Хүний эрхийг харьцангуй дээдлэгч гэгддэг АНУ-ын нууц албад хүний эрхийг зөрчин эрүү шүүлтийг хэрэглэдэг талаарх мэдээлэл олонтаа. Нэгдсэн улсын “бодлого”-оор баригдсан хүмүүсийг хилийг чинадад аваачиж тамлан зовоох явдал ч олон гэдэг. Тэгвэл Канад улсын иргэн, хоёр хүүхдийн эцэг Махер Арар эрүү шүүлтийн улмаас зовж шаналсан нэгэн юм. Тэрээр 2002 онд Тунист байдаг эхнэрийнхээ гэр бүлд зочлоод буцаж явах замдаа Нью-Йоркийн нисэх буудал дээрээс баривчлагдаж 12 хоног хоригдсон байдаг. Дараа нь түүнийг нууцаар Йорданаар дамжуулан Сири улсад авчран нэг жил хорихдоо эрүүдэн шүүсэн байна. Тэгээд түүнийг шүүх ажиллагаа явуулалгүйгээр суллаж, Канад руу буцахыг зөвшөөрчээ. Түүнийг алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэж хилсээр буруутган эрүүдсэн аж. Гэтэл үнэн хэрэгтээ Махер Арар буруугүй байсан бөгөөд Канадын засгийн газраас түүний хэрэгт Канад улсын албаны хүмүүс оролцсоныг тогтоож, түүнд нөхөн төлбөр олгож, албан ёсоор уучлал хүссэн юм байна.
Харин АНУ үүний эсрэг байгаа бөгөөд Конгрессын хэдхэн гишүүн л Махер Арараас хувиараа уучлал хүсэх санаачилга гаргасанд олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага шүүмжлэлтэй хандаж буй юм. Зүй нь АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгресс бүхэлдээ уучлал хүсэх, засаж залруулах арга хэмжээ авах ёстой гэж тус байгууллагаас үздэг.
Эрүүдэн шүүх нь ёс суртахуунгүй, хууль бус бөгөөд гэмт хэрэг. Тиймээс Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресст хандан Махер Арараас уучлал хүсэх, эрүүдэн шүүх явдлыг бүрмөсөн төгсгөл болгоход туслахыг уриалсан өргөх бичигт олон улс орны хүмүүс нэгдэн гарын үсгээ зурсан байдаг.
Уг нь Канадын холбогдох байгууллагын зүгэээс АНУ-ын засаг захиргаанд хандан Махер Арарын нэрийг Нэгдсэн улсын ажиглалтын жагсаалтаас хасуулах хүсэлт гаргажээ. Гэвч татгалзсан хариу авсан аж. Тиймээс Махер Арард АНУ руу аялах, Нэгдсэн улсын нутаг дээгүүр нисэх боломжгүй болгож байгаагийн зэрэгцээ АНУ-ын ажиглалтын жагсаалтыг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын тухайд тодорхой бус байдалтай тулгарч байна. Махер Арар нэрээ уг жагсаалтаас хасуулах нь түүний нэр төрийг сэргээх нэг чухал хэсэг хэмээн Эмнести Интернэшнл байгууллага үзэж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас1984 оны 12 дугаар сарын 10-нд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлт тулгаж буй явдлыг илрүүлэх, ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг мөрдөн байцааж, ял шийтгэл хүлээлгэхийг оролцогч улсууддаа үүрэг болгосон баримт бичиг болох Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг батлан гаргасан. Түүнчлэн энэ конвенцийн дагуу хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүрэг бүхий Эрүү шүүлтийн эсрэг хороог байгуулсан байдаг. 1985 онд хүмүүст эрүү шүүлт тулгаж байгаа тухай мэдээлэлд холбогдох улс орнуудын Засгийн газарт эсэргүүцсэн мэдэгдэл илгээх чиг үүрэг бүхий Эрүү шүүлтийн асуудлаарх Тусгай Илтгэгчийг НҮБ томилжээ.
Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орж соёрхон баталсан байна.
Эмнести Интернэшнл байгууллага нь эрүү шүүлтийн эсрэг кампанит ажлын хүрээнд улс орнуудын Засгийн газрыг Эрүү шүүлтийн эсрэг Конвенцид нэгдэн орж, соёрхон батлахыг нөлөөлөхийг оролдож, ингэснээрээ эрүү шүүлтийг устгах механизмийг бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж иржээ.
Сэтгэгдэл ( 0 )