Геополитикийн хүрээлэн ТБЭШБ-ын захирал, шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хошууч генерал Д.Мягмар
2010 оны оны 7 дугаар сард Монгол Улсын Их хурал “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” хэмээх нэгэн баримт бичгийг батлан гаргаснаас хойш 2 жил хагас гаруй хугацаа өнгөрлөө.
Албаны хүмүүс уг баримт бичгийг тайлбарлан таниулахдаа “шинэ” гэсэн нэр томъёог хэрэглэж байгаа бөгөөд УИХ-аар баталсан тогтоолоор хуучин буюу 1994 оны Үзэл баримтлалыг хүчингүй болгосон нь асуудлыг ингэж ойлгоход ч хүргэж байгаа юм. Гэтэл анхааралтай уншаад үзэхээр энэ нь хуучин үзэл баримтлалын шинэчлэн тодотгосон хувилбар болох нь тов тодорхой ойлгогдохоор байгаа юм. Өөрөөр ч байх аргагүй. Аливаа улс орон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа нэг бол түүхэн үүргээ гүйцэтгэж дуусгаад цаг үетэйгээ тохирохоо больсон, эсвэл улс орон хөгжлийн цоо шинэ замыг сонгож үндэсний аюулгүй байдлыг хангах огт өөр зорилтуудыг дэвшүүлэн тавьсан тохиолдолд л шинээр боловсруулдаг нь олон улсын жишиг юм. Ийм явдал манайд 1990-ээд оны эхээр тохиолдож байсныг бид мартаагүй байгаа. Ер нь төрийн бодлогод юу юунаас илүүтэйгээр залгамж чанараа хадгалах ёстой зүйл нь төрийн хар хайрцагны бодлого гэж нэрлэдэг агуулгыг дотроо шингээсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал байдаг болно.
Гэхдээ энэ нь тусдаа асуудал юм. Ийм учраас анхны Ерөнхийлөгчийн үед батлагдсан хуучин үзэл баримтлал, хоёр дахь, гурав дахь Ерөнхийлөгчийн үед түүнийг тодотгон шинэчлэх зорилгоор хийгдэж байсан завсрын судалгаанууд, тэгээд энэ шинэ баримт бичгийг харьцуулан судалж үнэлэлт дүгнэлт өгөх нь судлаачдын хувьд сонирхолтой ажил байж болох юм гэдэг бодол төрсөнөө цухас дурьдаад орхих байна.
Ингээд нэгэнт шинээр батлагдсан Үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд энэ салбарт ажилладаг эрдэмтэн судлаачид хувь нэмрээ оруулах ёстой гэж ойлгож байгаагийн хувьд зарим нэг асуудлын, түүний дотор үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үндэсний үнэт зүйлсийн уялдаа холбооны талаар өөрийн үзэл бодлоо уншигч олонтойгоо хуваалцахыг хүссэн маань энэ билээ.
Үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрхэн ойлгох тухайд
Түүхэн уламжлал талаасаа аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын бодлогын мөн чанар нь эцсийн дүндээ бусад улсаас цэрэг, зэвсгийн хүчээр заналхийлэх, түрэмгийлэх нөхцөлд өөрийгөө хамгаалах бололцоо, чадавхийг бүрдүүлэхэд оршиж ирсэн юм.
Үүний зэрэгцээ, ялангуяа ”Хүйтэн дайн” төгсгөл болсноос хойш, энэ ойлголтонд уламжлалт бус аюулаас сэргийлэх буюу эдийн засгийн харьцангуй бие даасан байдлаа хангах, түүхэн уламжлалаа хүндэтгэх, өвөрмөц соёл иргэншилт амьдрал, үндэсний эв нэгдэл, хүн амын эрүүл мэнд, удмын сан, угсаа гарвал, хүрээлэн буй байгаль орчноо хадгалан хамгаалах гэх мэт өргөн утгыг хамааруулах нь бага буюу багавтар орнуудад нэлээд түгээмэл болж байна.
Үүнтэй уялдаатайгаар энэ бодлогын үндсэн агуулга нь хувь хүн, нийгэм, төр гурвын аюулгүй байдал байх нь зүйтэй гэсэн ойлголт зүй ёсоор урган гарч ирдэг юм. Эдгээрийн дотроос Монгол Улсын иргэн, хувь хүн элбэг хангалуун, амгалан тайван амьдралтай, эрүүл саруул байж, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах боловсрох, үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлэх, хуулийн өмнө адил тэгш байх зэрэг олон эрхээр бүрэн хангагдсан, эдгээрийн үр дүнд Эх орноороо бахархах үзлээр төгс хүмүүжсэн байхаас үндэсний аюулгүй байдал ихээхэн шалтгаалах болно гэж бодож байна.
