Лениний музейг Соёл, спорт аялал жуулчлалын яамны мэдэлд авах шийдвэр гарч өнөөдөр холбогдох албаныхан хүлээн авахаар болоод байна. Уг нь Лениний музей МАН-ынх ч биш, АН-ынх ч биш төрийн өмч байжээ.
Эрх баригчдын эзэмшил болсон тус барилгыг соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.Үүнтэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн мэдэлд шилжүүлж ашиглахаар болсон. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй аж. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж буй түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозавр, завролоф, овирапторын тус бүр хоёр олдворыг багтаан байрлуулах зориулалтын байр байхгүй учраас энэхүү үнэт үзмэрүүдээ хав даран хадгалж байгаа. Одоогийн байдлаар ШУА-ийн Палеонтологийн төвд 200, Европын үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн музейд 150 орчим үлэг гүрвэлийн араг ясыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хадгалж байгааг Үлэг гүрвэлийн төв музейд байрлуулснаар ард түмэн үзэж сонирхох боломжтой төдийгүй гадаадын жуулчдыг татах нэг “соронзон” болно.
Энэ нь манай улсын эдийн засаг төдийгүй яалал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэрэгтэй. Эдгээр үнэт үзмэрүүдийг байгалийн түүхийн музейд тавих зай талбай хомё. Тэгээд ч эл барилга нь “өндөр насласан” учраас шаардлага хангахгүй. Тиймээс хотын төв хэсэгт байрлаж буй цорын ганц боломжит барилга нь Лениний музей. Гэсэн ч Лениний музейг “үлэг гүрвэлийн” мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсны дараа ах нам “Лениний музей манайх” хэмээн барилга байшингийн асуудлаар маргаж эхэлсэн.Үнэхээр Ленин багш музейн барилгаа МАН-д үлдээв үү, аль эвсэл ээлжит луйврын ажиллагаа эхлэв үү гэдэг асуултад ард түмэн хариулт хүлээж буй.
Лениний музей хэн бариулсан бэ?
Лениний музейн барилгыг 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар барьж байгуулжээ. Тухайн үеийн ЗХУ-д захиалгаар хийлгэсэн бүх зүйлийн үнийг Монгол улс “халаасан” дахь хөрөнгөөрөө төлжээ. Тодруулбал, Монгол банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн газар, ХОС банк зэрэг санхүүжүүлэгч байгууллагын нэрс баримтуудад үлдсэн байдаг.
Мөн 1980 онд уг барилгыг ашиглалтанд оруулахдаа хэн нэгний өмчид шилжүүлээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл улсынх хэвээр байхаар тогтсон гэсэн үг. Харин барилгыг хүлээн авах Засгийн газрын комисс “ашиглагч” байгууллагаар Намын Түүхийн Институт гэгч байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Барилгыг хүлээлгэж өгсөн бүх акт баримтад Намын Түүхийн Институтын “Ашиглагч” гэх статусыг тодотгосон байдаг аж.
Тэгээд ч уг барилга нь анхнаасаа музейн зориулалтаар баригдсан, захиалагч нь Соёлын яам байсан боловч ашиглалтад хүлээлгэж өгөх үйл явц тухайн үеийн улсын захиалгат барилгын ердийн процедурын дагуу явагдаагүй бололтой юм. Тийм ч учраас захиалагч тал болох Соёлын яам бариулсан барилгаа өөрөө хүлээн авч чадаагүй байна. Үүнийг ашиглалтад оруулсан ажлын комиссын акт дээр гараар хийсэн тэмдэглэл, уламжлалт маягт дээр үг үсгийг дарж, гараар нэмж бичиж өөрчилсөн байдлаас харж болно.
1980 оны долдугаар сард В.И.Лениний музейг ашиглалтад оруулсан ажлын комиссын актад “ энэ баримтын 6 дахь хуудсанд “В.И.Лениний музейн барилгын бүх ажлыг ерөнхийд нь онцсайн дүнтэйгээр хүлээн авлаа. 1980 оны долдугаар сарын 9-ны өдрөөс ашиглагч байгууллага болох Намын түүхийн институтийг ашиглахыг зөвшөөрөв” гэсэн байна. Ингэхдээ “Захиалагч байгууллага хүлээн авсанд тооцов” гэсэн маягт дээр гараар дарсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү маягтын дагуу ердийн барилга хүлээлцэх актад захиалагч нь барилгаа хүлээн авч данс бүртгэлдээ тусгадаг байсныг маягт нь тодорхойлж байгаа юм.
