“Хар салхины Жульетта” буюу ХАЙРЫН ТҮҮХ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

“Хар салхины ЖУЛЬЕТТА” – тэр бүсгүйг яруу найрагч Пабло Неруда ингэж нэрлэсэн юм. Эдгээр үгсээр хайр дурлал ба эрх чөлөөний хөдөлгөөний ширүүн шуургыг давхар илэрхийлжээ. Энэ нь ор сураггүй өнгөрөн одсон боловч домог болон үлдсэнтэрхүү бүсгүйн гайхалтай сайхан хэрнээ гашуун хувь тавиланг илэрхийлнэм.

XIX зууны хориод он. Өмнөд Америкийн ард түмэн Испанийн колоничлолын эсрэг зориглон босцгоолоо. Бүх л дэлхийд түүний удирдагч Симон Боливарын нэр цууриатав.

Венесуэлийн уугуул, үзэл сурталч, улс төрч, агуу стратегич Боливар бол үнэхээр ер бусын гоц авьяас чадвартай, бүхний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан гарамгай удирдагч байлаа. Тэрээр дайчдаа удирдан өөрийн эх орон болон Колумбийг чөлөөлж, 1822 оны аагим халуун долоодугаар сарын нэгэн өдөр Боливарын хүчирхэг дайчин эрс Эквадорын нийслэл Китод орж иржээ. Тэндхийн оршин суугчид баатарлаг эрсийг баяр бахдалтайгаар талархан угтаж, дуулж бүжиглэн, цэргүүдийг цэцгээр булан, нижгэр баяр наадам болж байлаа. Чөлөөлөгч хэмээн алдаршсан Боливар цагаан морь  унан,генералын алтан саатай хувцастай сүрлэг жавхлантайгаар явж, эмэгтэйчүүд бүсгүйчүүд түүнийг бахдан шагшиж байв. Гэнэт дээд тагтан дээрээс Боливарын гар дээр лаврын навчин титэм унаж ирлээ. Тэрээр толгойгоо өргөн дээш хартал нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн гал мэт цоргисон харцтай тулгарчээ.  

Орой нь ялагчдад зориулсан бүжигт наадам дээр Симон, Мануэла нар бие бие рүүгээ тэмүүлэн, бүхэл шөнийн турш хамт бүжиглэн, өглөө болтол бие биеэс алхам ч холдсонгүй, яг л тэдний өмнө өчнөөн удаагийн хагацал байгааг мэдэрсэн мэт. Ингэж тэдний агуу их, дүрэлзсэн гал дөл бүхий, бас түгшүүртэй бөгөөд романтик хайр дурлал эхэлсэн түүхтэй. Энэхүү хайрыг испани хэлтэй Америкийн орнуудад бүгд санан дурсдаг аж.

Мануэла Саэнс, Мануэлита бол Кито хотын нэр хүндтэй гэр бүлээс гаралтай, хүүхэд байхын өвөрмөц, дайчин, бие даасан зан ааштай, цоглог охин байж. Тэрээр испанийн ноёрхолд байсан Америкийн эрх чөлөөний үзэл санааг эрт ойлгож, хүлээн авсан, чөлөөлтийн шуургыг хүлээн, агуу сайхан хайр дурлалыг мөрөөдөн амьдарч байлаа. Түүнийг дөлгөөн эелдэг зантай, боловсрол мэдлэгтэй боловч аймшгийн уйтгартай доктор Торнтой гэрлүүлсэн байв. Түүний амьдралд Боливар орж ирэхэд тэрээр хорин таван настай байжээ. Уг учрал түүний амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Гэвч Симон, Мануэла хоёр бурхны болон хүмүүсийн өмнө хувь заяагаа холбох талаар бодож чадахгүй байжээ: нэг нь талийгаач эхнэртээ үнэнч байхаа андгайлсан, нөгөө нь нөхөрт гарсан байв. Боливарын эхнэр болоогүй хэдий ч Мануэлита насан туршдаа түүний хайртай бүсгүй хэвээр үлдсэн юм. Зөвхөн амраг төдийгүй түүний хамтрагч, туслагч, найз нөхөр нь байлаа.

Чөлөөлөгч өөрийн дайчдын хамт шинэ аянд мордон, Кито хотыг орхингуут Мануэлад анхны ширүүн сорилт тулгарч ирэв. Боливарыг явангуут, түүний ар хударгаар засгийн эрхийг булааж авах гэсэн хуйвалдаан эхлэхийг мэдрэнгүүт Мануэла бүсгүй хүний уран ухаан гарган, итгэлтэй хүмүүсийг цуглуулж, уг бусармаг үйлдлийг газар авахуулалгүй дарж чаджээ.

