж билээ. Тэгэхэд надад их сайхан санагдаж байсан. Хөдөөний цэцэрлэг болохоор заримдаа хүүхдүүд цөөрөөд ирэхээр нь том жижиггүй нийлүүлээд нэг анги буюу "холимог бүлэг" болгочихно. Бид нар чинь багшийнхаа ажлыг хийхээс гадна тогоочдоо тусална, заримдаа туслах багшгүй үед бүх л зүйлээ өөрөө л хийдэг байсан. Халуун ус байхгүй болохоор данханд ус халаагаад хүүхдүүдийнхээ гарыг угаалгах үе зөндөө байсан. Тэгээд муу усаа өөрсдөө асгахаас эхлээд хүүхдүүдийн өтгөн шингэнийг хүртэл цэвэрлэж зөөж асгах тохиолдол ч бий. Гэхдээ тэр жилүүд надад их сайхан санагддаг юм. Намайг бас их зүйлд сургасан.
-Г.Галбадрах: Сумын цэцэрлэгтээ удаан ажилласан уу?
-Б.Хандмаа: Би сумын цэцэрлэгтээ 1996 оны 10 сараас 2001 оны зун хүртэл 5 жил ажилласан юм байна. Дараа нь Улаанбаатар хотод ирж, хувийн хэвшлийн "Монгол арга" нэртэй, дээд боловсрол олгодог сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцлаа. Сайхан сургуулийн ачаар Монгол орныхоо ихэнх аймгуудаар аялж, түүх дурсгалт болон дархан цаазат газруудыг үзэх завшаан олдсон юм. Мөн Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яаманд дадлага хийж нилээд их зүйлийг сурч авсан. Сургуульд сурахын хажуугаар нь ажил хийнэ. Ажлаа хийнэ, хичээлээ хийнэ, хориндөрвөн цагт 2-3 хан цаг унтах үе ч байсан. Харин тийм завгүй байсан мөртлөө тэргүүний оюутан болж чадсан л юм. Их дээд сургуулиудын оюутнуудын дунд болдог "Парламентийн мэтгэлцээн"-д сургуулиасаа баг болж оролцоод мөнгөн медаль авч байлаа. "Сүүдрийн эдийн засаг" сэдвээр болж байсан мэтгэлцээний тухай заримдаа бодоод "алтан медаль" авч болох байсан шүү дээ харамсдаг юм. Бодвол жаахан шартай байсан юм болов уу даа.
-Г.Галбадрах: "Соросын сан"-гаас зохион байгуулдаг байсан "Мэтгэлцээн хөтөлбөр"-ийн талаар санаж байна. Тэр хөтөлбөрт оролцсноор хүүхдүүд бусдын өмнө өөрийн санаа бодлоо илэрхийлэн хамгаалж, бусдын санаа бодлыг сонсон дүгнэлт гаргах чадварт суралцдаг байсан.
-Б.Хандмаа: Тийм шүү. Тэр хөтөлбөрт оролцсоноор би их зүйлд суралцсан. Заавал байр эзэлж шагнагдахдаа гол нь биш, таны хэлж байгаачлан өөрийгөө бусдын өмнө илэрхийлж, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсож сурахад суралцсан. Энэ чадвар одоо ч надад их хэрэг болж байгаа. Би бас УБИС дээр яруу найргийн клубт оролцдог байлаа. Энэ сургуулиа тгөсөөд мэргэжлээрээ бараг ажиллаагүй дээ. Нэг их удалгүй Америкт ирсэн юм.
Дөрөв: Америкийн цэцэрлэгийн багш, монгол сургуулийн багш
-Г.Галбадрах: Монголын сумын цэцэрлэгт ажиллаж байсан багш, Америкийн цэцэрлэгт анх орж ирээд юу бодов?
-Б.Хандмаа: Би цэцэрлэгт нь орж ирээд л хамгийн түрүүнд "Хөөх ямар том өрөөнүүдтэй юм бэ? ямар олон тоглоомуудтай юм бэ?" гэж гайхаж бодсон. Хүүхдүүд нь их чөлөөтэй байж чаддаг, ярианы чадвар их сайн байгаа нь анзаарагдсан. Багш нар нь маш найрсаг, ямагт инээмсэглэж харьцаж байгаа нь сайхан байлаа. Их тав тухтай орчинд маш сайн хангамжинд байгаа нь мэдрэгдэж байв. Миний анхны орж ажилласан цэцэрлэг маань Вашингтон ДС-д байрлалтай 1956 онд байгуулагдсан, хувийн цэцэрлэг байсан. Нойл наснаас сургуулийн ахлах нас хүртэл хүүхдүүд байдаг.