Мөн захиалагч байгууллага нь Соёлын яам гэдгийг батлах олон баримт бий. Баримтуудыг жагсаая.
Он сар өдөр |
Хэн үйлдсэн |
Хэнд |
Утга агуулга |
1977/07/18 |
Гүйцэтгэгч: Всесоюзный пройзводственно художественный комбинат |
Захиалагч: Министерство културы МНР |
БНМАУ-ын Соёлын яамны захиалгаар, бүх холбоотын үйлдвэрлэл урлагийн комбинатад 666 мянган рублид багтаан Улаанбаатарт баригдаж байгаа В.И.Лениний музейд зориулж Лениний цээж баримал зэрэг олон төрлийн баримлын ажлыг гүйцэтгэх гэрээ |
Он саргүй Дугаар 1 Хуудас 1 |
Барилга байгууламж хүлээн авах Засгийн газрын комиссын хавсралт тодорхойлолт |
Соёлын яамны 1974 оны захиалгатай В.И.Лениний музейн барилгыг 1974 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн 77 сар барьж ашиглалтанд оруулсны шагналыг хуваарилсан тухай. |
В.И.Лениний музейг луйвардах луйвар хэзээнээс эхлэв
В.И.Лениний музейг Счолын яамны өмчөөс луйвардах луйвар 1979 оноос эхэлсэн гэж болохоор. Тухайн үед Засгийн газраас шийдвэр гараагүй байхад 1979 онд МАХН-ын нарийн бичгийн дарга нар уг барилгыг намынхаа өмч мэтээр урьдчилан хэнд хүлээлгэж өгөх тухай шийдвэр гаргасан байж магадгүй аж. Энэ тухай эх баримт бус харин гараар хуулж авсан баримт олсон байна. Тухайлбал, 1979 оны 3 дугаар сарын 7-нд гаргасан 128 тоотыг хуулсан гар бичмэлийн нэгдүгээр хуудас. МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний тогтоолд “Улаанбаатар хотноо байгуулж буй В.И.Лениний музейг МАХН-ын төв хорооны дэргэдэх намын түүхийн институтэд харъяалуулан нэгдсэн аж ахуй, санхүүтэй байхаар тогтсугай” гэсэн тогтоол гаргаж байж. Үүний дараа буюу 1980 оны 7 сарын 9ны өдөр В.И.Лениний музейг ашиглалтанд хүлээлцсэн Засгийн газрын комиссын акт, комиссын дарга гишүүд, нийт найман хүн акт гаргажээ. Үүнд В.И.Лениний музейн барилгыг Улсын барилгын зургийн төв институтад боловсруулсан 3872 тоот зураг төслөөр, музейн үзмэр, тоног төхөөрөмжийг ЗХУ-ын Ленинград хотын Урлаг чимэглэлийн комбинатад боловсруулсан зураг төслөөр Барилга, барилгын матерталын үйлдвэрийн яамны харъяа 1-р трест 1974 оноос 1980 оны 7 сарын 9 хүртэл барьж музейн үзмэр, тоног төхөөрөмжийг ЗХУ-ын мэргэжлитний туслалцаатайгаар Соёлын яам, Монголын урчуулын эвлэлийн хороо тус тус угсарчээ. Музейн барилга угсралтын ажил болон музейн үзмэр, тоног төхөөрөмжний угсралтын ажлуудыг батлагдсан ажлын зураг, төсөл, эскиз, тус улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд онцсайн чанарын үнэлгээтэйгээр 1980 оны долдугаар сарын 9-нөөс ашиглагч намын түүхийн институтын байнгын ашиглалтанд шилжүүлэхээр тогтов” гэжээ.
Үүний дараа МАХН В.И.Лениний музейг өөрийн мэдэлдээ бүрэн авахаар шүүхдэн ялалт байгуулснаар В.И.Лениний музей МАН-ын өмч хэмээн нэрлэгдэх болж. Эдгээр баримтуудыг дараах жагсаалтаас харж болно.
Ж.Наран
Сэтгэгдэл ( 3 )
MANGAR LUIBARCHIDAA
MANGAR LUIBARCHIDAA
yahaaaraa ene nam yum bolgoniig huviin gesen neriin dor avah yostoi yum be boli l doo davarch bn aa