Хайрт хосуудын шинэ уулзалтууд, долоо хоног, сараар хамт байсан үеүд дандаа сайн сайхан байсангүй. Тэд хоёулаа хэт халуун, дүрэлзсэн зан ааштай хүмүүс байсан тул хардах, бие биенээ буруутгах, маргалдах зүйлс зөндөө гарч байсан ба харин хэзээ ч тэд бие биедээ хайргүй болж байсангүй.

Нутаг орныхон нь Мануэлагийн энэхүү харьцааг гайхан, ёс бус мэтээр ойлгоцгоон, харин бүсгүй өөрөө энэхүү хайраа бусдаас нуухыг огтхон ч хүсэлгүй, торгон цэргийн хувцас өмсөн, гудамжаар морьтой яван, тухайн үедээ “Ухаангүй амазон бүсгүй” гэсэн нэр хүртэл авч байжээ. Боливар мөн түүнийг  “Миний галзуу амраг” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан аж.

1824 он. Андын нурууны өндөрлөг хэсэгт Боливарын дайчид испанийн армийн ширүүн эсэргүүцэлтэй тулгаран, том хэмжээний тулалдаан өрнөв. Мөстөж цантсан зам дээр морьд гулган унаж, хүйтэн ширүүн салхи цэргүүдийн шинель хувцсыг нэвт үлээж байлаа. Тулалдагсдын арын албанд сайн дурын сувилагч нар ажиллан, тэдний дунд Мануэла Саэнс байв. Тэрээр нэг шархтанаас нөгөө рүү гүйн, тэднийг аюулгүй газарт зөөж хүргэн, шархыг нь боож байлаа. Дараа нь тэрээр Хунины дэргэдэх тулалдаан, эрх чөлөөний төлөө тэмцэгч дайчдын хувьд испанийн хааны армийг бут ниргэсэн шийдвэрлэх ялалт болсныг мэдсэн аж.

Дайн дуусангуут ялагчдын дунд эрх мэдэл булаацалдсан дотоодын зөрчил эхэлжээ. Дөнгөж саяхны хамтрагчид хоорондоо дайсан болж хувирч байв. Колумбийн тусгаар тогтнолыг тунхагласны дараа Боливар ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ингээд ахин хуйвалдаан эхэлж, Чөлөөлөгч рүү зэвсэгт халдлага хийхээр оролджээ. Тэд ордон руу шөнөөр нэвтрэн, Симон, Мануэла нарын байрны хаалгыг эвдэх үед Боливар тулалдахаар зэхэнгүүт, хүч тэнцвэргүйг ойлгосон Мануэла түүнийг ятган болиулж, цонхоор үсэрч нуугдахыг түүнээс гуйсан байна. Ингээд Симон ёсоор гүйцэтгэв.

Мануэла урилгагүй зочидтой яриа өрнүүлэн, тэдэнтэй сээтэгнэн сатааруулж, тэр хооронд ерөнхийлөгч хол зугтаж амжсан байна. Тухайн үед Мануэла Саэнсийг “Чөлөөлөгчийг Чөлөөлөгч” гэж нэрлэж байжээ.

Гэвч Боливарын ялгуусан эриний мөхөл нүүрлэж эхэллээ. Тэр шударга тэмцэлд бус харин дотоодын дарамт шахалтанд өртөн, ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзан, улс төрийн тавцангаас буухаар болов. Гүн дарамтлуулсан, өвчиндөө шаналсан, эсэргүүцэх ямар ч тэнхээ тамир, хүч чадал үгүй болсон Чөлөөлөгч Магдален голыг туулан Колумбын хил рүү явах сүүлийн аялалдаа гарчээ. Тэрээр өөрийн өрөвдөлт мөхлөө харуулахгүйн тулд Мануэлийг хамт авч явсангүй.  Бүсгүй Боготад үлдэн, түүнийг байхгүй хойгуур өрнөж буй улс төрийн будлианы талаарх таагүй мэдээнүүдийг түүнд захидлаар илгээдэг байв.

1830 оны арванхоёрдугаар сард Сан Педро де Алехандрино хэмээх бөглүү нутагт Боливар таалал төгслөө. Энэхүү эмгэнэлт мэдээг сонссон Мануэла хорт могойд хазуулж амиа хорлодог Клеопатрагийн аргыг хэрэглэх гэсэн боловч хүмүүс түүнийг аварсан байна. Ингээд Мануэлагийн хувийн амьдрал эхэлжээ. Түүний өмнө хайртаасаа хагацсан гашуун хувь заяагаа ганцаараа даван туулах бүхэл бүтэн 20-30 жил байлаа.