Энэ нь 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд түүний гол агуулгыг үндсэндээ Монголын төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн утгаар тодорхойлсноос арай өөрөөр сонсогдож байж болох юм. Гэхдээ Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд тусгаар улсын хувьд өдөр ирэх дутам өсөж, эдийн засаг харьцангуй тогтвортой өсөж эхэлж байгаа өнөөгийн нөхцөлд энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх төрийн бодлогын төвд манай орны иргэн, хувь хүний аз жаргалтай, элбэг хангалуун, энх амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх асуудлыг тавих цаг болсон хэмээн бодож байна.
Ийм нөхцөлд Монголын нийгэм нь төр, улсдаа үнэнч иргэдээс бүрдэж, үндэсний баялаг, үндэсний бахархалыг бий болгогч, тэдгээрийг агуулагч, хадгалагч, хөгжүүлэгч, уламжлуулагчийн үүргийг биелүүлэн үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйл байх болно. Төрийн тухайд бол удирдах, хамгаалах өөрийн үүргийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн байгуулж, түүнд нөлөөлж болзошгүй гадаад дотоод хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, эдгээрийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюулын хэмжээнд хүргэхгүй байх бодлого явуулах үүргийг хүлээх ёстой болов уу.
Үндэсний үнэт зүйлсийн талаар.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого нь нэг талаас ард түмний материаллаг болон оюун санааны чадавхтай зохицуулан үндэсний үнэт зүйлс, ашиг сонирхлыг тунгаан ойлгосноор, нөгөө талаас тэдгээрийг улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засаг, цэргийн зэрэг бодит үйл ажиллагаагаар баталгаажуулан хамгаалснаар хэрэгжинэ гэж бодож байна.
Миний бодлоор эдгээрээс тухайн орны геополитикийн байршилтай уялдаатайгаар түүхэн хөгжил, нийгмийн материаллаг үйлдвэрлэл болон оюун санаа, соёлын хөгжлийн явцад бүрэлдэн бий болдог үндэсний үнэт зүйлсийг тунгаан ойлгох нь тэргүүлэх чанартай байх бололтой.
Үүнтэй холбогдуулан сүүлийн үед Монголын нийгэмд дэвшигдэн гарч ирсэн хоёр төрлийн үнэт зүйлийн талаар өөрийн бодлыг хэлье.
Нэгдүгээрт. 1990-ээд оны эхээр “пролетарийн интернационализм”-ийн эсрэг нийгмийн хөдөлгөөний эхийг тавигчдын сөргүүлэн гаргаж ирсэн “ардчилалын гэж нэрлэгддэг үнэт зүйлс” орно. Энэ ойлголт нь хүний нийгмийн олон үеийн хөгжлийн явцад хуримтлуулсан гэр бүл, орон гэр, гал голомт, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зэрэг үзэл бодолд тулгуурладгаараа яах аргагүй чухалд тооцогдох үнэт зүйлс юм.
Үүний хажуугаар Монголын нийгмийн сүүлийн жилүүдийн бодит амьдралаас харахад маргах аргагүй эдгээр үнэт зүйл нь барууны орнуудад хэвшил болсон үзэл бодол, нийгэм, амьдралын тухай ойлголт, шашин шүтлэг, биеэ авч явах зарчмыг бидэнд тулган хүлээлгэх хэлбэрийг бас хойноосоо дагуулж яваа нь ажиглагдаж байна. Ялангуяа хувиа хичээх, бусдын хэрэг над огт хамаагүй гэх, мөнгө, хөрөнгө, албан тушаалын төлөө юугаа ч зориулахад бэлэн байх, авилга өгөх, авах, нийгмийн баялагыг шудрага бусаар хувааж авах онц ноцтой болон зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, хүний эрх, эрх чөлөө, ардчилал гэдэг нэрээр дураараа авирлах гэх мэт үзэгдлүүд улам бүр газар авсаар байна.
Гэтэл Монгол Улс нь олон зууны турш хуримтлуулсан эрхэмлэн шүтэх үндэсний үнэт зүйлстэй, бурханы шашинтай, нүүдэлчин ардын бие даасан соёл иргэншлийн уламжлал бүхий орон билээ. Иймд тодорхой чиглэл зорилготой, сэхээ авах зав зайгүй нэвтэрч буй гаднын гэж болох дээрх нөлөөлөл нь хэдийгээр ардчилал хэмээх хүн төрөлхтний эрхэмлэх нийтлэг уриа лоозон дор хийгдэж байгаа ч Монголын нийгмийн уламжлалт ёс суртахуунтай зөрчилдөөн үүсгэх болсон нь ойлгомжтой зүйл юм.