-Г.Галбадрах: Тэр цэцэрлэгт анх хүмүүжүүлэгч багшаар орж байв уу?
-Б.Хандмаа: Би анх хүмүүжүүлэгч багш биш, туслах багшаар ажилд орж байв. Нэг багшид 4-5 хүүхэд оногддог. Бага насны хүүхэдтэй бол тоо нь цөөхөн хэрнээ анги ахих тусам тоо нь нэмэгддэг юм билээ. Анхаарал хангамж, халамж үйлчилгээ, эцэг эхийн оролцоо нь их сайн. Энд бол хүүхдүүд эцэг эхчүүдийг "үйлчлүүлэгч" гэж үздэг. Тийм болохоор тэдэнд маш найрсаг хандаж, сайхан нөхөрлөлийг үүсгэх хэрэгтэй юм шиг миний хувьд санагдсан.
-Г.Галбадрах: Монголд ч Америкт ч цэцэрлэгийн багшид тавигдах шаардлага болон үнэлэмж гэж байгаа байх. Чи энэ талаар ямар ялгааг мэдрэв?
-Б.Хандмаа: Миний ажигласнаар бол Америкийн цэцэрлэгт хүмүүстэй харилцах харилцааг их анхаардаг. Энэ бол хамтран ажиллаж байгаа хүмүүс болон хүүхэд эцэг эхчүүд гэсэн үг. Нөгөө талаар хүн болгон хариуцсан ажлаа л маш сайн хийх ёстой. Хүн болгоны үүрэгт ажил, хариуцах хариуцлага гэж байна. Түүнээ л маш сайн гүйцэтгэх шаардлагатай болохоос бусдын ажилд оролцоод байх шаардлага байхгүй. Энэ бол багийн ажиллагаа, яг л цагийн механизм шиг юм уу даа.
-Г.Галбадрах: Багийн ажиллагаа гэдгээр бол тус тусдаа ажиллаж байгаа хэдий ч нэг цогц болохоор хэн нэгний үйл ажиллагаа нь бусдын ажиллагаатай заавал холбогдож байх учиртай болдог байх.
-Б.Хандмаа: Нэг удаа манай дарга хурал хийхдээ "Мисс Ханди, та хүүхдээ авах гэж орж ирж байгаа эцэг эхчүүдтэй ярих тал дээрээ анхаараарай" гэж хэлэв. Энэ миний авч байгаа эхний сануулга. Тэр үед би хэлний хувьд сайн биш байсан л даа. Түүнээсээ санаа зовоод "буруу ярьж, хүмүүст буруу ойлголт өгчих вий" гэж санаа зовсондоо хүмүүстэй нэг их ярьдаггүй, зөвхөн хүүхдүүдтэйгээ л ажиллахыг гол болгодог байсан юм. Тэр сануулгаас хойш, хүүхдээ авах гэж ирж байгаа эцэг эхчүүдтэй яриа өрнүүлж эхэлж байгаа юм. Эмэгтэй хүнтэй бол "Өнөөдөр та ямар сайхан харагдаж байнаа, таны зүүсэн энэ ээмэг танд их сайхан зохижээ" гэдэг ч юм уу, эрэгтэй хүнтэй бол "Өнөөдөр 495-р зам ачаалал ихтэй байна уу? Танай хүүтэй би өнөөдөр бөмбөг булаацалдсан чинь ямар их бяртай байсан гээч" гэхчилэн ярьж эхлэв. Энэ яриа ямар их үр дүнгээ өгсөн гээч. Миний хэлний чадвар ч сайжирч, тэр хүмүүс бидний хооронд чин сэтгэлийн дотно харилцаа тогтож байгаа юм. Намайг хүүхдээ гаргах гээд амарч байхад эцэг эхчүүд хамтаараа америкчуудын заншлаар "Эхийг төрөхийн өмнөх цайллага" гэдгийг зохион байгуулж баяр хүргэсэн. Энэ намайг их ч баярлуулсан шүү. Ямар олон хүнээс "хайр" авч байгаагаа мэдэрсэн.
-Г.Галбадрах:Гэхдээ энэ бол тэр бяцхан хүүхдүүдийн ач юм уу даа?
-Б.Хандмаа: Хүүхдүүд их хөөрхөн. 3, 4, 5 настай хүүхдүүд чинь их үнэнч. Хэзээ ч худлаа ярьж хуурмаг араншин гаргадаггүй. Заримдаа хэн нэг нь надад хандаж, "Та өнөөдөр их сонин байна, би таны ээмгэнд дургүй байна" гэж хэлнэ шүү дээ. Хэрэв би тэр өдөр түүнд таалагдаагүй бол миний өвөр дээр ирж суухгүй, таалагдвал өвөр дээр ирж сууна. Тэгээд л би хүүхдүүдийн сонирхолд тааруулж хямд үнэтэй ч олон янзын ээмэг зүүлт худалдаж авч, бас жимс, цэцэг навчны зурагтай юбка цамц хүртэл худалдаж авч өмсдөг болсон шүү дээ. Уг нь би чинь хөдөөний маягаар монгол дээлээ өмсөж, хааяадаа жинсэн өмд, цээживчтэй нь хослуулан өмсдөг байсан хүн. Одоо бол хүүхдүүддээ таалагдахын тулд юм юм л өмсөж сурч байна. Өмнө нь ийм бага насны хүүхдүүдтэй ажилладаг америк бүсгүйчүүд чихэндээ гацуур модны дүрстэй ээмэг зүүж, янз бүрээр хувцасласан байхад нь "галзуу юм шиг" гэж гайхдаг байсан бол одоо өөрөө тийм л болж байна даа. Хүүхдүүдийн дуртай зүйлийг хийж байж л тэдний "хайр"-ыг авдаг. Ингэж ажиллаад би маш их үр дүнг мэдэрдэг, түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
-Г.Галбадрах: Цэцэрлэгийн насны монгол хүүхдүүд, америк хүүхдүүдийн хооронд ямар адил төстэй тал болон ялгаа чамд мэдрэгдэж байна?
-Б.Хандмаа: Цэцэрлэгийн насны Монголд байгаа монгол хүүхдүүд болон Америкт байгаа америк хүүхдүүдтэй харьцуулах юм бол хэлний ялгаа байгаагаас бус ерөнхийдөө төстэй. Нүд ам нь гялалзаад хүүхэд л болсон хойно зальтай, хүн хуурах байдал, хэнтэй яаж харьцахаа мэднэ, хэнд яаж эрхлэхээ мэднэ. Харин аажимдаа өөрсдийн амьдарч, өсч өндийж байгаа орчингоосоо болоод ялгарч эхэлдэг. Тэгээд мэдээлэл авч байгаа байдал,ашиглаж байгаа техник технологийн хувьд ялгарах байх. Өсөлт хөгжил, болон үндсэн араншингийн хувьд бараг ялгаагүй байдаг юм. "Хэнд сайхан хандах вэ? "Хэнд худлаа хэлж, хэнд үнэнээ хэлэх вэ?" гэдгээ сонгож байгаа нь ер нь адилхан шүү.
-Г.Галбадрах: Тэгвэл Америкт байгаа монгол сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд?
-Б.Хандмаа: Америкт байгаа монгол сургуульд явж байгаа хүүхдүүд, Монголд байгаа монгол сургуульд явж байгаа хүүхдүүдийг харьцуулах юм бол харин өөр. Эхний ялгаа нь бол сэтгэлгээний ялгаа. Гаднаас нь харахад монгол хүүхэд, сэтгэлгээ нь харин америкжсан байдаг. Наад зах нь хүнтэй мэндлэхээс эхлээд ахмад настай хүнийг хүндлэх зэрэг нь огт өөр. Хүнтэй харьцахдаа хүртэл монголчуудын нэрлэдэг "та", "чи" гэсэн ялгааг гаргаж нэрлэхээс эхлээд л өөр байдаг болохоор тэднийг буруутгах аргагүй юм. Бидний "даруулга" гэж нэрлэдэг хүмүүжил бол өөр шүү дээ. Монголд жишээ нь хүүхдийг эцэг эхээс нь гадна эмээ өвөө, ах эгч нь, хамаатан садангууд нь гээд бүгд л хэлж сургадаг бол энд тийм боломж ховор. Тэд чинь хүүхдүүдийг "Чи яагаад тэгж байгаа юм бэ? болохгүй шүү. Хоол идсэн аяга халбагаа хураа, гутлаа зөв тавь. Хүн орж ирж байхад яагаад мэндлэхгүй байгаа юм бэ? Том хүмүүс ярьж байхад дундуур нь орж ярьж болохгүй" гэхчилэн байнга хэлж сануулдаг. Гэхдээ Америкт хүүхдүүддээ Монгол арга ухаанаа зааж сургаж байгаа эцэг эх цөөнгүй байгаа гэдгийг үгүйсгэхгүй ээ.
-Г.Галбадрах: Тийм ээ, гадаадад хүүхдүүдээ өсгөж, сургаж байгаа монголчуудын хувьд энэ бол хамгийн эмзэг асуудал болж байгаа.
-Б.Хандмаа: Монголчууд бид хэдийгээр барууны соёл, техник технологийг авч илүү хөгжиж сэтгэж байгаа ч монголынхоо уламжлалт ёс заншлаа гээж орхиж боломгүй санагддаг юм. Энэ бол жижиг биш, асар том асуудал юм. Монгол хэл, монгол зан заншил, монгол сэтгэлгээг багаас нь тайлбарлаж хэлж өгөх гэдэг л хамгийн чухал асуудал юм шиг санагддаг. Энэ хялбар биш л дээ. Гэхдээ хичээвэл үр дүн гарах байх.Тийм болохоор л би Вашингтон орчмын монгол сургуульд багшилж байгаа.
-Г.Галбадрах: Тийм шүү, энэ зорилтыг биелүүлэхийн тулд Америкийн хот болгонд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа "монгол сургуулиуд" маш их үүрэг гүйцэтгэж байгаа.
-Б.Хандмаа: Би долоо хоног бүрийн "бямба" гаригт монгол сургууль руугаа очих их дуртай. Хичээлдээ ирж байгаа хүүхдүүдтэйгээ мэндлэхдээ, тэдний хөлний улнаас нь толгойн магнай хүртэл харж амждаг. Хичээлдээ ирж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйг маш анхаарч мэдрэхийг хичээнэ. Хэрэв хүүхдийн сэтгэл санаа нь уруу дорой, таагүй, ядарч бухимдсан байгаа бол тэр өдөржингөө л тийм байна гэсэн үг. Багш хичнээн хичээгээд ч тийм хүүхэд сурах зүйлээ сурч амжихгүй байх нь элбэг. Бас хаанаа халцархай шалбархай, ямар нэгэн гэмтэл бэртэл байгааг ч анзаарах ёстой. Энэ бол хариуцлага, бас хүүхдийн төлөө тавьж байгаа анхаарал, нөгөө талаар багшийн үүрэг. Хүүхдийн аюулгүй байдал болон хайр халамж, итгэлцэл нь ямар байгаад багш хүн заавал анхаарлаа хандуулж байх учиртай юм.
-Г.Галбадрах: Багш хүн хүүхдээ бүх талаар нь мэдрэх тусмаа илүү ойлголцож, тэр хэрээрээ сэтгэлээрээ ойртдог.
-Б.Хандмаа: Хүүхэд ийм харилцааг маш сайн мэдэрдэг. Багшдаа илүү дотно ойлголцох тусмаа сургуульдаа ирэхийг хүсч, бас багшийн зааж байгаа зүйлийг сайн сурдаг. Тэгээд би одоо ангийнхаа 15 хүүхдийн гэрээр нэг бүрчлэн очиж танилцаж байгаа. Тэр хүүхдийн аав ээж нь ямар хүмүүс байна, гэр орон нь хэр тохитой юм бэ, хүүхэд ямар орчинд амьдарч, өсч байгааг өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдрэхийг хүссэн хэрэг. Ийм тохиолдолд би тухайн хүүхэдтэй яаж харьцаж, яаж сургах аргаа хүртэл сонгох боломжтой. Манай ангид байгаа 15 хүүхэд 15 өөр араншинтай, 15 өөр байдлаар баярлаж, гомддог. Тэгэхээр багш хүн энэ 15 өөр байдлыг мэдэрч зохицуулж чаддаг байх ёстой гэх юм уу даа. Энэ бол багшаас маш их ур чадварыг шаарддаг.
-Г.Галбадрах: Бидний хувьд ангид байгаа бүх хүүхдүүтэй ав адилхан хандаж, ав адилхан сургах гэж оролдоод байдагт алдаа нь оршиж байгаа юм шиг санагддаг юм.
-Б.Хандмаа: Жишээ нь, хэн нэгэн хүүхдийг "чи хичээлээ яагаад давтсангүй вэ?" гэж зэмлэх амархан. Ингэж зэмлээд ямар ч үр дүн гарахгүй. Харин яагаад хичээлээ давтаагүй ирсэн цаад учир шалтгааныг нь олох гэж хичээвэл хүүхэд илүү дотносно. Энэ хүүхдүүд чинь 5 өдөр америк сургуульд хичээлдээ яваад ядарсан байж болно, ямар нэгэн асуудлаас болоод сэтгэл нь тавгүйтсэн байж болно, эсвэл зүгээр л залхуурсан байж болно. Гэрээр нь очиж эцэг эхчүүдтэй энэ талаар нь ярилцахад их үр дүнгээ өгдөг. Хичээл дээр тэр өдөр хэнд нь хөнгөн хандах вэ? хэнийх нь ачааллыг нэмэх вэ? хэнтэй нь тулж ажиллах вэ? гэдгээ сонгож мэддэг болно гэдэг л хамгийн чухал. Ингэж ажиллаж чадвал багш сурагчдын харилцаа сайжирч, гарах үр дүн нь илүү болох байх гэж би боддог юм.
-Г.Галбадрах: Чиний яриаг сонсоод байхад, хүүхдүүдийн дунд байхдаа их л аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг юм шиг?
-Б.Хандмаа: Би бага байхдаа багш болно гэж ер боддоггүй байлаа. Ээж минь хүртэл намайг биш, миний бага дүүг багш болгоно гэж ярьдаг байж билээ. Яагаад ч юм бэ? хувь заяаны эргэлтээр би багш болж, зөвхөн Монголдоо төдийгүй, тив алгасан холын Америкт хүрч ирэн хүүхдүүдэд багшилж байгаагаа "аугаа их тавилан" гэж бахархан залбирдаг юм. Монголын зах хязгаар нутгийн сумын цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн гараа минь, дэлхийн нөгөө хязгаар болох холын Америкт ч бас бяцхан хүүхдүүдийн багшаар ажиллах боломж руу хөтөлсөн болохоор би энэ ажилдаа маш их дуртай. Хичнээн ядарч зүдэрч байсан ч тэр бяцхан хүүхдүүдийн цангинах дуу, дүрсгүйтэх дүрсгүйтэл, өвөр дээр минь эрхлээд суугаад ээмэг зүүлтээр минь оролдох нь хүртэл надад сэтгэлийн маш их жаргалыг авч ирдэг. Хүүхдүүдтэйгээ уулзахгүй удахдаа санаж, хамт байхдаа тэдний ертөнцөд өөрөө уусаж амьдарна гэдэг ямар сайхан байдаг гээч. Тэгээд бодохоор би их ч азтай бас их ч жаргалтай хүн.
-Г.Галбадрах: Чи одоо энд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сургах чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулан ярьж болох уу?
-Б.Хандмаа: Би одоо "Сургуулийн Өмнөх Насны Хүүхдийн боловсрол ба Өсөлт Хөгжил" гэсэн мэргэжлээр суралцаж байгаа. Америкийн сурган гэх юм уу даа. Ерөнхийдөө 0 наснаас 3-р анги хүртэлх насны хүүхдүүдийн боловсрол ба өсөлт хөгжлийн талаар, дээр нь нэмээд цэцэрлэгийн удирдлагын чиглэлээр суралцаж байна. Энэ сургуулийг төгсөхөд хамгийн доод шат нь яслийн багш, дээд шат нь цэцэрлэгийн захирал болох юм билээ.
Г.Галбадрах
Сэтгэгдэл ( 2 )