Бүсгүй Колумбид үлдэхийг хүссэнгүй. Тэрээр Америкийг хөндлөн гулд яван, урт удаан замыг туулсаар Номхон далайн перугийн эрэгт байх Пайта хэмээх загасчны сууринд иржээ. Тэнд хэн ч улс төр сонирхдоггүй, хэнийг ч мөрдөн шалгаж, байцаадаггүй газар байв. Амьдралын амь зуулгын хэрэгсэл бараг байхгүй Мануэла өөрийн хоёр үнэнч негр зарц эмэгтэйн хамт даруухан жижиг байшинд суурьшжээ. Ингээд амттан хийн мөнгө олж эхлэв. Хуучин нөхөр нь түүнд туслахыг хичээнгүйлэн гуйсан боловч тэр ямар ч тусламж авахгүй, түүн рүү буцаж очихгүй хэмээн огт зөвшөөрсөнгүй. Боливарт үнэнч хайр сэтгэлээ дээдлэн, мөнхийн ганцаардмал энэхүү амьдралаа сонгожээ.

Энэ хооронд түүхийн хүрд эргэлдэн урагшилсаар 1842 онд Венесуэлийн парламент Боливарын цогцсыг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан байна. Эх орон нь хожимдсон хэдий ч түүний баатарлаг гавьяаг дурсан санажээ. Боливарын зөвлөх О’Лири Чөлөөлөгчийн дурсгалт зүйлсийг цуглуулан, Мануэлитагаас захиануудыг гуйж, нийтэд толилуулах зорилгоор Пайтад очсон байна. Тэдгээр захианууд бүсгүйн хүрэн ширэн чемоданд нандигнан хадгалагдаж байв. Ингээд захидлуудыг авч явсан боловч эрх баригчдын зүгээс үндэсний баатрын сүмд ёслоогүй, албан бус хайр сэтгэл нийтийн ёс зүйд таарахгүй хэмээн үзэж чемодантай захидлуудыг буцаажээ. Тэгэхэд Мануэла энэхүү гоёмсоглож чимэглэсэн албан ёсны түүхэнд түүнд Боливартай хамт дурсагдах орон зай байхгүй юм байна гэдгийг ойлгосон байна.

Алс бөглүү тосгонд ганцаардлын он жилүүд өнгөрсөөр, бүсгүй хөгшрөн, хөлөө хугалж, тахир дутуугийн тэргэнцэр дээр суун амьдралаа үдэж байлаа. Зөвхөн ганц удаа түүний бяцхан оромжинд оч гялсхийх шиг болжээ. Нэгэн өдөр хаалга тогшин: “Энд Чөлөөлөгч эмэгтэй амьдардаг уу?” гэсээр италийг австрийн ноёрхлоос чөлөөлөхийн төлөө тэмцэгч, хувьсгалч Жузеппе Гарибальди орж ирэв. Ингээд тэдний хооронд яриа өрнөн, Жузеппе өөрийн шүтээний домогт амрагийг бахдалтайгаар ширтэн, Мануэла Боливарын болон өөрийн тухай түүнд талархалтайгаар ярьж өгсөн байна.

1856 онд нэгэн далайчин эр Пайтад үхлийн вирустэй халдварт өвчин тээн ирснээр тосгон нилдээ гамшигт өртөж, үй олноороо нас барцгаав. Мануэлитагийн цогцсыг бусдын хамт нийтийн нүхэнд хийн булж, халдвар тархахаас сэргийлэн, нас барагсдын бүх эд хогшлыг шатаажээ. Он жилийн уртад Боливарын захидлуудыг хадгалсан хүрэн чемодан ч тэр галд шатаагдсан аж. Санамсаргүй олдсон нэг захидлын тасархай дээр : “Хэдий алс хол байгаа ч би чамайгаа харж байна. Чи минь наддаа ирээч...” гэсэн хэдэн үгс л шаталгүй үлдсэн байжээ.

Зуун жилийн дараа алсын Пайтад нэрт яруу найрагч очив. Боливарын ер бусын баатарлаг амраг бүсгүйн гайхалтай, гунигт хувь тавилан яруу найрагч Пабло Нерудад амар заяа үзүүлээгүй аж. Тэрээр Пайтад очин эртний оршуулгын газарт Мануэлитагийн шарилыг хайсан боловч юу ч олдсонгүй. Ингээд түүнийг “Хар салхины ЖУЛЬЕТТА” хэмээн нэрийдсэн нэгэн уянгын шүлгээ бичсэн аж.

Д.Мягмарсүрэн 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top