Хоёрдугаарт. Үүний эсрэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сөргүүлэн зөвхөн ”Монгол үндэстний үндэсний үнэт зүйлс” гэгчийг дэвшүүлэн тавих нь тохиолдож байна. Үзэл суртлын олон жилийн хүлээсээс салсан 1990-ээд оны эхээс энэ үзэл баримтлалыг эрхэмлэгчдийн бодлого, үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нүүдлийн Монголын соёл иргэншлийн оюун санааны уламжлал, бурханы шашин, ахуй хөтлөх арга ухааныг голлох, үүн дээрээ тулгуурлан Монголын Их гүрний үеийнхтэй төсөөтэй төр, нийгмийн хатуу дэг журмыг үндэслэл болгосон улс орныг байгуулахад чиглэж байна. Эдгээр хүмүүс нь үүнийгээ их гүрнүүдийн олон янзын санаархал, бүх нийтийг хамарсан даяаршлын үр нөлөөгөөр монголын ард түмэн өөрийн өвөрмөц ахуй соёл, төр улсын уламжлалаа алдах талруугаа явж байна гэсэн үндэслэлээр тайлбарлаж байгаа юм.
Миний бодлоор дээр дурьдсан хоёр төрлийн үнэт зүйлийн аль алийг нь хэт шүтэх буюу үгүйсгэх нь туйлын осолтой бөгөөд Монгол Улсын оршин тогтнох улмаар үндэсний аюулгүй байдлаа хангах нь эдгээрт уужим саруул ухаанаар учир начиртай хандахаас олон зүйл дээр шалтгаалах болов уу.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал, иргэний нийгэм, хүний эрх, эрх чөлөө зэрэг нь Монголын ард түмний ирээдүйн хөгжил, төр улсын оршин тогтнох цаашдын замд хөтлөх гол хүчин зүйлс мөн ч монгол үндэстний уламжлал дээр тулгуурласан өөр хөтлөгч агуулга дутагдаж байгаа нь улам бүр ойлгогдсоор байна.
Үүний зэрэгцээ, зөвхөн нүүдлийн соёл иргэншил, ардын уламжлалт зан заншил, ахуй хөтлөх арга ухаан, дан ганц бурханы шашныхаа тогоонд хязгаарлагдах нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түгээмэл замд хөл нийлүүлэхэд Монголын ард түмэнд шийдвэртэй тус дөхөм болж чадахгүй нь бас тодорхой юм.
Ямарч болов Монголын нийгмийн өнөөгийн бодит байдал нь хувь хүн, нийгэм, төр улсыг хооронд нь холбох шинэ үзэл бодол, үнэт зүйлсийн тогтолцоог зүй ёсоор шаардаж байгаа нь тодорхой бөгөөд энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчлэх эсвэл шинээр боловсруулахын нэг гол агуулга байх ёстой байсан болов уу гэж бодож байна.
Үндэсний шинэ үнэт зүйлс юу байж болох вэ?
Сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн амьдралд бий болоод байгаа бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч байгаа манай нэр хүнд бүхий эрдэмтэд, судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, тэгээд жирийн иргэдийн хэлж ярьж буйгаас харахад өнөөдөр чухлаас чухал болоод байгаа эрхэмлэн шүтэх үнэт зүйлс нь эцсийн дүндээ ҮНДЭСНИЙ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ гэсэн хоёр ойлголтын хүрээнд эргэлдэж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Энэ нь шинэ зүйл биш юм. Монгол үндэстэн өөрсөддөө тохиолдож байсан хүнд бэрхшээлийг нэг үндэстний хувьд эх орноо гэсэн сэтгэлээр нэгдэн нягтарч байж даван гарч байсан, харин эвдрэлцэн муудалцаж байсан үедээ задран сарниж харийн хүний хараат болж байсныг олон зууны түүх гэрчилдэг билээ.
Төгсгөлд нь дүгнэж хэлэхэд хэрэв бид үндэсний үнэт зүйлсийнхээ талаар бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгдсэн ойлголттой, түүнийгээ тойрсон эв нэгдэлтэй байж чадахгүй бол манай улсыг түүхээрээ бахархадаг, ирээдүйдээ бат итгэлтэй, эрх чөлөөт хүмүүс энх амгалан, элбэг хангалуун амьдардаг, төр засаг нь эрх зүйг тулгуур болгодог, иргэдээ дарамтлан дарангуйлдаггүй, үндэсний онцлог, хүн төрөлхтний хөгжлийн ололтыг ухаалгаар хослуулсан, үр дүнтэй эдийн засаг бүхий, цэцэглэн хөгжиж буй орон болгох гэсэн сайхан уриа дуудлага бүхий төр, нийгмийн шинэчлэл маань мухардмал байдалд орж болзошгүй нь ойлгогдож эхэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )